Германы хойд хэсгийн Саксони мужийн ойролцоо орших эх, хүүхдийг хамгаалах байранд өнгөрсөн даваа гарагт буудалцаан болж, зургаан хүний амь эрсэджээ. Эл хэрэг хүүхдийг асран хамгаалах эрхтэй холбоотой маргаанаас үүдэлтэй байж болзошгүй бөгөөд үүнд 45 настай эрэгтэйг сэжигтнээр татсан байна. Тэрбээр тухайн өдөр үдээс өмнө Хамбург боомтын ойролцоо орших Стаде хот дахь эх, хүүхдийг хамгаалах байранд товлосон уулзалтад ирэх үедээ гэнэт гал нээсэн аж. Амиа алдсан зургаан хүн тус байгууллагын ажилтнууд байсан төдийгүй дөрөв нь эмэгтэй, хоёр нь эрэгтэй байжээ. Харин сэжигтний гурван сартай охин, эхнэр нь эсэн мэнд үлдсэн гэнэ. Таван хохирогч хэргийн газарт амь эрсэдсэн бол нэг нь эмнэлэгт хүргэгдсэний дараа нас барсныг эх сурвалжууд мэдээлэв. Сэжигтэн эрэгтэй нь Германы Ханновер хот орчимд оршин суудаг турк гаралтай нэгэн бөгөөд цагдаагийнхан түүнийг эхнэр болон өөр нэг эмэгтэйн хамт цагдан хорьжээ.
ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк Вальтер Штайнмайер “Хамгаалалт өндөр, аюулгүй байдал бүрэн хангагдсан байх ёстой газарт ийм аймшигтай хүчирхийлэл гарсанд гүнээ цочирдон харамсаж байна” хэмээжээ. Тус улсад олон хүний аминд хүрсэн буудалцаан ховор бүртгэгддэг бөгөөд эл үзүүлэлтээрээ АНУ-тай харьцуулахад эрс бага. Одоогоос гурван жилийн өмнө Хамбург хот дахь Еховагийн мөргөлийн танхимд зэвсэгт этгээд зургаан хүнийг буудан хөнөөсний дараа өөрийгөө егүүтгэсэн юм. Харин 2016 онд 18 настай герман-иран гаралтай залуу Мюнхен хотод үймээн дэгдээж, есөн хүний аминд хүрч байв.
Д.Хэрлэн