Засгийн газраас авиа компаниудыг дэмжих, зорчигч үйлчлүүлэгчдийн тоог нэмэх зорилгоор иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэлх бодлого гаргасан.
Энэхүү бодлогод тусгасан томоохон ажлуудын нэг нь “Чингис хаан” олон улсын нисэх буудалд дамжин өнгөрөх танхим бий болгох юм. Долдугаар сард эхэлсэн тус ажлын явц 85 орчим хувьтай байгаа бөгөөд энэ сард багтаж, ашиглалтад оруулах аж.
Олон улсын, явах зорчигчдын танхим 506 ам метр, ирэх зорчигчдынх 388 ам метрээр тус тус нэмэгдэнэ. Нийт 2088 ам метр талбай бүхий, цагт 1200 орчим зорчигчид үйлчлэх хүчин чадалтай дамжин өнгөрөх танхим нисэх буудлын гуравдугаар давхарт байрлаж байна. Тус давхарт өмнө нь ажилчдын цайны газар болон ажлын өрөөнүүд байжээ.

“Чингис хаан” олон улсын нисэх буудлын захирал Б.Бадрал “Дамжин өнгөрөх танхим байгуулсантай холбогдуулан, Эрхүү хотын “Ир Аэро” компани анхны нислэгээ Улаан-Үдээс Улаанбаатарын хооронд өнгөрсөн долоо хоногт хийсэн.
Манай зорчигчид зөвхөн Москвагаар бус Улаан-Үдээр дайрч, Оросын бусад хотод очих болон дамжин явах боломжтой болж байна. Мөн хоёр хөршийн иргэд манайхаар дайрснаар эдийн засагт ч эерэг нөлөө үзүүлнэ” гэв.

Монголд ирсэн зочид онгоцноосоо хоолойгоор дамжин, хоёрдугаар давхарт ирж, бичиг баримтаа шалгуулах бөгөөд дамжин өнгөрөх хүмүүс гуравдугаар давхарт очихоор зохион байгуулжээ. Уг танхимыг “Анхууш” ХХК засаж байгаа ба 1-3 дугаар давхрын хооронд урсдаг шат хийх ажил үлдсэн байв. Зарим тоног, төхөөрөмжийн үнэ нь багтаад танхимд 1.9 тэрбум төгрөг зарцуулсан байна.
Дамжин өнгөрөх танхим ашиглалтад орсноор 27 хүн нэмж ажилд авна. Түүнчлэн, хөөрөх, буух зурвасын төгсгөлийн 500 м талбайг засах, есөн онгоцны зогсоол шинээр барих зэргээр их засвар хийж байсан юм.
Э.НАМУУН