1952 оны наймдугаар сарын 12-нд Еврейн фашизмын эсрэг хорооны 12 гишүүнийг Москвад буудаж хороов. ЗХУ-д гадаадаас тусламж авхуулах зорилгоор уг хороог Эх орны дайны үед байгуулсан ч нацист Германыг ялсны дараа Зөвлөлтийн Засгийн газрын байр суурь өөрчлөгдсөн байна. Сталин зөвлөлтийн сэхээтнүүдийг Өрнөдийн өмнө бөхөлзлөө хэмээн 1946 онд хатуу ширүүн шүүмжлэв. Фашизмын эсрэг еврейн хороо ч хэлмэгдүүллийн шинэ давлагаанд өртөж, гишүүдийг нь еврейн үндсэрхэг үзэл гаргалаа, АНУ-ын талд тагнуулын үйл ажиллагаа явууллаа гэж буруутгав. Тэднийг байцаахдаа зэрлэгээр зодож, хийгээгүй хэргийг хүчээр хүлээлгэх гэж оролдсон байна. Тус хорооны эсрэг өдөөсөн энэ хэрэг бүхэлдээ зохиомол болохыг нь 1955 онд хүлээн зөвшөөрч амийг нь золиослосон бүх гишүүнийг нэхэн цагаатгасан аж. Энэ явдлыг түүхэнд “Цаазлуулсан яруу найрагчдын шөнө” гэх болсон аж.
1949 оны нэгдүгээр сарын 23-нд зохиолч Давид Бергельсоны хаалгыг нүдэж ням гаргийн өглөө эрт нойрноос нь сэрээв. Бергельсон үүдээ нээж өгвөл ширэн цувтай эрчүүд дайран орж ирээд нэгжлэг хийж эхэлжээ. Гэрийн эзний хувийн эд зүйлсийг нь хүүдийнд хийгээд гадаа гаргаж хаялаа. Марина охин өвөө Давид Рафаиловичаа дахиж харсангүй. Марина болон эцэг, эхийг нь 1953 оны эхээр ардын дайсны гэр бүлийнхэн гэж үзэж цөлөв. Харин Сталин нас барснаар хатуу цээрлэл шийтгэлийг цуцлав. Тэгэхдээ Бергельсоны хувь заяа хэрхсэн талаар удаан хугацаанд чимээгүй байсан ч төрөл төрөгсөд нь гашуун үнэнийг сүүлд олж мэджээ. Зохиолчийг эх орноосоо урвасан гэж буруутган 1952 оны долоодугаар сарын 18-нд буудан алах ял оноож, уг шийдвэрийг наймдугаар сарын 12- нд гүйцэтгэсэн байна.
Бергельсон Зөвлөлтийн үргэлжилсэн үгийн то¬моохон зохиолчийн тоонд ордог байв. Иргэний дайны дараа тэрбээр Европ руу гарч янз бүрийн орнуудад аж төрж, еврейн хэвлэлийнхэнтэй хамтран ажиллаж байжээ. 1930- аад оны эхээр Зөвлөлтийн эрх баригчид түүнийг еврейн автономит муж байгуулах ажил өрнөж байсан Алс Дорнодод очихыг урив. Зөвлөлтийн тусгай албадын нэрд гарсан зүтгэлтэн Павел Судоплатовын дурссанаар еврейн автономи байгуулах нь Алс Дорнодод хилийн дэглэмийг чан-гаруулахад л Сталинд хэрэгтэй байсан болохоос биш, тэнд еврейн улс байгуулах бодол түүнд ер байсангүй. Еврейн автономит муж гээч нь Зөвлөлтийн удирдагчийн бодлоор хятадууд хийгээд ЗХУ-ын хилийг байн байн зөрчөөд байсан Хятадад суурьшсан цагаан цэргүүдэд тавих хаалт л болох ёстой байжээ. Зөвлөлтийн хязгаар нутагт очоод Бергельсон атар газар эзэмших анхны шан татаж буй хүмүүсийг дүрслэх, тус газар орны хатуу ширүүн байгалийн тухай бичихээр материал цуглуулж байлаа. Маринагийн үзэж байснаар тус нутаг Бергельсонд ер таалагдахгүй байж. Тиймээс Москвад буцаж очив. 1930-аад онд гол бүтээл нь болох 1905 оны хувьсгалын өмнөх үйл явдлын талаар өгүүлсэн “Денепр дээр” гэдэг зохиолоо бичсэн байна.
Эх орны дайны жилүүдэд Бергельсон Фашизмын эсрэг еврейн хорооны ажилд идэвхтэй оролцож байв. Тус хороо нь олон улсын еврейн байгууллагаас ЗХУ-ыг дэмжих зорилгоор бий болгосон байгууллага юм. Энэ хороонд зохиолч Илья Эренбург, Самуил Маршак, кино найруулагч Сергей Эйзенштейн, эрдэмтэн Петр Кацица, төв эмнэлгийн ерөнхий эмч Борис Шимелинович болон Зөвлөлтөд нэр хүндтэй олон хүн гишүүнээр нь элссэн байв.
Хорооны удирдагч авьяаслаг жүжигчин, Москвагийн еврейн театрын ерөнхий найруулагч Соломон Михоэлсийг 1943 онд АНУ-д айлчлуулжээ. Судоплатовын ярьснаар түүнийг явахын өмнө Лаврентий Берия дуудаж уулзаад Америкийн еврейчүүдтэй өргөн хэлхээ холбоо тогтоохыг зааварчилсан аж. Судоплатовын үгэнд итгэвэл Зөвлөлт засаг Америкийн олон нийтийн дэмжлэг хүлээж, металлургийн болон нүүрсний аж үйлдвэрийг хөгжүүлэхэд тэндээс зээл авахаар төлөвлөж байжээ. Михоэлс зорилгоо гялалзтал биелүүлсэн ч түүний энэ амжилт Сталинд сэжиг төрүүлэв. АНУ-аас мөнгө татах ажлыг Зөвлөлтийн эрх баригчид “Крым дэх Калифорни” буюу Крымд еврейн социалист улс байгуулах үзэл санаатай холбохоор төлөвлөсөн нь цагаа гайхалтай олсон үйл хэрэг болсон нь эндхийн татаруудыг нүүлгэн шилжүүлснээр ихээхэн газар чөлөөлөгдсөн. Ийм замаар ЗХУ-ыг сэргээн бос-гоход зориулж Сталин Өрнөдөөс 10 тэрбум ам.доллар авахаар тооцож байв.
Крымд еврейн улс байгуулах асуудлыг Москвад еврейчүүд төдийгүй дээд зиндаанд ил тод ярилцаж байлаа. Энэ асуудлыг Ялтын бага хуралд бэлтгэж байх үед Зөвлөлт, Америкийн хооронд ч ярилцаж л байсан. Гэтэл 1946 оны сүүлийн хагаст Сталины байр суурь өөрчлөгдөв. Гадагш дүрвээд буцаж ирсэн, Зөвлөлтийн еврей нар амьдралын нөхцөлөө сайжруулахыг шаардах болсон нь түүний дургүйг хүргэжээ. Тэднийг буян санасангүй гэж үзээд Судоплатовын гэрчилснээр еврейн эсрэг кампанит ажлыг Сталин өөрийн биеэр удирдан хийх болжээ. Энэ кампанит ажлын оргил нь еврей эмч нарыг ЗХУ-ын дээд удирдлагын хэд хэдэн хүний аминд хүрсэн хэмээн буруутгасан “Эмч нарын” гэх хэрэг болов. Тэгээд одоо нэгэнт хэрэгцээгүй болсон нөгөө фашизмын эсрэг еврейн хороог устгахыг уриалах боллоо. 1946 оны арваннэгдүгээр сарын 19-нд Намын төв хорооны Гадаад бодлогын хэлтсийн дарга (хожим нь Зөвлөлтийн гол үзэл сурталч болсон) Михиал Суслов уг хороог хаах саналыг Нарийн бичгийн дарга нарын газарт илгээв. Тэрбээр фашизмтай хийх тэмцэлд хилийн чанадад байгаа еврей хүн амыг дайчлах, ЗХУ-ын ололт амжилтыг гадаадын хэвлэлд сурталчлах нь тус хорооны зорилго байх ёстой хэмээн тэмдэглэсэн байна. Тус хороо Зөвлөлтийн бусад ард түмний амьдрал, үйл ажиллагааны тухай ам нээхгүй байсан нь Сусловын дургүйг бас хүргэв. Сусловын илгээсэн баримт бичигт “Фашизмын эсрэг еврейн хорооны үйл ажиллагаа хилийн чанадад ч, ЗХУ-ын дотор ч улам бүр еврейн үндсэрхэг үзлийн шинжтэй болж байгаа учраас улс төрийн хувьд хортой, тэвчишгүй байна” гэж өгүүлжээ. Хорооны бүхий л үйл ажиллагааг еврейн асуудлаарх ленинч-сталинч үзэлд харшилж байна гэж Суслов дүгнэв. Энэ баримт бичиг Сталин, Берия, Молотов болон Зөвлөлтийн бусад удирдагчийн ширээн дээр очсон байна. Дурсамж бичигчийн ажигласнаар байдал 1947 онд бүр муудаж, еврей нарыг аюулаас хамгаалах байгууллагын офицерын албан тушаалд авахгүй байх заавар гарав. Эзэнгүйдүүлэх үзлийн эсрэг кампани Сталин эхлүүлснээс хойш дунд түвшний удирдлага, намын жирийн ажилтнууд еврейн эсрэг үзлийг намын албан ёсны бодлого гэж үзэх болов. “Еврей үндэстэн Зөвлөлтийн иргэд Өрнөдийн ертөнцийг үзэх үзлийг баримтлах болсон тул тэд Зөвлөлтийн төрд үнэнч байх учиргүй гэж үзэх болсон нь надад ойлгомжтой боллоо” гэж Судоплатов бичсэн байна.
Дэлхийн газрын зурагт Израил гэх улс бий болов. ЗХУ-ын удирдлага түүнд болон Зүүн Европт нөлөөтэй болохоор тооцож, тус улсыг даруй хүлээн зөвшөөрч, түүнтэй дипломат харилцаа тогтоов. 1948 оны есдүгээр сард шинээр байгуулсан Израилын ЭСЯ-ны Голда Меир тэргүүтэй ажилтнууд Москвад ирлээ. Тэдний урам ихэд хугарчээ. Зөвлөлүүдийн орон тэдэнд сэжигтэй, дайсагнасан хандлагатай байж, Зөвлөлтөд буй садан төрөлтэйгөө уулзахыг зөвшөөрөхгүй байв. ЭСЯ-ны ажилтнуудтайгаа еврейн шинэ жил тэмдэглэхээр Москвагийн гол сүмд очсон нь байдал ийм болоход нөлөөллөө гэж хатагтай Мейр үзэв. Баяр ёслолоор энд 100-200 хүн л ирж мөргөл үйлддэг байсан бол 1948 оны есдүгээр сард 50 мянган хүн ирсний дотор цэргийн албан хаагчид, хүүхдүүд, хаант засгийг санагалзсан хөгшид ч байлаа. Никита Хрушев дурсамждаа “Мейр Зөвлөлтийн еврей нарын дунд эрчимтэй үйл ажиллагаа явуулж эхэлсэн тул Сталин түүнийг буцааж явуулсан” гэж бичсэн байдаг. Үнэн хэрэгтээ Давид Бен-Гурионы Засгийн газарт Голда Мейр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллах болсноор Москвагаас явсан аж. Москвад еврейн театр, сонин хэвлэлийн газрыг хаав. Таван сар өнгөрөхөд Орост еврейн гэсэн ганц ч байгуулага үгүй болсон байлаа.
Хүйтэн дайн эхэлснээр Өрнөдөөс материаллаг тусламж авах ЗХУ-ын бүх найдлага тасрав. Цаашдаа еврей нарын холбоо оршин тогтнох хэрэггүй болсон төдийгүй Михоэлсийг Минскэд урьж Белорусын Аюулаас хамгаалахын сайд Лаврентий Цанавын зуслан дээр аваачиж амийг нь хороогоод энэ гэмт хэргээ хотын захад ачааны машинд дайруулсан болгож далдалсан аж.
Хороог нь 1948 оны эцсээр Улс төрийн товчооны тогтоолоор татан буулгахдаа “Зөвлөлтийн эсрэг суртал нэвтрүүлгийн төв байж, гадаадын тагнуулын байгууллагад тогтмол мэдээлэл өгдөг байсан” гэж уг шийдвэрт өгүүлжээ. Судоплатовын нотолсноор ЗХУ-ын хуучин удирдлагыг сольж аюул учруулахааргүй шинэ хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэхийг Сталин хүсэх болсон байв. Тухайлбал, ихэд хичээнгүйлэн нуудаг байсан Бериягийн еврей гарал угшилтайг нь Сталинд хүмүүс илтгэсэн байлаа. Дээр өгүүлсэн Голда Мейр болон түүний охинтой дотно харилцаатай, өөрийгөө еврейн ард түмний охин гэдэг байсан Вячеслав Молотовын гэргий Полина Жемчужинаг баривчлав. Анастас Микояны эсрэг мэдүүлэг ч олоод авчхаж. “Эмч нарыг баривчлсаны дараа Сталины үйлдэл илт еврей нарын эсрэг шинж чанартай болоод байтал Каганович еврейн үзлийг илчилсэн материал сонинд бичихийг Сталин санал болголоо. “Би чинь еврейн үзэлтэй ямагт тэмцсээр ирсэн хүн шүү дээ” гэж надад хэллээ. Энэ нь Сталиныг нас барахаас сар, сар хагасын өмнө болсон явдал бөгөөд еврей нарыг Москвагаас “сайн дураар албадан гаргахаар бэлтгэж байсан үе” гэж Микоян дурсамждаа бичжээ.
1944 оны эхээр 110 еврей зохиолч, яруу найрагч, эрдэмтэд хэлмэгдэлд өртөв. Энэ ажиллагаа бараг гурван жил үргэлжилж, бүрдүүлсэн эрүүгийн хэргийн материал нь 42 боть болж, буруутгагдсан бүх хүнийг тагнуул хийснээ хүлээхийг шаардаж тамлан яргалжээ.
Академич эмэгтэй Лина Штернийг 1949 оны эхээр баривчилж, тагнуул хийсэн, Зөвлөлтийн эсрэг суртал нэвтрүүлэг явуулсан, алан хядах ажиллагаа үйлдэхээр зэхэж байсан гэж буруутгав. Аюулаас хамгаалахын сайд Абакумов түүнийг өөрийн биеэр байцаасан ч ахи¬маг насны энэ эмэгтэй урьдчилан бэлтгэсэн буруутайгаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэгт гарын үсэг зурсангүй. Нөхдөө, түүний дотор Молотовын гэргий Жемчужинаг илчлэхийг ээлжлэн байцаах түшмэд түүнээс шаардаж байлаа.
Хэлмэгдэгсдийг ил шулуун дэмжиж байсан цөөн хүний нэг эрдэмтэн Николой Гамалея 1949 оны хоёрдугаар сарын эхээр, 90 нас хүрэхэд хоёр долоо хоног дутуу байхдаа Сталинд захидал бичиж, еврейн ард түмэнд дайсагнасан хандлагыг дээрээс хэн нэгний үл үзэгдэх гараар чиглүүлээд буйг онцлоод, тодорхой хүн нэрлээгүй ч еврейн эсрэг үзлийн улмаас нэр алдартай олон эрдэмтэн академуудын хананы гадна үлдээд тэдний байрыг хэн ч үл мэдэх авьяас чадваргүй хүмүүс эзлээд байна хэмээн бичжээ. Сталинаас энэ захидалд хариу ирүүлсэнгүй, харин Гамалеяг насных нь ойгоор Лениний одонгоор шагнажээ. Эрдэмтэн маргааш нь Засгийн газрын тэргүүндээ хоёрдахь захидлаа бичсэн ч удирдагчаасаа хариу авч чадалгүй 1949 оны гуравдугаар сарын 29-нд хорвоог орхив.
Фашизмын эсрэг еврейн хорооны гишүүдийг тамлаж, өөрийн үйлдлээр Сталины ч гайхлыг төрүүлж байсан Абакумовыг 1951 оны долоодугаар сарын 12-нд баривчилжээ. Үйл явдлын өрнөлд энэ огт нөлөөлсөнгүй. Лина Штернд гурван жил, зургаан сар хорих ял өгч, дараа нь түүнийг цөллөгийн таван жил хүлээж байлаа. Олон алуурчин өөрсдийнх нь гарт золиос болсон хүмүүсийнхээ тавиланг эдэлсэн байна. Лаврентии Цанав шоронд нас барж, Абакумов 1954 онд буудуулжээ.
ЗХУ-ын эрх баригчид Фашизмын эсрэг еврейн хорооны хэргийг 1988 онд дахин сөхсөн байдаг, ЗХУКН-ын Төв хорооны комисс еврейн хорооны гишүүдийг хууль бусаар хэлмэгдүүлсний хариуцлагыг мөрдөн шалгах, шүүн таслах ажиллагаанд шууд оролцож байсан Георгий Маленков хүлээх ёстой байж хэмээн үзсэн. Сталины орлогч байсан түүний тухай мөнөөх Павел Судоплатов ч номдоо бичжээ. Маленков 1988 оны нэгдүгээр сарын 14-нд 86 настайдаа амьсгал хурааж. Еврей нарыг цэвэрлэхэд тэндээс амьд үлдсэн сүүлчийн хүн болох ЗХУ-ын баатар Леонид Бубер үүнээс 17 жилийн дараа 2005 оны есдүгээр сарын 7-нд хорвоог орхисон байна.
Р.Жаргалант