Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Биокомбинат орчмын Туул голын усны түвшин эрс нэмэгдсэний улмаас авто замын зорчих хэсэг цөмөрч, ойролцоох айл өрх, аж ахуйн нэгжүүд усанд автах эрсдэл үүсээд байна. Үүнтэй холбогдуулан тус дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газар болон хорооны ажилтан, албан хаагчид эрсдэлтэй бүсэд оршин суудаг айл өрхүүдэд нүүх мэдэгдэл хүргүүлж, аюулгүй байршилд шилжүүлэх арга хэмжээ зохион байгуулж эхэллээ.
Мөн Туул голын эрэг орчимд үйл ажиллагаа явуулдаг амралтын газруудын үйлчлүүлэгчид болон аялал, зугаалгаар зорчиж буй иргэдийг голын эргээс холдуулж, аюулгүй байдлыг нь хангахаар ажиллаж байгаа юм. Албаныхны зүгээс иргэдийг үерийн аюултай бүс рүү зорчихгүй, гол, мөрний усны түвшний мэдээллийг тогтмол анхаарч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангахыг сэрэмжлүүлэв.
Э.Сүйлэн