Нийтийн эзэмшлийн зам, талбай буюу зориулалтын бус газарт авто болон дугуй засвар, машин угаалгын үйл ажиллагаа явуулж, хоёрдогч түүхий эд худалдаалж буй нийт 188 байршилд нийслэлийн Хяналт шалгалтын газрынхан төлөвлөгөөт бус шалгалт хийж эхэлсэн байна.
Нийтийн тээврийн бодлогын газар, нийслэлийн Байгаль, орчны газар, дүүргүүдийн холбогдох мэргэжилтнүүд өнгөрсөн баасан гарагт Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй тос, тосолгооны материал худалдаалах, авто болон дугуй засвар, угаалгын газруудыг хянаж шалгажээ. Шалгалт хийж дууссаны дараа нэгдсэн дүн, зөрчлийн талаар мэдээлэх аж. Авто тээврийн тухай, Барилгын тухай, Хог хаягдлын тухай зэрэг холбогдох олон хууль, журмыг хэрхэн хэрэгжүүлж буйг үнэлэх, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, аюулгүй байдлыг хангуулж ажиллажээ. Уг хяналт шалгалтыг нийслэлийн төвийн зургаан дүүрэгт хийж буй аж.
Ч.Туяа