Монгол Улсын хил, гаалиар хуурамч бүрдүүлэлт, бичиг баримтаар гарган Өмнөд Солонгосоор дамжуулан Францад 10 гаруй жилийн өмнө хүргэсэн үлэг гүрвэлийн чулуужсан олдворуудыг 2025 оны арванхоёрдугаар сарын 8-нд эх оронд нь эгүүлэн өгч, дээжийг нь батламжийн хамт Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрамд гардуулсан билээ. Францын нийслэл Парис хотноо тус улсын Төрийн сан, үйл ажиллагааны сайд Амели де Мончалин Монголоос гаралтайг хууль, шүүхийн байгууллага нь баталсан тарбозавр батаарын бүтэн шахам чулуужсан яс, бусад 200 гаруй төрлийн олдворыг хүлээлгэн өгсөн талаар бид өмнө нь хоёр ч цуврал нийтлэлээрээ уншигчдад хүргэсэн. Харьд хууль бусаар гаргасан үлэг гүрвэлийн олдворууд, түүх, соёлын бусад дурсгалыг буцаан авахад Монгол Улсын нэгдэн орсон конвенц чухал үүрэгтэй баримт бичиг байсныг энэ удаа онцолъё.
Уг олдворуудыг эгүүлэн өгөх арга хэмжээний үеэр БНФУ-ын Төрийн сан, үйл ажиллагааны сайд Амели де Мончалин “Тэртээх 70 сая жилийн өмнө дэлхий ертөнц ямар байсан тухай ойлголт бүдэг энэ цаг үед эртний тарбозаврын дэргэд бид ямар өчүүхэн бэ гэдгийг ойлгуулах шиг. Дэлхий ертөнц ямар байсныг, хүн төрөлхтөн яаж нэгддэгийг гэрчилсэн үйл явдал болж байна. Энэ утгаараа амьдралд ховор тохиох мөч юм. Тиймээс ийм онцгой нандин зүйлийг монголчуудад эргүүлэн өгч байгаадаа Францын ард түмэн бахархаж буйг хэлэхийг хү сэж байна” хэмээн өгүүлсэн юм.
МОНГОЛЫН ПАЛЕОНТОЛОГИЧДЫН АЖЛЫН ҮР ДҮНГ ДЭЛХИЙ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРДГИЙН ИЛРЭЛ
АНУ-д хууль бусаар худалдах гэж байсан тарбозавр батаар болон бусад үлэг гүрвэлийн чулуужсан олдворын дуулианаар Монголын баялгийг хил давуулан борлуулдаг олон улс дамнасан “мафи”-ийн үйл ажиллагаа дэлхий нийтийн анхаарлын төвд орсон гэхэд хилсдэхгүй. Монголоос хэн, хэн гэгч хэрхэн хилээр гаргасан, аль аль улсын иргэд хамтран хааш нь борлуулсан, гадаадын арилжааны палеонтологич гэх наймаачид Монголд ирж байсан, эсэх зэргийг цагдаагийн ажилтнууд маш сайтар мөрдөж тогтоосноор бид олон сая жилийн настай чулуужсан олдворуудаа далайн чанадын орноос буцаан авч чадсан билээ. Түүний дараа Өмнөд Солонгост хураагдсан 11 хайрцаг бүхий үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг ч буцаан авсан юм. Эдгээр олдворыг холбогдох байгууллагынхан шинжлэх ухааны эргэлтэд оруулж, судалгаа шинжилгээ хийгээд зогсохгүй, заримыг нь дэглэн олон нийтэд толилуулж буй.
Харьд хууль бусаар гаргасан үлэг гүрвэлийн чулуужсан олдворуудыг буцаан авахад үндэстэн дамнасан гэмт бүлэглэлтэй тэмцсэн цагдаагийн мөрдөгчдийн үйл ажиллагаанаас гадна палеонтологийн шинжлэх ухаанд өөрсдийгөө зориулсан эрдэмтэн мэргэдийн олон жилийн уйгагүй хөдөлмөр, судалгааны үр дүн чухал нөлөөтэй байсан гэдэгтэй маргах хүн гарахгүй нь лавтай. Францын хууль сахиулах байгууллагынхны хураасан, шүүх нь Монголынх гэдгийг баталгаажуулж, өнгөрсөн сард манай улсад албан ёсоор хүлээлгэн өгөөд буй үлэг гүрвэлийн чулуужсан олдворуудыг эх оронд нь буцаах ажилд палеонтологийн шинжлэх ухааны эрдэмтэд онцгой гавьяа байгуулсан. Бельги, Францын болон манай эрдэмтэд тухайн олдворууд Монголын говиос гаралтай гэдгийг хөдөлбөргүй баталж чадаагүй бол харийн наймаачдад алдах нь гарцаагүй байсан юм. Өөрөөр хэлбэл, хэрэгт холбогдсон Франц, Германы иргэдэд олдворуудыг буцаан олгох шийдвэр шүүх нь гаргаж байв. Тус улсад суугаа Монгол Улсын ЭСЯ-ныхан, тэр дундаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У.Нямхүү, Консулын ажилтан А.Ганхэт тэргүүтэй хүмүүсийн шаргуу зүтгэл, ССАЖЗЯ-ныхан зэрэг төрийн олон байгууллагын ажилтнуудын хөдөлмөрийн үр дүн тэгэхэд талаар болж болох байлаа. Парис дахь манай ЭСЯ-ныхан Францын туршлагатай өмгөөлөгчийг ажиллуулаагүй бол Францаас олдворуудаа буцаан авч чадахгүйд хүрч, чулуужсан олдворуудын хууль бус наймаачдын үйл ажиллагааг өөгшүүлэх байсан юм. Энэ бүхэнтэй эвлэрэхгүй, тууштай, шаргуу байж Монголдоо чулуужсан олдворуудыг буцаан авч чадсан Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ЮНЕСКО-гийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч У.Нямхүү, Консулын ажилтан А.Ганхэт, ССАЖЗЯ-ны газрын дарга Б.Даваацэрэн, О.Мэндсайхан тэргүүтэй албаны хүмүүсийн хамтын ажиллагааны үр дүн билээ.
Харин Францад хураагдаад байсан 217 олдворыг Монголынх гэдгийг шинжлэх ухааны нотолгоотойгоор батлахад алдарт эрдэмтэн Бямбын Ринченгийн хүү, академич Р.Барсболд агсан болон ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн эрдэмтэн, Шинжлэх ухааны гавьат зүтгэлтэн, доктор, профессор Х.Цогтбаатар, АНУ-д ажиллаж амьдарч буй палеонтологич М.Болорцэцэг тэргүүтэй эрдэмтэн, судлаачдын олон жилийн нөр их хөдөлмөрийг эш үндэс болгосон байдаг. Тэднийг гадаад орнуудын палеонтологичид хүлээн зөвшөөрдгийн илрэл юм.
АНУ-ЫН ЖИШГИЙГ ФРАНЦЫН ШҮҮХ ДАГАЖЭЭ

Францын хууль бус наймаачдын гарт орсон манай үлэг гүрвэлийн чулуужсан олдвор болох протоцератопс, овираптор, тарбозаврын араг яс, хэсгүүдийг Хятадынх хэмээн гаалийн бүрдүүлэлт хийж, 40 000 ам.доллароор наймаалцсан баримтыг Францын Лион хотын шүүхийн шүүгч олдворуудыг хохирогч талд олгох тухай тогтоолдоо дурдсан байдаг. Уг тогтоолд “Чулуужсан яснуудыг өөрийн хилээр гаргах ямар нэгэн зөвшөөрөл Монгол Улс олгоогүй, харин ч Монголын Засгийн газрын холбогдох албаны зөвшөөрөлгүйгээр хилээр гаргах нь тухайн улсын дотоодын хууль, тогтоомжийг зөрчсөн үйлдэл болохыг энэхүү шүүх ажиллагааны хүрээнд олж тогтоолоо. Монгол Улсаас гаралтай чулуужсан араг яснуудыг тухайн улсын хүсэлтээр АНУ-ын эрх бүхий байгууллагаас буцаан олгосон жишиг байгааг энэхүү хэргийн хүрээнд харгалзан үзэх шаардлагатай. Битүүмжлэгдсэн эд зүйлсийг багцаар нь хууль ёсны өмчлөгч буюу Монгол Улсын Засгийн газарт эргүүлэн олгоход ямар нэг эсрэгцэх хүчин зүйл байхгүй. Эдгээр битүүмжлэгдсэн эд зүйлс нь Лион хотын Байгалийн түүхийн музейд хадгалагдаж буй бөгөөд шилжүүлэн авах ажиллагааг Лионы Санхүүгийн мөрдөн байцаах албаар дамжуулан эрх зүйн харилцан туслалцах хүсэлт шийдвэрлэх журам болон хүсэлт гүйцэлдүүлэх ажиллагааны хү рээнд зохион байгуулах боломжтой” хэмээн шүүгч Эллис Ямани нь шийдвэрлэсний дагуу Монгол Улс албан ёсоор хүлээн аваад байгаа.
Энэ хэрэгт манай улсын эрх ашгийг хамгаалж оролцсон “Souliez lariviere advocats” фирмийн өмгөөлөгч Аурилиа Гриньон “Хууль бусаар хил дамнан худалдсан эдгээр чулуужсан олдворыг Монголоос гаралтай гэдгийг нотолж, батлахгүйгээр Франц улс хуулийн дагуу буцаан өгөх боломжгүй нөхцөлд байсан. Тиймээс эхний ээлжид нотолж байж буцаах шийдвэрт хүрэх ёстой. Энэ үе шатанд ихээхэн хугацаа шаардсан. Хуулийн ямар шаардлагуудыг биелүүлэх, ямар шат дарааллаар явах гээд олон асуудал байлаа. Монголын тал эдгээр асуудлыг даван туулж, чулуужсан олдворуудыг буцааж авахын тулд маш их хүчин чармайлт гаргасан юм шүү. Монголын тал бүх талаар дэмжин ажилласны үндсэнд бид ийнхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу үлэг гүрвэлийн чулуужсан олдворуудыг буцааж Монгол Улсад хүлээлгэн өгч томоохон амжилт гарган, шийдвэрлүүлж чадлаа” гэсэн юм.
ЮНЕСКО-ГИЙН ГИШҮҮН ОРНЫ ХУВЬД ХҮЛЭЭСЭН ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭВ

Монгол Улс ЮНЕСКОгоос 1970 онд Парис хотноо баталсан Соёлын үнэт зүйлсийн хууль бус экспорт, импорт, түүнчлэн өмчлөх эрхийг шилжүүлэхийг хориглох, тэдгээрээс урьд чилан сэргийлэх арга хэмжээний тухай конвенцод нэгдэн орж, 1991 оны нэгдүгээр сард хууль тогтоох дээд байгууллага буюу тухайн үеийн Ардын Их Хурлаас соёрхон баталсан түүхтэй. Энэ конвенцод нэгдэн орсноор бид соёлын өвийн хууль бус худалдааны явцад хил давуулж, харьд борлуулсан эд өлгийн зүйлс, археологи, палеонтологийн олдворуудаа буцаан авах эрх зүйн ор чин бүрдсэн байдаг. Хэдийгээр энэ конвенц хэт ерөнхий заалттай ч гэлээ “хулгайлагдсан” үлэг гүрвэлийн чулуужсан олдвор болох 28 багц, 200 гаруй палеонтологийн дурсгалыг үүний хүрээнд Францад амьдардаг наймаачдаас буцаан авч чадсан юм.
Уг олдворуудыг Францын талаас Монголд хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээний үеэр ЮНЕСКО-гийн Соёлын салбарын захирал Криста Пиккат “Энэ үйл явдал зөвхөн Монгол, Франц Улс төдийгүй ЮНЕСКО, түүний хамтын нийгэмлэгийн гишүүн орнуудын хувьд түүхэн үйл явдал юм. Хулгайлагдсан олдворууд, эсвэл эд өлгийн зүйлсийг тухайн улс болон хамтын нийгэмлэгт буцааж өгөх тохиолдол бүр бидний хувьд тэмдэглэхүйц томоохон баярт мөч болдог. ЮНЕСКО нь 1970 оны конвенцын хүрээнд эртний олдворуудын хууль бус наймаатай тэмцэхэд анхаарч ажилладаг. Энэ хүрээнд олон улсын түвшинд стандарт тогтоох боломжийг бүрдүүлдэг төдийгүй олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, залуу үеийнхэнтэй хамтран ажиллах, мөн хууль бус наймаатай тэмцэхэд мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх зэрэг ажил хийж хэрэгжүүлдэг. Жишээлбэл, гааль, цагдаа, соёлын өвийн мэргэжилтнүүд тэргүүтэй олон төрлийн оролцогч талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь чухалд тооцогддог. Энэ удаагийн чулуужсан олдворуудыг эх оронд нь буцааж өгч буй үйл явдал бол Монгол, Францын мэргэжилтнүүд, шинжлэх ухааны байгууллагууд болон Францын гаалийн ажилтнуудын хяналт, мэргэжлийн ур чадварын үр дүнд амжилттай болж буй тохиолдол” гэсэн юм.
ЮНЕСКО-гийн 1970 оны конвенцын “Соёлын үнэт зүйлс” гэдэгт археологи, түүхийн өмнөх үе, түүх, утга зохиол, урлаг, шинжлэх ухааны ач холбогдолтой гэж улс бүр үзэж байгаа шашны буюу шашны бус шинж чанартай үнэт зүйлсийг ойлгоно. Үүнд нэгдүгээрт ургамал, амьтан, эрдэс, анатомийн ховор дээжис, цуглуулга болон палеонтологийн ач холбогдолтой үнэт зүйлс. Удаад нь түүхийн үнэт зүйлс, тухайлбал, шинжлэх ухаан болон техникийн түүх, дайн болон нийгмийн түүх, түүнчлэн үндэсний нэрт зүтгэлтэн, сэтгэгчид, эрдэмтэд, жүжигчид болон үндэсний томоохон үйл явдалд холбоотой үнэт зүйлс.
Археологийн (ердийн болон нуугдмал) олдворууд буюу нээлтүүд, урлаг болон түүхийн хөшөө дурсгал, археологийн ач холбогдол бү хий газрын бүрэлдэхүүн хэсгүүд, 100 жилээс өмнөх үеийн бичээс, цутгамал, зоос, тамга тэмдэг, хуучны эд юмс гэх зэргээр олон зүйлийг багтаажээ. Улмаар “Энэхүү конвенцод оролцогч улсууд соёлын үнэт зүйлсийн хууль бус импорт, экспорт, түүнийг өмчлөх эрхийг хууль бусаар шилжүүлэх нь уг үнэт зүйлсийн гарлын улсын соёлын өвийг ядууралд хүргэдэг гол хүчин зүйлсүүдийн нэг. Дээрхтэй холбоотой бүх аюулаас хамгаалах хамгийн үр нөлөөтэй аргуудын нэг нь олон улсын хамтын ажиллагаа гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Энэ зорилгоор оролцогч улсууд дээрх үйлдлийг таслан зогсоох, шалтгааныг нь арилгах, шаардлагатай бол хохирлыг барагдуулахад туслалцаа үзүүлэх зэрэг арга хэмжээг өөрсдийнхөө бололцооны хэрээр авах үүрэг хүлээнэ. Энэхүү конвенцын дагуу оролцогч улсуудаас баталсан журмыг зөрчин соёлын үнэт зүйлсийг импортлох, экспортлох, өмчлөх эрхийг шилжүүлэхийг хууль бус гэж үзнэ” гэж тусгасан байдаг.
Тэгэхээр 1970 оны дээрх конвенцод нэгдсэн Франц улсын шүүх нь хүлээсэн үүргээ биелүүлж, соёлын үнэт зүйлс гэх ангилалд багтсан палеонтологийн олдворуудыг Монгол Улсад албан ёсоор буцаан өгөхөөр шийдвэрлэсний дагуу үлэг гүрвэлийн чулуужсан яснуудыг эх оронд нь шилжүүлэн авч байна. Цаашид судалгааны эргэлтэд оруулж, багагүй хугацааны дараа ашиглалтад орох, Их тэнгэрийн аманд барьж буй Байгалийн түүхийн музейд байрлуулан олон нийтэд танилцуулах нь гарцаагүй.
Манай улсын хувьд соёлын дурсгалын хууль бус худалдаатай тэмцэх чиглэлийн дээрх конвенцоос гадна “Хулгайлагдсан, эсхүл хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлсийн тухай” ЮНИДРУА-гийн 1995 оны конвенцыг УИХ 2024 онд соёрхон баталсан. Уг конвенцын хүрээнд АНУ-аас 2013 онд тарбозавр батаарыг эргүүлэн авч байсныг энэ ташрамд дурдах нь зөв биз ээ. Эдгээр конвенцын хүрээнд манай улсаас хууль бусаар гаргасан гэдгийг баталсан түүхийн, шашны дурсгалуудаа байгаа байршлыг нь тогтоон олж авах талаар хууль сахиулах байгууллагынхан ажиллах ёстой санагдана.