Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан өнгөрсөн тавдугаар сарын сүүлчээр тушаал гаргаж ЦЕГ-ын тэргүүн дэд, дэд дарга нарыг өөрчилсөн. Тус газрын тэргүүн дэд дарга, хурандаа Б.Ганчулууныг чөлөөлж, АТГ-ын Гүйцэтгэх ажлын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ж.Батбаатарыг томилсон юм. Мөн Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдал хариуцсан дэд дарга Б.Дэлгэрсайханы ажлыг Тээврийн цагдаагийн алба (ТЦА)-ны дарга, хурандаа М.Батсайханд шилжүүлсэн. ЦЕГ-ын Стратеги, бодлого, инновац, хөгжил хариуцсан дэд дарга, бригадын генерал О.Ганбатын оронд Мөрдөн байцаах алба болон С.Зоригийн амиа алдсан хэргийн ажлын хэсгийн мөрдөгч асан, хамгийн сүүлд Мөрдөн шалгах албаны Дүн шинжилгээ, үнэлгээ, хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Н.Баттөмөрийг томилсон билээ.
Түүнээс хойш сар орчмын хугацаанд удирдлагагүй байсан ТЦА-ны даргаар хурандаа Б.Ганчулууныг томилох тушаалыг ЦЕГ-ын дарга, хошууч генерал Ж.Болд гаргаж, өнгөрсөн баасан гарагт ажилд нь оруулсан байна.