Улсын дээд шүүх хэдхэн хоногийн өмнө найман намыг бүртгэлээс хасав. Ингээд манай улс албан ёсоор 30 намтай үлдэж байна. Улс төрийн намын тухай хуульд нийцүүлж үндсэн дүрэм, хөтөлбөрөө өөрчлөх үүргээ үл тоосон учраас тэд ийнхүү хасагдаж буй юм. Нөгөө талаар үүнийг цаасан дээр л оршдог, эсвэл ганцхан хүнтэй, сонгууль болохоор амь ордог, байнгын үйл ажиллагаа явуулдаггүй намуудыг цэгцлэх “их цэвэрлэгээ”-ний эхлэл гэж хэлж болно. Гурван жилийн өмнө шинэчлэн найруулж баталсан дээрх хуулийн дагуу улс төрийн намын гишүүнчлэл, хаяг зэргээр бүх бүртгэл, санхүүжилтийн байдлыг сонгуулийн төв байгууллага, Дээд шүүх хянаж, хуулиа биелүүлээгүй бол холбогдох хариуцлага тооцож буй нь энэ. Үндсэн дүрэм, хөтөлбөрөө хуульд нийцүүлээгүй наймаас гадна санхүүгийн тайлангаа хугацаанд нь хүргүүлээгүй улс төрийн хүчнүүд хасагдах жагсаалтыг нэмэхэд ойрхон байна.
ЦААСАН ДЭЭРХ БҮРТГЭЛ НЬ АРХИВТ ШИЛЖИВ
2025 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор намын дүрэм, хөтөлбөрөө Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн өөрчлөх хүсэлт ирүүлээгүй учраас Монголын либерал, Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нэгдсэн, Ард түмний, Хамуг Монголын хөдөлмөрийн, Монгол шинэчлэлт, ШИНЭ, Зүй ёс, Ардчилал шинэчлэлийн гэх намуудыг Дээд шүүхэд бүртгэлгүйд тооцсон шийдвэр зургаадугаар сарын 22-нд гаргасан. Улс төрийн намын тухай хуулийн 4.1-т “Нам бол иргэдийн улс төрийн хүсэл зоригийг илэрхийлдэг, улсын хэмжээний бодлого дэвшүүлэн сонгуульд оролцдог, хамтын шийдвэр гаргаж, сайн дураараа эвлэлдэн нэгдсэн Монгол Улсын иргэдийн нэгдэл мөн” гэжээ. Сонгуульд оролцох нь улс төрийн нам байгуулсны хамгийн гол зорилго, бас чиг үүрэг гэсэн үг. Гэтэл 2004 оны дөрөвдүгээр сард Дээд шүүхэд бүртгүүлсэн Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нэгдсэн нам хэзээ ч УИХ-ын сонгуульд оролцож байсангүй. Ядаж дөрвөн жилд нэг удаа “сэрэх” ч сэдэлгүй, зөвхөн цаасан дээр 22 жил оршлоо. Тиймээс бүртгэлээс хасах нь зүй ёсны хэрэг. Уг нь энэ намыг анх байгуулагч нь мэдрэмжтэй байсан бол хүн амын 51 хувийг эзэлдэг эмэгтэйчүүдийн оролцоог хууль тогтоох байгууллагад нэмэх чиглэлээр идэвхтэй ажиллах, амжилт олох боломж байв. Гэвч тийм санаа гаргасангүй бололтой. Гэнэт л нэг өдөр нам байгуулмаар санагдаад бүртгүүлчихсэн, тэгснээ сонирхол нь буурчихсан мэт мартчихаж. Улс төрийн карьераа ахиулах зорилгоор иргэдийн итгэл дээр дөрөөлөн байгуулж, хэргийг нь гаргаснаа эзэндээ “хаягдсан” нам гэж бий. Тэр нь Л.Гүндалайн байгуулсан Ард түмний нам. Тэрбээр УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдсоныхоо дараа Эрүүл мэндийн сайд хиймээр бай гаагаа ил тод хэлдэг болсон. Тиймээс дээрх намыг байгуулж, улмаар М.Энхболдын, эвслийн Засгийн газарт хүссэн албан тушаалаа авч байсан түүх бий. Тухайн үед түүнийг шударга улс төрч хэмээн олон ч иргэн итгэдэг байв. Тиймээс Сүхбаатарын талбайд сууж, гарын үсэг цуглуулахад нь олон хүн дэмжиж, нэгдсэн. Гэвч Л.Гүндалай албан тушаал хаших мөрөөдлөө биелүүлээд л энэ намаа хаячихсан. 10 жилийн дараа дахин Ард түмний хүч хэмээх нам байгуулсан нь одоохондоо сонгуулийн үеэр л амь ордог. Бусад нам нь эвсэл байгуулах замаар сонгуульд нэг бус удаа оролцсон юм. Гэвч энэ удаа дүрэм, хөтөлбөрөө өөрчлөхөөс “залхуурсан” бололтой. Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмон хэмээх эмэгтэй 2024 оны сонгуулийн өмнө ШИНЭ намын дэд дарга болж, жагсаалтын эхээр нэрээ бичүүлж, УИХ-ын босго давах мөрөөдөл тээж байсан. Гэтэл өнөөх нам нь бүртгэлгүй болов. “Нүүдэлчин” улс төрчдийн хувьд дараагийн сонгуулиар намаа солиод л асуудлаа шийдчих учраас ач холбогдол, үнэ цэнгүй байдаг биз ээ.
Улс төрийн намын тухай хуулийн эхний шаардлагыг биелүүлээгүй учраас дээрх найман нам санхүүгийн тайлангаа ч өгсөнгүй. Мөн ийнхүү бүртгэлээс хасагдсан намуудад алдаагаа засах боломж олгох, сэргээх ойлголт үгүй аж. Тэгэхээр ийм намууд байсан тухай мэдээлэл архивт л үлдэх нь.
МАН ГИШҮҮНИЙ ТАТВАРААС ЖИЛД 38 МЯНГАН ТӨГРӨГ Л ЦУГЛУУЛЖЭЭ
Улс төрийн намын тухай хуулийг шинэчилж, намуудын холбогдох бүх мэдээллийг бүртгэн, хянадаг болсон. Энэхүү хуулийн 37.2-т заасны дагуу намууд санхүүгийн хагас жилийн тайлангаа долоодугаар сарын 20, жилийн эцсийнхийг хоёрдугаар сарын 10-ны дотор СЕХ-нд хүргүүлэх үүрэгтэй. 2024 оны сонгуулиас хойш бүтэн тайлан гаргасан эхний жил нь 2025 он байсан. Тэгэхээр өнгөрсөн оны тайлангаа 29 нам өгчээ. Хуулийн хугацаанд багтаан үндсэн дүрмээ хүргүүлсэн намууд гээд ойлгочхож болно.
Тэгвэл аливаа намын санхүү нь гишүүний татвар, хандив, өөрийн орлого, төрөөс олгох мөнгөнөөс бүрдэнэ. Тогтмол үйл ажиллагаа явуулдаг, парламентад байнга төлөөлөлтэй, төрийн эрхийг ээлжлэн голдуу барьдаг МАН, АН-ын хувьд хамгийн олон гишүүнтэй. Эрх баригч нам 316 мянган гишүүнтэй гэжээ. Гэвч гишүүний татвараас ердөө 38 878 төгрөг л олсон байх юм. Харин сонгуульт гишүүдээсээ 1.2 тэрбум, хандиваас 310 сая төгрөг төвлөрүүлсэн хэмээн тайландаа мэдүүлжээ. Өөрөөр хэлбэл, манай улсын хамгийн том нам хүртэл тэр олон мянган гишүүнээсээ татвар бүрдүүлж бардаггүй гэсэн үг. Удаах нам болох АН 201 мянган гишүүнтэй. Тэднээсээ 137 мянган төгрөгийн татвар авчээ. Сонгуульт гишүүнийх нь татвар 2.2 тэрбум, хандив 212 сая төгрөг байсан аж. Эдү гээ парламентад суудалтай Үндэсний эвслийг бүрдүүлэгч Монголын ногоон нам 25 мянган гишүүнтэй юм байна. Тус намын энгийн болон сонгуульт гишүүний татвар тэг. Ядаж удирдлагууд нь өөрсдөө ч татвараа төлсөнгүй. Гагц хүү хандиваар 135 сая төгрөг босгосон байх юм. МНН бол Дээд шүүхэд дээрээсээ гуравт бүртгэлтэй, ууган хүчнүүдийн нэг. Гэвч түү хэндээ өмнө нь Д.Энхбат нэг удаа, одоо эвсэл болж парламентад төлөөлөлтэй ажиллаж буй. 2024 онд Н.Номтойбаяр болон МНН харилцан ашигтай хамтран ажилласнаар УИХ-д төлөөлөлтэй, цаашлаад төрийн эрх барилцаж, Засгийн газарт багтсан болохоос үнэндээ сонгуулийн үеэр л амь ордог намуудын нэг гэдгийг санхүүгийн эл тайлангаас нь харж болж байна. 1800 гишүүнтэй ХҮН нам харин гишүүний татвараа хамгийн хариуцлагатай бүрдүүлжээ. Тэд 2025 онд энгийн гишүүдээсээ 15.4, сонгуультаас 88.3, хандиваар 478.9 сая төгрөг цуглуулснаараа рекорд тогтоов.
Ганц хүний гэдэг тодотголтой БНН-д бол гишүүний тоо бүр алга. “Шантаажны нам” гэгдэх Үнэн ба зөв 54 гишүүнтэй гэсэн байх юм. Уг нь нам байгуулах босго 801 хэдий ч СЕХ-ны албан ёсны хуудсанд ийм л тоо дурайж байна. Тус намд орлого гэж байхгүй. Цэлийсэн хоосон “нүд”-нүүд харагдах аж. Хэдийгээр энэ нам сонгуулиар нийт сонгогчийн нэгээс дээш хувийн санал авч, төрөөс санхүүжилт авах болзол хангасан ч үйл ажиллагаа явуулдаггүй, орлого олдоггүй, тэг тайлан гаргадаг учраас уг мөнгөө нэг ч удаа авч чадаагүй яваа юм.
Ийнхүү Улс төрийн намын тухай хуулийн дагуу намуудын гишүүний тоо, тэднээсээ авсан татвар, хандив, санхүүгийн тайланг олон нийтэд ил тод мэдээлдэг болсон. Эндээс бид аль нам даргаасаа өөр хүнгүй, үйл ажиллагааны орлогогүй, зөвхөн сонгуулиар сэрдгийг мэдэж болж байна. Хуульд тухайн нам хоёр жил дараалан санхүүгийн тайлан өгөөгүй бол идэвхгүйд тооцно гэж заасан. Гэхдээ тайлан өгсөн ч орлогоо бүрэн бүрдүүлээгүй бол яахыг тусгасангүй. Хуулийн хугацаандаа багтаад “цагаан тайлан” өгөөд яваад байвал энэ намыг “идэвхтэй” гэж тооцсоор байх юм уу. Тодорхойгүй. Улс төрийн намын тухай хуульд цөөнгүй дэвшилт заалт бий ч энэ мэтээр “цоорхой”, хариултгүй асуулт олон байгааг судлаачид ч хэлж буй.
Ямартай ч үйл ажиллагааных нь идэвхгүй байдал, хуулиа үл биелүүлж буйгаар нь дүгнэж, намуудад “их цэвэрлэгээ” эхлүүллээ. Одоо дараалан хоёр жил санхүүгийн тайлангаа өгөөгүй нам гарвал идэвхгүйд тооцно. Эл алдаагаа засахгүй бол сонгуульд оролцох боломжгүй болно, улмаар бүртгэлээс хасагдах эрсдэлтэй. Тунаж үлдсэн 30 намаас хасагдах жагсаалт руу хэд нь шилжихийг цаг хугацаа шүүх нь.