Хөл бөмбөгийн “Үндэсний дээд лиг”-ийн шигшээ дөрөвт өрсөлдөж буй багууд нэмэлт тойргийн гурав, улирлын 19 дэх тоглолтоо хийв. Тэд нийт 22 тоглолт хийсний дараа медалийн эзэн тодрох юм.
“Улаанбаатар”
Дээд лигийн хасагдах шатанд “Улаанбаатар” багийнхан, “Дэрэн”-гийнхэнтэй таарч өрсөлдсөн. Хүснэгтийг тэргүүлж буй “Улаанбаатар”-ынхан нэмэлт тойргийн гурван тоглолтод булангийн цохилтоос дараалж гоол оруулснаар мэргэн буучдын жагсаалтыг хошуучилж эхлэв. Дээд лигийн аваргын цом хоёр удаа гардсан тэд улирлын 16 дахь хожил, 50 дахь оноогоо авсан нь шил дарж буй өрсөлдөгч багаас 11 оноогоор илүү болсон юм.
“Сталлионс”
Лигийн II байрт жагсаж буй “Централ сталлионс”- ийнхон, дөрөвт жагссан “Хангарьд” багийнхантай энэ улиралд гурав дахь удаагаа тоглов. Тус багийнхнаас эхний гоолыг Г.Билгүүн, дараагийнхыг япон довтлогч Т.Мисава оруулж, оноог 2:0 болгосон юм. Тоглолтын хоёрдугаар хагаст “Хангарьд”-ынхан тооны харьцааг тэнцүүлснээр оноо 2:2 харьцаатай өндөрлөсөн. “Централ Сталлионс” оноо хувааж, тэнцээний нэг оноо авч 40 оноотой боллоо. Тэгвэл “Хангарьд”-ынхан 34 оноотой IV байрт бичигдэн тэмцээнээ үргэлжлүүлнэ. Багуудад дахин нэг тойрог буюу тус бүр гурван тоглолт хийнэ.
“Улаангом сити”
Тэмцээний нэмэлт тойрогт “Улаангом сити”- гийнхэн “Ховдын хүлгүүд” багтай ана мана өрсөлдсөн. Тэд сүүлийн гурван тоглолтоос дараалж оноо авч, хүснэгтэд байраа ахиулсан болэнэ удаад чамлахааргүй тоглож, тэнцээний нэг оноо авав.
“Ховдын хүлгүүд”-ийнхнээс эхний үед Б.Амарсанаа хоёр, Н.Өлзийсүрэн нэг гоол оруулж 3:0 тэргүүлсэн. Тоглолтын хоёрдугаар хагаст “Улаангом сити”-гийнхнээс Карлос Хавьер багийнхаа эхний хоёр гоолыг оруулж, гурав дахь гоолын дамжуулалтыг өгсөн юм.
“Улаангом сити”-гийнхэн энэ удаа нийт найман оноотой лигийн хүснэгтийн VIII байрт бичигдсэн бол “Ховдын хүлгүүд”-ийнхэн 13 оноотой тэдний өмнө жагсаж буй.
“Хантерс”
Дээд лигт “тоос өргөж” буй “Хантерс” багийнхан “Вестерн”-ийнхэнтэй улирлын гурав дахь тоглолтоо хийж, 2:0-ээр өндөрлүүллээ. “Хантерс”-ын мэргэн бууч Мин Ки Тэ хоёр гоол оруулж, багаа хожил тийшхөтөлсөн. Тэрбээр нэмэлт тойрог эхлээд доод хэсгийн гурван тоглолтод найман гоол оруулсан юм. Тэд улирлын 10 дахь хожил, 34 дэх оноогоо авч V байртаа хэвээр үлдэв. Тус багийнхан “Улаангом сити”-гийнхэнтэй улирлын сүүлийн (20 дахь) тоглолтоо өрнүүлнэ.