Өнгөрсөн намрын улс төрийн гацааг 2026 оны хаврын чуулганы сүүлчийн өдрүүдэд нөхөх гэж гишүүд өглөө, үдэшгүй хууль “машиндаж” буй нь парламентын бүтээмж дээшилсэн гэхээсээ төлөвлөлтийн доголдол, хямралыг л илчилж байна. УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган есдүгээр сарын 15-нд Д.Амарбаясгалан гэдэг спикертэй нээлтээ хийгээд, арванхоёрдугаар сард нь хаахдаа Н.Учрал хэмээх “ангийн дарга”-тай болжээ. Мөн хуульд заасны дагуу 75-аас доошгүй ажлын өдөр хуралдсан атлаа 14-хөн хууль, 37 тогтоол баталсан нь сүүлийн 20 гаруй жилийн түүхэн доод үзүүлэлт гэхэд болно. Үүгээр Монгол Улсын 2026 оны төсөв, Үндэсний баялгийн сангийн тухай гэхчлэн дор хаяж 35 хуулийн төсөл хэлэлцэхээр товлосон ч эрх баригч МАН-ынхны албан тушаалын төлөөх эх, адаггүй тэмцэл, эрээ цээргүй “зодоон”-ы улмаас 126 гишүүнтэй парламент хоёр дахь намрын чуулганыхаа хугацаанд ажлаа тун хангалтгүй хийсэн. Гэтэл 2022 оны хаврын чуулганаар яг адилхан 75 хоног хуралдсан парламент 289 хууль, 38 тогтоол баталсан бол намрынхад нь бүр 341 хууль, 44 тогтоолд “алх цохиж” албажуулжээ. Зүрхний цахилгаан бичлэг шиг хааш яаш, дээш, доош савласан энэхүү үзүүлэлт Монгол Улсын парламент төлөвлөлтийн доголдолтой, тогтвортой хэмнэлээр ажиллаж чадахгүй байгааг харуулж буй юм.
УИХ-ын чуулганы үйл ажиллагааг олон, эсвэл цөөн хууль баталснаар хэмжих нь учир дутагдалтай ч төрийн эрх барих дээд байгууллагын хууль тогтоох үйл ажиллагаандаа манай эрх баригчид, “эрхэм” гишүүд яаж хариуцлагагүй ханддагийн нэг тод жишээ нь энэ мөнөөсөө мөн билээ. УИХ-ын 126 гишүүнтэй шинэ парламентын ес дэх бүрэн эрх хэрэгжиж эхэлсэн эхний нэг жилийн хугацаанд нийт 144 хууль, 146 тогтоол баталсан ч хоёр дахь жилдээ тараа таниулав. Сайхан зан нь хүрвэл хууль, тогтоомжийг хэдэн зуугаар нь үйлдвэрлээд, дургүй нь хөдөлбөл улсын төсвөө ч батлахгүй, хаалга саваад явчхаж мэдэх “олон ааштай”. Дараа нь шаварт унасан шарын эзэн болоод богино хугацаанд бүх ажлаа шахаж амжуулахыг оролддог ийм мөчлөг хууль тогтоох байгууллагад үйлчилж хэрхэвч болохгүй. Мөн нэг чуулганы бүрэн эрхийн хугацаанд спикер солигдох нь ардчилсан парламентад байж болох үзэгдэл ч гэлээ хоёр жилд гурван дарга солих нь эрүүл үзэгдэл биш. Тэгэх байтлаа бүр эрх баригч нам “найрын ширээ”-нийхээ ууцыг таллан хүртээж буй аятай дотроо наймаалцаад байвал юу болох вэ. 2026 оны хаврын ээлжит чуулганыг УИХ-ын дарга Н.Учрал нээсэн ч хаах хүн нь С.Бямбацогт болж байна. “Голомтгой хүүхэд” аятай энэхүү парламент ямартай ч өчигдрийн нэгдсэн чуулганаар 43 хуулийн төсөл хэлэлцэн баталж, өнөөдөр 60 гаруйг нэмж “шууруулаад” дуусгах нь. Үндэсний их баяр наадам дөхсөн үеэр манай парламент илт идэвх орж, Төрийн тэргүүн лугаа чуулганы хуралдаанд тааллаараа оролцдог “нүдний гэм” болсон гишүүд нь хүртэл шөнө дүл хүртэл чухал царайлан сууж харагдана. Энэ нь өөрсдийн эрх ашиг, лобби, улс төрийн фракцдаа үйлчлэх хууль баталж “хор найруулах”-ын тулд болохоос иргэдийн эрх ашгийн төлөө лав биш. Наанадаж, иргэд, татвар төлөгчид, сонгогчдын нуруунд хүнд ачаа дарамт болохуйц, ажил, амьдралд нь хамгийн халгаатай, цаашлаад улс орны ирээдүйд харшлах сюрпризтэй хууль, тогтоомжууд олон нийтийн анхаарал суларсан яг ийм цагаар л “төрдөг” дөө. Гэтэл бидний эрх ашгийг төлөөлж ажиллахаар төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдсон түшээд бусад үед нь амьгүй албат шиг унтаж байгаад чуулган хаах дөхөхөөр гэнэт ухаан орж, попордог явдал манай эрх баригчдад ч, сөрөг хүчнийхэнд ч илэрхий анзаарагддаг.
Угтаа парламент бол үйлдвэр биш. Хууль, тогтоомж гэдэг үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүр ч биш. Нэг хуулийн цаана хэдэн зуун мянган иргэний эрх ашиг, амьдрал ахуй, аж ахуйн нэгжүүдийн бизнесийн хувь заяа, татвар, даатгал, торгууль, төсвийн дарамт, төрийн байгууллагуудын чиг үүрэг өөрчлөгдөж байдаг. Тийм ч учраас парламентын хамгийн чухал үүргийн нэг нь хууль батлахаас гадна тухайн асуудлаар нээлттэй мэтгэлцэх, санал солилцох, байр сууриа нэгтгэх буюу хэлэлцэх явдал гэдгийг мартаж болохгүй. Харин энэ хаврын чуулганы төгсгөлд өрнөсөн үйл явдлыг харахад УИХ төрийн бодлогыг хэлэлцдэг, мэтгэлцдэг байгууллага гэхээс илүү “үйлдвэрлэлийн шугам” шиг ажилласаар өнөөдөр хаалтаа хийх нь. Сүүлийн хоёр долоо хоногт парламентын өдөр тутмын ажлын товыг харахад УИХ-ын гишүүд ёстой л нөгөө “орондоо орох завгүй олзлон булаалдаж байлаа” гэдэг шиг тавхайгаа эргэтэл чуулганы танхим, байнгын хороодын хооронд харайлгаж, хэдэн арван хууль, тогтоол, олон улсын гэрээ, томилгооны асуудал, төсвийн гүйцэтгэл, тайлан зэргийг тогтож харж ч амжилгүй “хэлэлцэж” байх шиг. Өдөрт 40-60 асуудал хэлэлцэж, батлахыг яавч эрүүл, хэвийн үзэгдэл гэхгүй. Нэг асуудал хэлэлцэхэд дунджаар хэдэн минут ногдож байна вэ. Хуулийн төсөл бүрийн эрсдэл, үр нөлөө, төсөв, хэрэгжилтийн талаар мэтгэлцэж ярилцах, асууж тодруулах, санал хэлэх цаг гарч байна уу гэдэг нь өөрөө бодууштай. Хэрэв тэгж чадахгүй байгаа бол хэлэлцүүлэг нь ёс төдий болох эрсдэл улам нэмэгдэнэ.
Энэ талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин өчигдөр хаврын чуулганы талаар мэдээлэл хийх үеэр ч онцолно лээ. Тэрбээр “Парламентын ардчиллын үндсэн зарчим бол олонхын болон цөөнхийн байр суурь чөлөөтэй мэтгэлцэж, түүний үр дүнд шийдвэр гаргах явдал юм. Энэ зарчим бодитоор хэрэгжихийн тулд Ерөнхий сайд болон УИХын даргын эрх, үүрэг тодорхой зааглагдсан байх ёстой. Ерөнхий сайд нь Засгийн газрыг тэргүүлдэг бол УИХ-ын дарга нь парламентын үйл ажиллагааг төвийг сахин удирдах үүрэгтэй. Тиймээс Ерөнхий сайд, намын дарга нь парламентын үйл ажиллагаанд давамгайлан нөлөөлөх, эсвэл УИХ-ыг улс төрийн намын удирдлагын зарчмаар удирдах ёсгүй. Парламентын танхимд Ерөнхий сайд сөрөг хүчний төлөөлөлтэй ил тод мэтгэлцэж, УИХ-ын дарга түүнийг шударга, тэнцвэртэйгээр удирдах нь парламентын ардчиллын мөн чанар юм. Гэвч өнгөрсөн хугацаанд Ерөнхий сайд парламентын үйл ажиллагаанд хэт нөлөөлж, нэг намын УИХ-ын даргатай зөвшилцөн хууль батлуулдаг тогтолцоо бий болсон нь харагдлаа. Өнөөдөр ч УИХ хоёр удирдагчтай мэт харагдаж, чуулганы хаалтын өдөр хүртэл хуулиудыг ийм байдлаар баталсаар байна” хэмээн гурван Ерөнхий сайд, гурван удаагийн чуулган дамнан яригдсан УИХын тухай хуулийн шинэчлэлийн талаар байр сууриа илэрхийлсэн юм. Үнэхээр ч өнөөгийн Монголд Ерөнхий сайд нь УИХ-д нөлөөлдөг, спикер нь эрх баригч намын байр суурийг хамгаалдаг гаж тогтолцоо манай “ардчилсан” гэх тодотголтой парламентад нүүрлээд буй.
УИХ-ын дарга бол аль нэг намын эрх ашгийг хамгаалагч биш, харин олон намын төлөөлөл бүхий парламентын хэвийн үйл ажиллагаа, дархлаа, ардчилсан институцийг хамгаалах үүрэгтэй албан тушаалтан учраас спикер нь намын улс төрөөс ангид, төвийг сахисан байр суурьтай байх ёстой юм. Гэвч манайд энэ янзаараа 2026 оны намрын чуулганыг УИХ-ын дарга С.Бямбацогт нээлээ гэхэд хаах хүн нь МАН-ын дараагийн ээлжийн хэн нэгэн “сонгогдсон” байх магадлал тун өндөр болчхоод байна. Тохуутай яа. Өнгөрсөн намрын чуулганыг эргэн саная. Эрх баригч намын дотоод зөрчил, гүйцэтгэх эрх мэдлийн тэргүүний суудлын төлөөх “цусгүй дайн” нь зөвхөн парламент, хууль, шүүх, улс төрийн хүрээгээр хязгаарлагдахгүй, улс орны нийгэм, эдийн засагт нэлэнхүйд нь тогтворгүй, тодорхойгүй байдал үүсгэж хямралд хөтөлсөн. Чуулганы хуралдаан хойшлох, асуудал хэлэлцэхгүй өнжих, дараалал өөрчлөгдөх нь хэвийн үзэгдэл болсон билээ.
УИХ-ын дарга нар чуулган завсарлах бүрд баталсан хууль, тогтоомжийнхоо тоог хэлж, ажлаа тайлагнах дуртай. Гэхдээ иргэдийн хувьд хамгийн чухал нь хэдэн хууль баталсан биш, бидний амьдрал ахуйд ямар үр нөлөөтэй байх вэ гэдэг л эн тэргүүний асуудал. Хаврын чуулганаар баталсан хуулиа намар гэхэд өөрчилдөг жишээ Монголд олон. Жил хүрэхгүй хугацааны дотор баталсан хуульдаа хэдэнтээ “гар хүрч”, нэмэлт, өөрчлөлт оруулдаг нь чанаргүй, чадамжгүйн тод илрэл. Хэрэв хуулийн төслөө эхнээс нь хангалттай сайн харж хянаад, олон талаас нь хэлэлцэж, шүүдэг сэн бол ийм давтамжтай засвар хийх шаардлага гарахгүй. Хэд хэдэн удаагийн олон нийтийн хэлэлцүүлэг хийж, тэндээс ямар саналууд гарсан, иргэдийн оролцоог бодитоор хангахын төлөө юу хийсэн бэ гэдгээ шударгаар үнэлж, тусгаж байж парламент чанартай, эрх зүйн чадамжтай хууль батална. Түүнээс биш, намар нь улс төрийн эрх ашгаа тэргүүнд тавьж, бүгд тус тусын “ичээнд” орсноо хавар нь гэнэт гарч ирж, хаа сайгүй хар гүйхээрээ хурдалж, харуй бүрийгээр баахан хууль үйлдвэрлэх нь хэтэрхий явцуу, харалган бодлого юм.
Л.Аргамжин