Сүүлийн өдрүүдэд эрүүл мэндийн салбарын төсөвт байгууллагуудын цалин, урамшууллыг хассан гэж эмч, ажилтнууд нь олон нийтэд мэдээлсэн бол ЭМС-ын сайд Г.Шийлэгдамба үүнийг үгүйсгэв. Өчигдөр энэ асуудлаар Г.Шийлэгдамба сайд, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо (МЭМАҮЭХ)-ны дарга Б.Мягмар нар хамтран мэдээлэл өглөө.
Тэд “ЭМСЯ, МЭМАҮЭХ, Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбооны хооронд байгуулсан 2015-2016 оны хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт хамтын хэлэлцээрт эрүүл мэнд, спортын салбарт ажиллаж буй ажилтан, албан хаагчдыг хөдөлмөрлөх эрх, тэр дундаа цалин хөлс, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлуудыг шийдвэрлэхээр тусгасан байдаг.
Тиймээс тэдний цалин, тэтгэмжийг бууруулах нэг ч тушаал шийдвэр гаргаагүй” гэж мэдэгдэв. Мөн Засгийн газрын 2012 оны 150 дугаар тогтоолын дагуу эмч, ажилтнуудад нэмэгдэл мөнгөн урамшуулал олгосон хэвээр байгаа аж.
Уг тогтоолд хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтад багтсан албан тушаал хашиж буй ажилчин, эх барих, эмэгтэйчүүдийн эмч, хүүхэд, нярайн эмч болон сувилагч нарт үндсэн цалингийнх нь 10 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдлийг сар бүр олгодог юм байна.
Түүнчлэн улирлын болон ажлын үр дүн, гүйцэтгэлийг нь харгалзан, үндсэн цалингийн 10-15 хувийн нэмэгдлийг улирал тутам өгдөг гэнэ.
Тэгвэл эмч, ажилчид яагаад цалин, урамшуулал хассан гэж ярих болсныг тодруулахад ЭМ-ийн сайдын 2010 онд баталсан 123 тоот тушаалыг Г.Шийлэгдамба сайд өнгөрсөн сарын 24-нд хүчингүйд тооцсонтой холбоотой юм байна.
Уг тушаалаар эмч нарын үндсэн цалинг албан тушаалтныхаас 50 хувиас доошгүй нэмэгдүүлж, батлагдсан төсөвтөө багтаан олгож байна гэж заасан ч энэ нь өнөөдрийг хүртэл огт хэрэгжээгүй тул салбарын сайд ийм шийдвэр гаргажээ.
“Энэ мэт цалингийн давхардал, зөрчлийг арилгаж буйгаас биш, ажиллагсдын цалин тэтгэмжийг бууруулаагүй. Дээрх хүчингүйд тооцсон тушаалын оронд Засгийн газрын 1997 оны 88 дугаар тогтоолын хоёр дахь заалтыг хэрэгжүүлэхээр боллоо” гэж Г.Шийлэгдамба сайд хэлэв.
О.БАТ-УНДРАХ