ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Утга зохиол судлалын салбарын эрдэм шинжилгээний дэд ажилтан Б.МөнхЭрдэнийн кино шүүмжийг уншигчдадаа хүргэж байна. Тэрбээр урлаг, утга зохиолын салбарт ус, агаар шиг дутагдаж буй шүүмж судлалаар мэргэшсэн залуу судлаачдын нэг бөгөөд энэ чиглэлээр зохион байгуулсан томоохон уралдаануудад идэвхтэй оролцдог нэгэн юм. Б.Мөнх-Эрдэнэ хамгийн сүүлд МУИС-иас өнгөрсөн онд зохион байгуулсан “Утга зохиол, урлагийн шүүмж бичвэрийн улсын уралдаан”-д “Г.Аюурзанын фатализм” бүтээлээрээ дэд байр эзэлсэн.
ХХ зуун түүх болон улираад 25 жил болжээ. Энэ хугацаа үндэстний урлаг соёлын түү¬хэнд богинохон мэт боловч хүн төрөлхтний сэтгэлгээний түүхийн хувьд хамгийн хурдацтай, үсрэнгүй хөгжил гарсан, цахимжсан, олон нийтийн сүлжээ дэлхийг бүрхсэн, магадгүй виртуал нийгэм, ертөнц бий болсон, хөгжлийн нэгэн өвөрмөц үеийг туулж байна.
“Виртуал бодит байдал нь уран сайхны бүтээлийн хүрээнд ч уран сэтгэмжийн дүрийн бүхэл бүтэн ертөнцийг буюу хүн амыг “нутагшуулсан” бөгөөд эдгээр дүрүүд нь хөгжмийн болон уран зургийн шинэ боломжууд, бүжгийн цомнолууд, утга зохиол болон уран яруу найргийн шинэ бүтээлүүд төрөн гарах буюу хэлбэржих үндэс суурь болж өгсөн” (Большаков, Иконникова, 2016).
Нийгэм цаг үеийн өөрчлөлт хувирал, хү¬мүү¬ ний танин мэдэхүйн цар хүрээ өргөжин тэлж, гүнзгийрэхийн хэрээр чухам энэ л үзэгдэл үйл явц, мөн чанарыг тусгадаг нэг ёсны “нийгмийн толь”, “амьдралын сурах бичиг” болсон урлаг нь мөн л хувьсан өөрчлөгдөж, баяждаг нь хүн төрөлхтөн хийгээд соёл иргэншлийн түгээмэл жам ёс гэдгийг судлаачид онцгойлон тэмдэглэж иржээ. Энэ л зүй тогтлын үүднээс шинэ зуунд манай урлаг, уран сайхны сэтгэлгээнд ихээхэн өөрчлөлт гарч буй. Энэ өөрчлөлтийг цаг алдалгүй багцлан, алдаа оноог нь шүүн хэлэлцэх нь судлаачдад тулгарч буй чухал асуудлын нэг билээ. Энэ ч үүднээс тухайн үеийн нийгмийн байдал урлагийн сэтгэлгээнд хэрхэн нөлөөлөв гэдгийг нарийвчлан тодруулах шаардлага, цаг хугацаа нь ч нэгэнт ирсэн гэж бид үзэж байна. Эл үеийн урлаг, уран зохиол, тайз, дэлгэцийн бү¬тээлийг тоймлон судалсан судалгаа одоогоор бараг үгүй гэж хэлэхэд хилсдэхгүй. Тиймээс бид энэхүү судалгааны хоосон орон зайд өчүүхэн ч атугай хувь нэмэр оруулах үүднээс эл бичвэрээр монголын кино урлагт гарч буй шинэлэг туршилт, эрэл хайгуул болон алдаа дутагдал нь юунд оршиж буйг 2024 онд нээлтээ хийсэн кинонуудын жишээгээр авч үзэхийг хичээлээ.
Кино бол өөртөө бүх урлагийг багтааж чаддагаараа хамгийн өргөн цар хүрээтэй урлаг юм. Уран зураг, уран зохиол, уран баримал, уран барилга, дуу, хөгжим, бүжгийг кинонд үзүүлж, сонсгож болдог бөгөөд амьтныг тоглуулж болдгоороо циркийг ч өөртөө нэгтгэж чаддаг юм. Харах, сонсох мэдрэхүйгээр хүнд хүрдэг бөгөөд орон зай, цаг хугацааны хязгааргүй боломжтойгоороо бусад урлагаас ихээхэн давуу талтай билээ.
Кино бол урлаг ч, бизнес ч, бас үзэл суртал ч мөн. Эдгээрийн зүй зохист хослол. Аль нэг нь хэтийдвэл утга чанараа алдана. Энэ цаг үед харамсалтай нь кино урлаг шинжээ алдаж, бизнесийнх нь давамгайлчихсаныг хэн хүнгүй хэлж ярьж, бичсээр буй.
“Кинотеатруудын менежментийн холбоо”ноос гаргасан 2024 оны монгол кино үзэгчдийн тоон мэдээллээс үзвэл тус онд нийт кино театрын хэмжээнд 2 726 869 тасалбар борлуулсан бөгөөд үүний 43.2 хувь нь буюу 1 178 516 үзэгч дотоодын уран бүтээлийг үзжээ. Тус онд хамгийн олон үзэгчтэй бүтээлээр “Зура-3” кино 302 616 үзэгчээр тэргүүлж, “Хэлгүй жим-2: Дада”-146.959 өөр удаалж, “Үхлийн тойрог” 100 180, “Зүүдний кафе” 79 922, “Баавгай болохсон” 67 222 үзэгчдээр айрагдсан байна.
Хэдийгээр техник, технологийн хүчин чадал ихээхэн дээшилж, дэлхийн хамгийн шилдэг тоног төхөөрөмж нэгэнт орж ирсэн, дуу, дүрсний болон пост продакшны технологи зохих хэмжээнд хүрч шинэчлэгдэн, монгол кинонуудын “зүс царай” илэрхий сайжирсан ч гэлээ чанаргүй, муу бүтээлүүд гарсан хэвээр л буй.
“Сайхан зохиол бидэнд баатрынхаа тухай чин үнэнийг өгүүлж байдаг бол муу зохиол бидэнд зохиолчийнхоо тухай жинхэнэ үнэнийг өгүүлж байдаг” гэсэн Ж.К.Честертоны үг байдаг. Энэ зөвхөн бичгийн зохиолд хамаарах зүйл биш, ерөөс урлагийн бүхий л төрөл зүйлд хамаарна. Тэр дундаа өнөөгийн манай кино салбарт маш их хамааралтай болчхоод буй. Кино бол хамтын бүтээл, нийлэг урлаг мөн ч “Усны эх нь булингартай бол адаг нь булингартай” гэг¬ чээр муу зохиолоор сайн кино бүтээх үндэс байхгүй. Киноны уран бүтээлчид сайн зохиолоор ангаж цангаж суудгаас цангасан хүн бохир түү¬ хий усыг ч яаран уудаг шиг түүхий зохиолыг шүү¬рэн авч боловсруулах гэж арга ядсан байдал ихээхэн ажиглагддаг. Сүүлийн үед бү¬тээсэн кинонуудын зохиолыг мэргэжлийн туршлагатай зохиолч бичсэн нь тун ховор. Ихэвчлэн киноны уран бүтээлч, найруулагч, продюсер нь өөрсдөө бичдэг. Тэд жүжигчин дутахад өөрсдөө кинонд тоглодог шигээ кино зохиолыг өөрсдөө биччихнэ гэж боддог бололтой. Тэд киноны онцлогийг сайн мэддэг ч үйл явдал өрнүүлэх, үг хэлээр дүрийн зан төрхийг илэрхийлэх авьяас чадвар хомс тул уран бүтээлд нь ихээхэн алдаа дутагдал гарах шалтгаан нь болсоор буй. Энэ мэт саар зүйлсийг тоочоод байвал кино урлаг дахь алдаа дутагдал, зовлон бэрхшээл мундахгүй ээ.
МОНГОЛ КИНО ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД...
Саяхан болтол монгол кино гадаадын зах зээлд өөрийн зохих байр суурийг эзэлж ашиг орлого олж, алдартай кино фестивалиудаас шагнал хүртэхийг харах нь хэн бүхний мөрөөдөл байлаа. Судлаач, шүүмжлэгчид “Мэдээж кино бү¬тээгч, үзэгч гээд хэн хүнгүй л монгол кино гадаадын зах зээлд цахиур хагалж, ашиг орлого хүүдийлж, нэр хүндтэй наадмуудын шагналыг хамж монголын кино урлаг дэлхийд цоллуулах өдрийг мөрөөддөг байх. Гэвч кино түүхийн 120 жилийн хугацаанд тасралтгүй нэг л жимээрээ урагшилсаар нүсэр бүтэц, тогтолцоо, соёлыг бий болгосон хөгжингүй улс гүрнүүдтэй бид өрсөлдөж чадах уу гэдэг нь асуудал. Юутай ч өнөөгийн нөхцөл байдлаар, ойрын ирээдүйд ч тэр бид өндөр өртөгтэй блокбастер үйлдвэрлэж холливудтай өрсөлдөж чадахгүй нь үнэн. Тиймээс Холливуд зүг рүү хараалах бидний шийдэл биш. Дэлхийн зах зээлд өрсөлдөх кино гаргатал ч хол байна” (Тэгшзаяа, 2015) гэхчлэн бичиж байсан цаг саяхан. Гэтэл монгол кинонууд Азийн төдийгүй дэлхийн томоохон кино наадамд шалгарч, тэргүүн шагнал хүртэж эхлэв. 2024 оны хувьд Монголын кино урлагийн түү¬хэнд тэмдэглэгдэхүйц томоохон амжилттай жил болж өндөрлөлөө. Тухайлбал, П.Золжаргал найруулагчийн “Баавгай болохсон” кино Каннын кино наадамд шалгарсан анхны монгол кино болов. Түүнчлэн найруулагч П.Лхагвадуламын “Сэр сэр салхи” 19 дэх удаагийн Осакагийн Азийн олон улсын наадмын “Шилдэг кино” тэргүүн шагналыг хүртэж, мөн киноны гол дүр Б.Тэргэл “Шилдэг шинэ авьяас” шагналын эзэн болж, 80 дахь удаагийн Венецийн олон улсын наадамд амжилттай оролцов. Бас найруулагч Ж.Сэнгэдоржийн “Чимээгүй хотын жолооч” кино Эстонийн Таллин хотод зохион байгуулдаг дэлхийн кино урлагийн А зэрэглэлийн “Хар шөнө” кино наадмаас гран при болон “Шилдэг зураач”ийн шагнал хүртэж, “Osaka asian film festival 2025”с “Азийн шилдэг жүжигчин”(Best actor award) шагналыг киноны гол дүрийн жүжигчин А.Түвшинбаяр хүртэв. Мөн найруулагч Б.Чингүүний “Enlightened” кино АНУ-ын “New York movie awards-2024” олон улсын кино наадмын шилдэг киногоор шалгарч, гран при хүртлээ.
Мөн онд манай кино уран бүтээлчид гадаадын уран бүтээлчидтэй хамтран кино төсөл хийж эхэлсэн сайхан жил байлаа. Тухайлбал, “Хү¬лэгү пикчерс” компани, БНСУ-ын “Кортоп медиа” компанитай хамтран “Өмнөдийг зорих замд”, “Dream entertainment”-ийнхэн Тайландын “White light” кино компанитай хамтран “Үхлийн тойрог” киног бүтээж, хоёр оронд нээлтээ хийв. Тус хамтын ажиллагааны талаар судлаач Я.Баяраа “Энэ бол монголчууд ямар нэг зээл тусламжаар биш, ах, дүү орнуудын найрамдалт харилцааны хүрээнд биш, кино сангийн дэмжлэгээр биш, цэвэр бизнесийн зорилгоор гадаадын ижил төст компанитай хамтран ажиллаж, бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээсэн анхны тохиолдол юм. Ямар боловч монголчууд хөрөнгө, хөдөлмөр шингэсэн бүтээлээ Өмнөд Солонгосын өрсөлдөөнт кино зах дээр аваачаад тавьчихлаа. Энэ бол шинэ мөнгөний зам юм. Мөнгө Монгол руу урсах эхлэл юм. Үргэлж бусдын гарыг харж дадсан Монголын урлагт гарсан өөдрөг, шинэ эхлэл. Энэ эхлэл, энэ туршлагыг харин мөнгөөр хэмжих боломжгүй” (Баяраа, 2024) хэмээжээ.
БИДНИЙ НҮЦГЭН ҮНЭН
“Бодит байдлыг илчлэхийн тулд нүцгэн (хэвтэх) үнэний хүчийг эрэлхийлэх хэрэгтэй” (The Routledge encyclopedia of film theory, 2014: 304)
Нэг үеийн хоёр эмэгтэй найруулагч гэр хороололд амьдрах өсвөр насны хөвгүүдийн амьдралаар дамжуулж, бидний нүцгэн үнэнийг дэлгэцнээ дэлгэн тавьсан нь монгол кино урлагийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээлээ. Тэсэн ондоо бүтээлүүд мэт боловч гол дүрүүд нь хоёулаа өсвөр насных, нэг нь сурахын тулд олон бартаа саадыг давж буй бол нөгөө нь сурахын хажуугаар өв уламжлалаа тээж явах үүргийг нуруун дээрээ үүрсэн жирийн л хоёр хүүгийн тухай. Ингээд бодохоор монголд амьдарч буй өсвөр насныхан хүртэл ямар их ачааг нуруун дээрээ үүрч явдгийг, сурч боловсрохын тулд хэчнээн олон саад бэрхшээлийг давдгийг гайхалтай үзүүлж чаджээ. Энэ хоёр бүсгүй нэг зүйлийг хоёр талаас нь өөр өөрийнхөө арга барилаар харуулжээ.
Урлаг, уран сайхны үзэгдлүүдийг хамгийн ерөнхий, хийсвэр, тойм байдлаар реалист ба реалист бус чиглэл хэмээн хоёр том ангилалд хуваадаг билээ.
“Үнэн байдлаас эх авч түүний мөн чанар утга учрыг яруу сайхнаар утгачлан (үнэн зөв) гаргаж үзүүлэх уран туурвилын аргын хэв төлөвийг реализм гэнэ”
(Гаадамба, 1989: 233).
Урлаг судлаач Г.А.Недошивины үзсэнээр “бодит байдал, амьдралын үнэнийг тусгаж чадах цорын ганц чиглэл нь реализм” билээ. Энэ утгаараа реализм амьдралын үнэн хэмээх ойлголттой гүн гүнзгий холбогддог. Реализм гэдэг нэр томьёог нэгдүгээрт, бодит амьдралыг үнэн зөв тусгах зарчмуудыг хэрэгжүүлэх уран бүтээлийн арга, хоёрдугаарт, уран зохиолын тодорхой дэг сургууль, бие даасан чиглэл гэсэн утгаар хэрэглэдэг. Уран бүтээлийн энэ аргын гол шалгуур нь юмс үзэгдлийг байгаагаар нь үнэн дүрслэх зарчим бөгөөд уран сайхны дүрийн зан төрх, нөхцөл байдал, хэв шинжийг бүрдүүлэх өвөрмөц барилаар дамжин илэрдэг. Ерөнхийг тодорхой хэлбэрээр, зүй тогтлыг үзэгдлийн хэлбэрт шилжүүлэх нь реалист урлагийн гол хууль болно. Энэ бол дүр, юмс үзэгдлийг учир зүйн холбоо, хөгжил хөдөлгөөнд нь бодитой дүрслэх, үйл явдлын гол шинжийг нээн, оюун санаа хийгээд амьдралын нөхцөл байдлын онцлогтой уялдуулсан “үнэн байдлын дүр зураг” болгон хувиргах зарчим болно. Амьдралын бодит байдлыг түүний нийтлэг шинжүүдээр нь үнэн зөв дүрслэн харуулах зорилго бүхий урлаг, уран зохиолын чиглэл. Латин хэлний биетэй, бодитой гэсэн утга бүхий үгээс гаралтай нэр томьёо болно. Тус урсгалын зорилго нь урлагаар дамжуулж бодит байдалд шүүмжлэлтэй хандах явдал юм.
“Найруулагч нийгмийн реализмын уламжлалаар Монголыг дэлхийд нээж өгчээ”
(Фрэдэрик Штраусс)
“Кино найруулагчийн хувьд ч “хэлбэр” арга барил нь амин чухал үүрэгтэй байдаг. Кино зураг авалт хийхийн тулд сэдэв (санаагаа зөв хүргэх), хүссэн төгсгөлдөө ямар хэлбэрээр хүрэх зэргээ шийдэх хэрэгтэй болдог. Түүнчлэн камераа хаана байрлуулах, өөр өөр байрлалаас авсан дүрс эргээд үзэгчдэд ямар нөлөө үзүүлж болохыг найруулагчид тунгаан шийдэх хэрэг гардаг. Үйл явдал бүрийг гол дүрийн өнцгөөс харуулах уу, эсвэл эн тэнцүү байдлаар зөвхөн дээрээс үзүүлэх үү гэдгээ зохиогч найруулагчийн сонгосон хувилбараар шийддэг. Аяыг сэтгэл түгшээх, эсвэл намуухан гэх мэтээр сонгодог шиг гэрэлтүүлгээ ч мөн ялгаагүй, бүүдгэр эсвэл хэт тод гэрэлтэй байлгах уу гэдгээ сонгоно” (Майкл Райн, 2018: 28).
Монголын нийгмийн нүцгэн үнэнийг шүүмжлэхийн тулд найруулагч П.Золжаргал реализмын аргыг сонгосон нь тун ч оновчтой шийдэл болсныг хэлэх гээд дээрх баахан онолын үгсийг эш татчихлаа. “Баавгай болохсон” бүтээл нь баримтат киноны хэлбэр хийцтэй, хэт бодит (реалист) өнгө аяс, дүрслэлтэй. Киноны уг зохиол, зураг авалт, жүжигчдийн тоглолт дээр илүү дутуу хэтрүүлэг, жүжиглэлт, уран сайхны халил, уянга үгүй. Яг л өнөөгийн манай орны бодит байдал, нүцгэн үнэнийг дүрслэлийн хэлээр буулгасан бүтээл юм. Улаанбаатар өвөлдөө утаатай, зундаа өмхий. Асуудлыг бид улирлын чанартай мартаж, санана. Бид ийм байдалд дассан бололтой. Үүнийг л найруулагч шүүмжилсэн байна. Бидний мөрөөдөл, бидний асуудал, бидний цөхрөлийг их энгүүнээр нүцгэнээр нь дэлгэн үзүүлсэнд энэ киноны гол онцлог оршино.
Киноны нэр нь өөрөө их бачуурлыг илтгэнэ. Нэр нь шууд болон далд утгатай. Баавгай нь тэсвэр тэвчээр, эр зоригийн бэлгэ тэмдэг билээ.
“Бүгдээрээ баавгай байсан ч болоосой. Өвөлжин ичээд, ханиад хүрэхгүй, даарахгүй гоё байхгүй юу...”
Шууд утгаараа киноны нэр нь аргаа барсан хүний үг юм. Баавгай болоод ичих хүсэл. “Би дүү¬лэн нисэх шувуу болох сон” гэж гэгээнээр хүсэж мөрөөддөг хүүхдүүдийг ингэж хэлтэл нь шархлуулсан цөвүүн нийгмийн нүцгэн үнэнийг ийн бэлгэдэж. Харин нөгөө талаараа монголчууд бид ямар их тэсвэр тэвчээртэй, тэнэг хүмүүс вэ гэдгийг илтгэж. Басхүү оюун санааны хувьд бид ямар доройтолд орчихсон буйг бэлгэдсэн байна.
“Үзэгч, уншигчдын сэтгэлийг хөдөлгөж таашаал мэдрүүлж чадах, эсэх нь уран бүтээлчийн үг болон дүрслэлийн сонголтоос шууд хамаарна” (Майкл Райн, 2018: 43).
Кино хэдий реалист аргаар бүтсэн ч дүрслэлийн элементүүд, киноны зохиолын нарийн жижиг зүйлс нь далд бэлгэдэл, дүрст зүйрлэл (visual metaphor)-ээр бүтжээ. Олон зүйлийг далдуур сануулсан зургийн план (suggestive framing) ашиглан үзэгчдэд дэлгэн харуулдаг. Кинон дээр хүүхдүүд хөзөр тоглодог сцен гардаг. Харахад энгийн л нэг гэр бүлийн уур амьсгал өгсөн сцен шиг харагдах ч дүү нар нь бүгд Өлзийг газраас мод ухуулж байгаа нь амьдралын хамаг ачаа ахынх нь нуруун дээр ирж байна гэсэн илэрхийлэл болов уу гэж бодогдмоор. Метафор ийм үл анзаарагдам байхдаа амттай байдаг.
“Түүнчлэн уг киног онцгойруулах бас нэг найрлага нь түүний дүрслэл болоод өнгө тавилт юм. Уран сайхны гоо зүйд анхаарсан боловч реализмаа хэзээ ч алдаагүйгээрээ гайхалтай.
Тодруулбал, киноны зураглалыг яг зөв өндрөөс кадрлаж, харууцыг амьд хийгээд сайхан харагдах тэр өнцгөөс гаргаж ирэхийг хичээсэн нь мэдэгдэнэ. Ийнхүү дүрслэлээ зүрх сэтгэлтэй болгосноор хүнд хэцүү нөхцөл байдлын зураглал ч тэгтлээ горь тасарсан шинжтэй болоогүйгээрээ тайзны тавилтын энэ сонголт төгс болсон байна. Энэ сонголтын ачаар үзэгч олны нүдэнд нөхцөл байдал хоногшин үлдэх аж. Өөрөөр хэлбэл, амьд оршихуй зүгээр л өөрийгөө мэдэгдэхэд тус болсон энэхүү сонголт нь аливаа хэтрүүлэггүй юм. Ингэснээрээ өгүүлэгдэж буй түүх нь киноны явцад үзэгчдэд маш ойр байхын сацуугаар кино дууссаны дараа ч үлдэж хоцрохуйц болжээ. Тиймээс ч, кино зураглаач Дэлгэржаргалын Даваанямд халуун баяр хүргүүштэй” (PAR Geoffrey Nabavian, 2023).
Киног чимсэн уран хийц бүхий хэсгээс жишээ татан бичвэл: “Та нар намайг алмаар байна уу, пизда нар аа?”
Киноны эхний үзэгдэл хар дэлгэц болон энэ санаанд оромгүй цочмоор өгүүлбэрээр эхэлдэг. Хэр хүнд хараалын үг вэ гэдэг нь биш, хэр жаахан хүүхэд үүнийг хоолой мэдэн хашхирч байна аа гэдэг нь илүү санаа зовоомоор тийм хэсэг. Камер “ажиллаж” эхлэх үед дөрөв орчим насны эрэгтэй хүүхдийг гурван ах эгч нь өмдийг нь шувтлаад орон дээр доош харуулан дарж байдаг. “Юу л болоод байна даа” гэж санаа зовж эхлэх үед камерын дүрсэнд тэдний ээж орж ирэн, жаал хүүгийн бархирч буйн шалтгаан тодорхой болж, сэтгэл амарч, бүр инээд ч хальт хүрнэ.
Энэхүү үзэгчдийн анхаарлыг өөртөө бат татах эхний үзэгдэл монгол гэрт болох боловч камер “гадаа гарах” үед үйл явдал болж буй газар нь хөдөө нутаг биш, утаа суунагласан Улаанбаатарын гэр хороолол гэдэг нь тодорхой болдог.
Өвдсөн дүү нь эмчид үзүүлж буй хэсэгт “гүнзгий амьсгалаад, гүнзгий амьсгалаад” гэж эмчийн хэлж буйг утаатай хоттой хамтатган харуулж буй нь “олон таван” үггүй маш хүчтэй илэрхийлэл байв.
“Манай аав мянгат малчин байлаа. Нэг зуднаар л тал нь үрэгдсэн дээ” гэх хүүгийн яриагаар энэ айл яагаад хот бараадсаныг, хөрш өвгөний “Хоёр сайхан хүүтэй байлаа, ганц зуднаар гэдэг шиг нэг ослоор хоёулаа...” гэх товчхон харилцан яриагаар тэдгээр дүрийн өнгөрснийг ярайтал гаргаж ирдэг. Энэ мэт кинонд дулаахан, хөнгөн хөгжилтэй, бухимдмаар, тайван, сэтгэл уярам, бодууштай гээд бидэнд төрөл бүрийн сэтгэл хөдлөлийг мэдрүүлэх хэсгүүд гардаг. Энэ мэт¬ чилэн зураг авалт, эвлүүлэг, хөгжим, дуугаралт, зохиолын бүтэц гээд бүхий л тал дээр найруулагч өөлөх зүйлгүй сайн ажилласан байна.
ЯДУУРЛААС ГАРАХ ТҮЛХҮҮР-БОЛОВСРОЛ
“Ядуурлыг арилгах хамгийн шилдэг арга бол боловсрол. Энэ бол зөвхөн Монголын ч асуудал биш. Хүүхэд бүрд тийм боломж олдох ёстой. Би хамгийн сайн ахлах сургуульд суралцаад, тэндээсээ Японд тэтгэлгээр суралцсан учраас хувийн туршлагаасаа ярьж байна. Өнөөдөр би гурван хэлээр ярьдаг, өөрийгөө болгоод явж чаддаг. Киногоор дамжуулж хэлэх гэсэн бүх сэдэв, санаа минь энд байгаа учраас би буцаж ирсэн. Харин найзууд минь нөгөөх л хорлонт тойрогт үлдэж гацсан хэвээрээ”
(П.Золжаргал)
“Монголын нийслэл Улаанбаатар хотноо, ядуу амьдралтай өсвөр насны нэгэн хүү гэр бүлээ авч явах, эсвэл өөрийн гэсэн сайхан ирээдүй мөрөөдөх гэсэн хоёр туйлын хооронд эргэцнэ. Монголын кино найруулагч Пүрэвдашийн Золжаргал маш сайн хийгдсэн энэхүү анхны бүрэн хэмжээний уран сайхны кинондоо хөгжиж буй энэ улс даяар мэдрэгдэж байгаа зөрчилдөөнийг хувь хүний туулж буй амьдрал замналд багтаан харуулжээ. Ингэхдээ, хөгжил дэвшил рүү алхах замд нь уламжлал нь орхигдон хаягдаж буйтай уялдаж, аргагүй болсон олон хүн ядуурлын түвшнээс ч хамаагүй доор унаж байгаа өнөөгийн Монголын төрхийг дүрсэлсэн байна” (Nikki Baughan, 2023).
Энэ л бидний үнэн байдал. Өөрийнхөө үнэн байдалтай нүүр тулж, хүлээж авах угаас гашуун байдаг шүү дээ. Ядуурлаас гарах ганцхан түлхүүр бий. Тэр нь боловсрол гэдгийг ойлгуулж, гол дүрийн хүүхдүүд одоо хэцүүхэн байгаа ч ирээдүй нь гэрэлтэй гэдэг итгэлийг өгөөд кино дуусдаг.
“Чухамдаа Бурхны сургаалд заадагчлан зовлонг арилгахын тухай зовлонгийн шалтгааныг олж огтолж устгах хэрэгтэйг онцолдог. Зовлонгийн нэг том шалтгаан нь ихэнхдээ мунхгийн харанхуйгаас үүдэлтэй. Үүнийг нь ертөнц хорвоогийн юмс үзэгдлийн мөн чанар барилдлагыг мэдэрч мэдсэний үндсэн дээр таслан арилгаж гэтлэх боломжтой бөгөөд энэ нь алив зүйлийг мэдэх ойлгон сурах боловсролыг хэлээд байгаа хэрэг. Хэрэв та сайн боловсролтой бол түүний үр ачаар элбэг дэлбэг, тайван амгалан амьдрах бүрэн боломжтой тогтолцоо бүхий нийгмийг цогцлоон бүтээхийг зорьж амьдарч байгаа билээ. Сайн чанартай боловсролын тэгш хүртээмж өнөөдрийн нэн тулгамдсан бүх асуудлын түлхүүр, гарц гаргалгаа болоод байгаа тийм л цаг үед бид хамтдаа амьдарч оршиж байна”
(Цогтбаяр, 2024). Үргэлжлэл бий