Нийслэл рүү цайруулсан их хэмжээний самар оруулах гэж байсныг Төв аймгийн Жаргалант сумын нутагт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан ЗЦГ-ын Орон нутаг, хурдны замын хяналтын хэлтсийн офицер, ахмад Б.Эрдэнэсүх энэ сарын 12-13-нд шилжих шөнө илрүүллээ. ЗЦГ-аас ургац хураалттай холбоотойгоор орон нутгийн замд хяналт шалгалтаа эрчимжүүлэх зорилгоор “Ургац-2015” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж буй юм. Үүний хүрээнд Дархан-Уул, Сэлэнгийн чиглэлээс Улаанбаатар руу явж байсан “Хино Трак” маркийн автомашиныг шалгахад 12 тн ноосон дунд 5.3 тн хушны цайруулсан самар нуусан байжээ. Энэ үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн бөгөөд автомашиныг Төв аймгийн Баянчандмань сум дахь Замын цагдаагийн тасгийн хашаанд саатуулаад байгаа гэнэ.