Иран дахь дайныг түр зогсоох сэдэлтэй гал зогсоох тухай хоёр долоо хоногийн тохиролцоо Ливан руу Израил довтолсны хариуд Ормузын хоолойг Тегеран дахин хаасны дараа эмзэг болоод явчихав. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ч гал зогсоох тохиролцоогоо Тегеран бүрэн биелүүлэх хүртэл Америкийн цэрэг “байрандаа байх болно” гэж мэдэгдлээ. Ямар нэг шалтгаанаар энэ тохиролцоо хэрэгжихгүй бол буудлага эхэлнэ, урьд өмнөхөөсөө илүү, хүчтэй байх болно” гэж Трамп бичсэн байна. Цааш нь Иран цөмийн зэвсэгтэй болж чадахгүй, Ормузын хоолой нээгдэнэ, аюулгүй болно” хэмээн мэдэгджээ. Израилын Ерөнхий сайд Беньямин Нетаньяху, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хоёр үгүйсгэсээр байгаа болохоос Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчигийн хэлснээр бол Ливанд дайн зогсоох нь хэлэлцээрийн нэг хэсэг нь байжээ. “Бөмбөг АНУ-ын талд байна, тэд хүлээсэн үүргийнхээ дагуу хандах нь уу, үгүй юү гэдгийг дэлхий ажиглаж байгаа” гэж Аббас Арагчи хэлжээ.
Тегераны санал болгосон 10 нөхцөлийн 3-ыг нь Вашингтон зөрчиж буй тохиолдолд тэднийхтэй хэлэлцээр хийх нь “утгагүй” гэж Ираны парламентын дарга Мохаммад Багер Калибаф мэдэгдсэн байна. Энхийн хэлэлцээрт Иран гарын үсэг зурахгүй бол дахиад л бөмбөгдөнө хэмээн Трамп сүрдүүллээ. Хэлсэндээ хүрч АНУ-ын Зэвсэгт хүчин Ираны агаараас эсэргүүцэн хамгаалах байгууламжуудад цохилт өгөв. Америкийн талын үзэж буйгаар цохилт өгсөн Ираны объектууд нь Америкийн цэргийн болон олон улсын худалдааны хөлөг онгоцнуудад аюул учруулахаар байжээ.
Ираны исламын хувьсгалыг хамгаалах корпус хариуд нь Америкийн цэргийн 18 байгууламж, түүний дотор Кувейт, Бахрейн дэх нисэх хүчний баазууд, Тэнгисийн цэргийн хүчний Тавдугаар флотод нь цохилт өгсөн байна. Мөн Иорданд байдаг нисэх хүчний АльАзрак баазад нь ч цохилт өгсөн байна. Түүгээр ч барахгүй Ормузын хоолойгоор нэвтрэх гэсэн аливаа хөлөг онгоц руу гал нээнэ гэж Ираны нэгдсэн цэргийн дээд командлал мэдэгдсэн аж. Америкийн хоёр ч хөлөг онгоц руу гал нээсэн гэж Ираны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжилжээ. Энэ мэдээллийг Америкийн цэргийн төв командлал үгүйсгэв. Түүний мэдэгдсэнээр Ормузын хоолойгоор худалдааны хөлгүүд зорчиж л байгаа юм байна. Мэдээж талууд гал нээгээд эхэлсэн болохоор нефтийн үнэ өсжээ. Талууд хоёр өдөр дараалан харилцан цохилт өгсний уршгаар бүрэн хэмжээний дайн дахин эхлэхэд хүрээд байна. Америк, Ираны дайн дөрвөн сар үргэлжилж буй юм. Энхийн тухай яриа хөөрөө гацав. Гал зогсоох талаар яриа хийж л байхад дайн хийж л байх болсон нь нууц биш.