Засгийн газрын 2023 оны арваннэгдүгээр сарын 8-ны хуралдааны шийдвэрийн дагуу Мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын эмнэлгийн барилгын шавыг тавьж байв. Найман давхар тус барилгын ажлын гүйцэтгэл өдгөө 95 хувьтай ч хөрөнгө оруулалт саатсанаар ашиглалтад оруулах хугацаа нь хойшилсоор буй гэнэ. Тиймээс шаардлагатай үлдэгдэл хөрөнгийг шийдвэрлэх, тоног төхөөрөмжийн тээвэрлэлт, ашиглалт, хамгаалалтад анхаарч ажиллахыг, мөн барилгыг энэ сард багтаан ашиглалтад оруулах үүргийг салбарын сайд нь холбогдох албаныханд өгчээ.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга Д.Нарансүх “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал, хяналттай уялдсан урьдчилан сэргийлэлтийн тогтолцоог бүрдүүлэх зорилгоор салбарын хэмжээнд тогтолцооны шинэчлэл хийж буй. Үүний хүрээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, УИХаар хэлэлцүүлэхэд бэлэн болгоод байгаа. Асуудлыг илүү өргөн хүрээнд авч үзэх, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхэд шинэ эмнэлэг нэн шаардлагатай” гэсэн юм.
М.Гэгээ