Аадар бороо өчигдрөөс эхлэн энэ сарын 13-ныг дуустал ихэнх нутгаар үргэлжлэн орох төлөвтэй байгааг цаг уурын байгууллагаас сэрэмжлүүллээ. Тухайлбал, өчигдөр нийслэл төдийгүй баруун аймгуудын хойд, төв, зүүн бүсийн ихэнх говийн хойд хэсгээр аадар бороо орсон юм. Цаг уурын энэ нөхцөл байдалтай холбогдуулан болзошгүй үер усны аюулаас сэрэмжлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлийн Онцгой комиссын шуурхай штабынхантай цахимаар хуралдаж, үүрэг, чиглэл өгөв. Тухайлбал, Туул, Дунд, Сэлбэ голын эрэг дагуух айл өрх, албан байгууллагын аюулгүй байдлыг хангах, болзошгүй аюулаас сэргийлэх, мэдээ мэдээллийг шуурхай, хүртээмжтэй зохион байгуулах, үүссэн нөхцөл байдлын хариу арга хэмжээг яаралтай авах, шаардлагатай тохиолдолд ажиллах хүн хүч, техник хэрэгсэл, удирдлага зохион байгуулалтаар хангах, мэргэжлийн байгууллагууд уялдаа холбоотой ажиллахыг чиглэл болгов.
Мөн ОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штабаас нийслэл, 21 аймгийн Шуурхай штабтай цахим хурал хийж, цаг үеийн асуудлаар үүрэг, чиглэл өгсөн байна. Тодруулбал, мэргэжлийн анги, техник хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдал, уялдаа холбоог хангах, үерийн эрсдэл бүхий газруудад хаалт, далан босгох, суваг, шуудуу татах, элс, хайрга урьдчилан бэлтгэн байршуулах, ажиллах техник хэрэгслээр хангахыг үүрэгджээ.
Улаанбаатар хотод өчигдөр 09.0010.00, 13.00-14.00, 17.00-18.00 цагт түр зуурын аадар бороо орсны улмаас зарим зам усанд автаж, нийслэлчүүд уламжлалт “уртын харайлт”-даа гарцгаасан. Харин өнөөдөр нийслэлд түрш зуурын бороо төвийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай, аадар орох аж. Иймд гэнэтийн аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг цаг уурын байгууллагаас анхааруулав. Цаашид ихэнх нутгаар аадар бороо орж, энэ сарын 9-нд Алтайн уулархаг нутаг, 10-нд говь, тал, хээрийн нутгаар салхи зарим үед секундэд 13-15 м хүрч ширүүсэх гэнэ.
Ташрамд, БНХАУ-ын Бээжин хотын Цаг уурын газраас өчигдөр орой 18.00 цагаас өнөөдөр 05.00 цагийн хооронд хамгийн хүчтэй хур тунадас бууж болзошгүй байгааг мэдээлжээ. Энэ хугацаанд зарим бүс нутагт зургаан цагийн дотор хур тунадасны хэмжээ 150, зарим цэгт 200 мм-ээс давах төлөвтэйг анхааруулсан байна. Уулын бэл, намгархаг бүсээр усан үер, шавар болон чулууны нуранги, хөрсний гулсалт зэрэг байгалийн гамшиг тохиолдох өндөр эрсдэлтэй байгаа тул БНХАУ-д ажиллаж, амьдарч буй болон зорчих иргэдийг эрсдэл бүхий бүс нутгаар явахгүй байхыг Монгол Улсаас тус улсад суугаа Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэв.
Ч.Туяа