Ерөнхий сайд Г.Занданшатар НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгоно хэмээн мэдэгдлээ. Тэрбээр Засгийн газрын үйл ажиллагаа, төсөв, татварын асуудлаар баримталж буй бодлого, чиглэлээ танилцуулсан богино хэмжээний видео контентынхоо үеэр хоёр сайн мэдээ дуулгасны нэг нь 2026 оны улсын төсвийг иргэд, олон нийтийн оролцоотой боловсруулах байсан бол нөгөөх нь НӨАТ-ын буцаан олголтыг дээрх хэмжээнд хүргэх байв. Энэ талаар “Би УИХ-ын даргаар ажиллаж байхдаа буюу 2023 оны аравдугаар сард НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувийг тав болгож нэмэгдүүлэх цахим өргөдлийг “D-Parliament” системд гаргасан. Энэ санаачилгыг зургаан хоногт 105 мянган иргэн дэмжиж, гарын үсэг зурсан ч тухайн үеийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан хэрэгжүүлж чадаагүй. Харин одоо Ерөнхий сайдын хувиар уг санаачилгыг дахин гаргаж, хэрэгжүүлэхээр үе шаттай ажлууд хийж байна. Энэ бол манай Засгийн газрын хийхээр зорьж буй татварын цогц реформ, шинэчлэлийн нэг хэсэг” гэв.
Ж.Сувд