Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт барьж буй Шинжлэх ухааны нэгдсэн цогцолборын гол барилгуудыг энэ сард ашиглалтад оруулсан бол оффисын зориулалттай байгууламжийнх нь ажлыг 2025 онд багтаан дуусгахаар төлөвлөснийг Эдийн засаг, хөгжлийн яамнаас мэдээллээ. Тус яамны болон Барилгын хөгжлийн төвийн мэргэжилтнүүд өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр цогцолборын барилгын явцтай танилцаж, үлдсэн ажлыг нь төлөвлөсөн хугацаанд дуусгах чиглэл өгчээ.
Шинжлэх ухааны нэгдсэн цогцолбор нь үндсэн долоон барилга, байгууламжаас бүрдэж буй. Одоогоор хими, физик, ботаникийн лаборатори, тусгай зориулалтын агуулах гэсэн таван барилгыг ашиглалтад оруулж, улсын комисст хүлээлгэн өгчээ. Харин хоёр блок бүхий 16 давхар, оффисын зориулалттай барилгын угсралтын ажил өдгөө үргэлжилж байгаа гэнэ.
Эл цогцолборыг ашиглалтад оруулснаар ШУА-ийн харьяа хүрээлэнгүүд болон их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын 3300 гаруй эрдэмтэн, судлаач олон улсын стандартад нийцсэн, салбар дундын нэгдсэн, төрөлжсөн лаборатори, сургалт, үйлдвэрлэлийн жишиг орчинд ажиллах нөхцөл бүрдэх аж. Алсдаа үүнийг шинжлэх ухаан, технологи, инновац, танин мэдэхүйн төв болгох зорилготой гэв.
Н.Мишээл