УИХ дахь ХҮН намын зөвлөлийн өчигдрийн ээлжит хурлаар хаврын чуулганаар хийсэн ажлаа дүгнэсэн аж. Уг чуулган энэ баасан гарагт завсарлах юм. Сүүлийн хоёр сард ачаалал харьцангуй их байсныг тус намын гишүүд онцлов. Мөн гишүүн нэг бүрээр ямар хуулийн төслийн ажлын хэсэгт багтаж, хэрхэн ажилласнаа тайлагнав. Нэг гишүүн 5-10 орчим ажлын хэсэг багтсан юм байна.
Засгийн газраас Төрийн өмчит компаниудын ил тод байдал, бүтээмж, засаглалын тухай хуулийн төслийг өргөн барьсан. Эл төслийн ажлын хэсэг Г.Уянгахишиг, Б.Мөнхсоёл тэргүүтэй гишүүн багтжээ. Төрийн өмчит компанитай байхын гол зорилго, шаардлага юу болох, тэд орлого төвлөрүүлэхээс илүү үр ашиггүй зардал гаргадаг байдлыг засах талаар санал голдуу гарч буй аж. Мөн засаглалыг сайжруулах шаардлага байгаа гэжээ. Түүнчлэн Засгийн газраас өргөн барьсан Бизнесийн эрх чөлөөний болон түүнийг дагалдуулсан 99 хуулийн төсөл бий. АН-аас өргөн барьсан Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг үүнтэй нэгтгэн хэлэлцэж буй бөгөөд ажлын хэсэгт нь гуравдагч хүчний төлөөллөөс багтсан юм байна.