Говь-Алтайд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, хэсэгчилсэн хөл хорио тогтоолоо
Говь-Алтайаймгийн Есөн булаг сумд уржигдар тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал, Бугат сумд очиж, тарваганы мах идсэн иргэн Есөнбулагт ирсний дараа бие нь муудаж, эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд түүнд уг өвчний эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн байна. Үүнтэй холбогдуулан аймгийн Онцгой комиссоос шинжилгээний сорьцыг Зоонозын өвчин судлалын үндэсний төвд илгээж, Бугат болон Есөнбулаг сумд орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлан, өнөөдрийн 17.00 цаг хүртэл хэсэгчилсэн хөл хорио тогтоолоо.
2025-08-05
Монгол Улс шинжлэх ухааны судалгааны нөлөөллийн индексээр 221 орноос 137-д жагсав
Манай улс шинжлэх ухааны судалгааны үнэ цэн, нөлөөллийн индексээр дэлхийн 221орноос 137,Азид 39 дүгээр байрт жагсжээ. Энэхүү эрэмбийг Туркийн эрдэмтэн Мурад Алпер, Чихан Догерын хамтран байгуулсан, Британид төвтэй “AD scientific index” үнэлгээний байгууллага шинжлэх ухааны нээлт, инновацын бүтээгдэхүүний баталгаажуулалт, хувь судлаач, эрдэмтний гүйцэтгэлийн индекс, эрдэм шинжилгээний байгууллага, судалгааны хүрээлэнгийн идэвхтэй үйл ажиллагаа зэрэгт үндэслэн 2021 оноос гаргаж эхэлсэн байна.
2025-08-05
АН, МАН-ын Их хурал есдүгээр сард болно
Улс төрийн намын тухай шинэчлэн найруулж баталсан хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу намууд энэ онд багтаан дүрэм, хөтөлбөр, бүтцээ өөрчлөн Дээд шүүхэд бүртгүүлэх ёстой. Үүний дагуу АН, МАН-ынхан үндсэн дүрмийн өөрчлөлтөө боловсруулж буй юм.
2025-08-05
Бага зэргийн бороо орно
Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 18-23 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 30-35 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.
2025-08-05
Эхийн сүүгээр хооллохыг дэмжих долоо хоног эхэллээ
Эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн долоо хоног өнөөдөр эхэлж байна. “Нэн тэргүүнд эхийн сүүгээр хооллолт: Тогтвортой дэмжлэгт орчин бүрдүүлье” уриан дор олон улс энэ долоо хоногийг өнгөрүүлэх бөгөөд хүүхдээ зургаан сар хүртэл нь дагнаж, хоёр нас хүрэхэд нь бусад нэмэлт хоол өгөхийг ДЭМБ-ынхан зөвлөж байна.
2025-08-04
Еврей нарын “хэрэг”
1952 оны наймдугаар сарын 12-нд Еврейн фашизмын эсрэг хорооны 12 гишүүнийг Москвад буудаж хороов. ЗХУ-д гадаадаас тусламж авхуулах зорилгоор уг хороог Эх орны дайны үед байгуулсан ч нацист Германыг ялсны дараа Зөвлөлтийн Засгийн газрын байр суурь өөрчлөгдсөн байна. Сталин зөвлөлтийн сэхээтнүүдийг Өрнөдийн өмнө бөхөлзлөө хэмээн 1946 онд хатуу ширүүн шүүмжлэв. Фашизмын эсрэг еврейн хороо ч хэлмэгдүүллийн шинэ давлагаанд өртөж, гишүүдийг нь еврейн үндсэрхэг үзэл гаргалаа, АНУ-ын талд тагнуулын үйл ажиллагаа явууллаа гэж буруутгав. Тэднийг байцаахдаа зэрлэгээр зодож, хийгээгүй хэргийг хүчээр хүлээлгэх гэж оролдсон байна. Тус хорооны эсрэг өдөөсөн энэ хэрэг бүхэлдээ зохиомол болохыг нь 1955 онд хүлээн зөвшөөрч амийг нь золиослосон бүх гишүүнийг нэхэн цагаатгасан аж. Энэ явдлыг түүхэнд “Цаазлуулсан яруу найрагчдын шөнө” гэх болсон аж.
2025-08-04
Баян-Өлгийн Засаг дарга асан А.Гылымханы холбогдсон үйлдлүүдийг шүүхээр шийдвэрлүүлнэ
Баян-Өлгий аймгийн Засаг дарга асан А.Гылымханы холбогдсон өөр хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэж, гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр орон нутгийнх нь шүүхэд шилжүүллээ. Тэрбээр өмнө нь тус аймаг дахь зарим газар, уул ус, багийн нэрийг өөрчилсөн хэрэгт холбогдож, шүүхээс гэм буруутай гэж дүгнэн Эрүүгийн хуулийн 19.16-1 дэх хэсэгт заасны дагуу нийтийн албанд томилогдох эрхийг нь таван жил хасаж, 14 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн юм.
2025-08-04
Авто болон дугуй засвар, угаалгын газруудыг шалгаж байна
Нийтийн эзэмшлийн зам, талбай буюу зориулалтын бус газарт авто болон дугуй засвар, машин угаалгын үйл ажиллагаа явуулж, хоёрдогч түүхий эд худалдаалж буй нийт 188 байршилд нийслэлийн Хяналт шалгалтын газрынхан төлөвлөгөөт бус шалгалт хийж эхэлсэн байна.
2025-08-04
Шинжлэх ухааны нэгдсэн цогцолборын барилгуудыг хэсэгчлэн ашиглалтад оруулж эхлэв
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт барьж буй Шинжлэх ухааны нэгдсэн цогцолборын гол барилгуудыг энэ сард ашиглалтад оруулсан бол оффисын зориулалттай байгууламжийнх нь ажлыг 2025 онд багтаан дуусгахаар төлөвлөснийг Эдийн засаг, хөгжлийн яамнаас мэдээллээ. Тус яамны болон Барилгын хөгжлийн төвийн мэргэжилтнүүд өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр цогцолборын барилгын явцтай танилцаж, үлдсэн ажлыг нь төлөвлөсөн хугацаанд дуусгах чиглэл өгчээ.
2025-08-04
Ерөнхий сайд НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгохоо мэдэгдэв
Ерөнхий сайд Г.Занданшатар НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгоно хэмээн мэдэгдлээ. Тэрбээр Засгийн газрын үйл ажиллагаа, төсөв, татварын асуудлаар баримталж буй бодлого, чиглэлээ танилцуулсан богино хэмжээний видео контентынхоо үеэр хоёр сайн мэдээ дуулгасны нэг нь 2026 оны улсын төсвийг иргэд, олон нийтийн оролцоотой боловсруулах байсан бол нөгөөх нь НӨАТ-ын буцаан олголтыг дээрх хэмжээнд хүргэх байв.
2025-08-04