- Нийслэлийн хэмжээнд 328 хүүхдэд нэг тоглоомын талбай ногддог -
Хадаас нь цухуйж, төмөр ёрдойсон хуучин сандал. Хажууханд нь архины хагарсан шил, ундааны сав, тамхины иш хөглөрнө. Тэрхүү сандал дээр шөнө дүлээр хэн сууж, юу хийдгийг орчны байр байдлаас төвөггүйхэн уншиж болмоор. Үүнээс хэдхэн алхмын зайд хоёр жаал хүү эвдэрч муудсан савлуур дээр зэрэгцэн сууж, эргэн тойрноо ч анзаарах сөхөөгүй, гар утасныхаа дэлгэцийг ширтэнэ. Энэ бол нийслэлийн нэгэн дундаж орон сууцын хорооллын тоглоомын талбай. Үнэндээ зөвхөн нэг хороололд бус, хотын олон хэсэгт харж болох түгээмэл дүр зураг юм.
Монгол Улсын хэмжээнд нийт 1.3 сая орчим хүүхэд бий. Тэдгээрийн бараг тал хувь нь буюу 600 гаруй мянга нь нийслэлд өсөж, хүмүүжиж байна. Гэтэл нийслэлийн хэмжээнд хүүхдийн тоглоомын болон спортын зориулалттай ердөө 1830 орчим талбай бий. Өөрөөр хэлбэл, нэг тоглоомын талбайг дунджаар 328 хүүхэд хуваан ашиглах ёстой гэсэн үг. Мөн ийм талбай хүрэлцээгүйгээс гадна дийлэнх нь эвдэрч муудсан, стандарт хангахгүй, хүүхдийн эрүүл мэнд, амь насанд халтай аж.
БҮГДЭД ХҮРТЭЭМЖТЭЙ БАЙХ ЁСТОЙ БИШ ГЭЖ ҮҮ
Хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг зуны амралт эхэллээ. Гэвч нийслэлд амьдардаг багачуудын хувьд энэ гурван сар дөрвөн хананы дунд түгжигдэх уйтгартай өдрүүдийн эхлэл болдог. Энэ нь эцэг, эхчүүдийн хувьд “толгойны өвчин”, өдөр тутмын амьдралын томоохон сорилт болж хувирдаг нь үнэн. Ялангуяа орон нутагт хамаатан садангүй, аав, ээж нь өглөөнөөс үдэш хүртэл ажилтай айлын хүүхдүүд гадаа тоглоё гэхээр олигтой гудамж, талбай олдохгүй нь гачлантай.
Баянгол дүүргийн 31 дүгээр хорооны нэгэн орон сууцанд өглөөний 09.00 цагт амьдрал ингэж эхэлдэг. Ихэнх айлын аав, ээж ажилдаа явчихсан, байр тэр чигээрээ нам гүм. Харин орон сууцын гуравдугаар давхрын нэгэн айлд есөн настай хүү ганцаараа үлджээ. Ээж нь ажилдаа гарахын өмнө “Хаалгаа танихгүй хүнд онгойлгож болохгүй шүү. Зурагтаа үзээд, утсаараа тоглоод байж байгаарай” гэж захиад явсан нь энэ. Ингээд хүүгийн нэг өдөр зурагт үзэх, гар утсаараа тоглох, цонхоор гадагш ширтэхээс эхэлнэ. Энэ мэтчилэн хүүхдээ гэрт нь үлдээж, ажилдаа явахаас өөр аргагүй эцэг, эх их хотод олон бий. Тэднийг үр хүүхдээ хайхардаггүй гэж буруутгах аргагүй. Амьдралын өртөг нэмэгдсэн, ажил, орлогын дарамт өндөр байгаа энэ үед өглөөнөөс орой хүртэл зүтгэж, хоногийн хоолоо залгуулахыг нийгэм тэднээс шаарддаг шүү дээ. Гэвч үүний төлөөсийг хүүхдүүд нь сэтгэл зүй, эрүүл мэндээрээ төлдөг аж.
Үд өнгөрөхөд уйдсан хүүхдүүд байрны гаднах тоглоомын талбайг зорьдог. Гэвч тэнд тэднийг тав тухтай, аюулгүй орчин биш, эвдэрч хэмхэрсэн гулсуур, наранд халж, хуванцар үнэртсэн чанаргүй тоглоомууд угтана. Савлуурт суухын тулд дугаарлана, бөмбөг тоглох зай олдохгүй, дугуй, ролик унах талбайгүй гээд тооч вол олон бэрхшээл бий. Зарим нь тоглох боломжгүйдээ буцаад гэртээ орох бол нөгөө хэсэг нь автомашины зогсоол, явган хүний замыг тоглоомын талбай болгон ашиглахаас өөр аргагүйд хүрдэг. Өөрөөр хэлбэл, өнөөгийн Улаанбаатарын хүүхдүүд газаргүйдээ бус, аюулгүй тоглох орчингүйн улмаас гэртээ хоригдож буй.
Мөн бидний төдийлөн ярьдаггүй, нийгмээрээ орхигдуулсан зүйл нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрх юм. Улаанбаатар хотод байгаа тоглоомын талбайнуудын дийлэнх нь тэргэнцэртэй хүүхдэд хүртээлгүй. Налуу зам, тусгай зориулалтын төхөөрөмж байхгүй. Тэр ч бүү хэл, харааны бэрхшээлтэй хүүхдэд зориулсан тэмдэглэгээг энэ хотын тоглоомын талбайнуудаас олно гэдэг өвсөн дундаас зүү эрэхтэй ижил. Товчхондоо, XXI зуунд тоглоомын талбай гэдэг ойлголт зарим хүүхдийн хувьд өөрөө хүрч очих боломжгүй орон зай хэвээр байна.
Хүүхэд хаана төрсөн, ямар орчинд амьдарч байгаагаас үл хамааран тоглох, хөгжих, аюулгүй орчинд өсөх тэгш эрхтэй ч өнөөгийн Улаанбаатар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тоглоомын талбайгаараа хүртэл шууд гадуурхаж, нийгмийн амьдралаас тусгаарласаар. Угтаа хотын стандарт гэдэг бүгдэд тэгш хүртээмжтэй байх ёстой биш гэж үү.
БЭЛГЭДЛИЙН ЧАНАРТАЙ ТӨМРИЙН СЭГҮҮД
Нийслэлийн орон сууцын хорооллуудын дундах тоглоомын талбайд очвол нийтлэг дүр зураг ажиглагдана. Энэ нь ЗХУ-ын үеэс үлдсэн гэх хуучны төмөр гулсуур, чахарч дуугардаг савлуур, өнгө будаг нь танигдахаа байсан эргэлддэг тоглоомууд юм. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутагт, нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 12 дугаар сургуулийн зүүн талд дөрвөн байрны дунд ганцхан тоглоомын талбай бий. Өдгөө 20 гаруй “настай” тэдгээр тоглоом өнгө үзэмж, чанар, аюулгүй байдлын аль ч шалгуурыг хангахаа хэдийн больжээ.
Уг нь манай улсад хүүхдийн тоглоомын талбайн орчин ямар байх ёстойг нарийвчлан заасан Хүүхдийн тоглоомын талбайн ерөнхий шаардлага MNS 6751:2019 хэмээх стандарт бий. Үүнд тоглоомын өндөр, нам, налуу, материалын сонголтоос эхлээд хаана нь хэдэн ширхэг мод тарьж, ямар ногоон байгууламж байх ёстойг нэгбүрчлэн заажээ. Тэгвэл цаасан дээрх эл стандартыг бодит амьдралд хэрхэн хэрэгжүүлдгийг харьцуулж үзье.
Эл стандартын 7.2-т хүүхдийн тоглоомын талбай нь нэгдсэн хог хаях цэгээс 100 метрээс багагүй зайтай байх бөгөөд ялган хаях хоёроос доошгүй хогийн савтай байна гэж заажээ. Гэтэл дээрх байршилд тоглоомын талбайгаас 50 метр ч хүрэхгүй зайд хогийн бункер байрлах бөгөөд салхинд хийссэн хог хаягдал хүүхдүүдийн дунд хөглөрөх нь хэвийн үзэгдэл болсон аж. Мөн стандартын 8.5-д хүүхэд унаж гэмтэхээс сэргийлж, элс, резинэн хавтан зэрэг цохилт сааруулах материал ашиглахаар тусгасан. Харин тэндхийн гулсуурын доорх зөөлөвч дэвсгэр нь урагдаж, зарим хэсэгтээ бүрмөсөн алга болжээ. Хүүхдийг хамгаалах ёстой орчин нь эсрэгээрээ аюул дагуулах “урхи” болсон энэ мэт жишээ Улаанбаатарт цөөнгүй. Ийм нөхцөлд тоглож буй хүүхдүүдийн хувьд жижиг алдаа ч том эрсдэл дагуулна. Гулсуураас буухдаа халтирах, савлуурын төмөрт биеэ цохих, ил гарсан ирмэгт арьсаа шалбалах нь элбэг. Оршин суугчдын хэлж буйгаар эл талбай шөнийн цагаар өөр нэг “үүрэг” гүйцэтгэдэг гэнэ. Стандартын 7.9-д сүүдрэвч дотор мансуурах, согтууруулах ундаа хэрэглэх, тамхи татахыг хориглохоор заасан ч тухайн байршил шөнөдөө архичдын оромж болдог байна. Орон сууцын дундах тоглоомын талбайн арчилгааг СӨХ хариуцах зохицуулалттай. Оршин суугчдаас сар бүр засвар, үйлчилгээний хураамж авдаг ч хэмхэрсэн тоглоомыг янзлах нь битгий хэл, архичдын үлдээсэн шилний хэлтэрхий, тамхины ишийг ч цэвэрлэдэггүйг иргэд хэлж байлаа.
Мөн Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, “Содон хороолол”-ын урд талын 52 дугаар байрыг ашиглалтад оруулаад зургаан жил болж буй бөгөөд 155 айлын 200 гаруй хүүхэд амьдардаг. Гэвч өнөөдрийг хүртэл тэнд ганц ч тоглоомын талбай байгуулаагүй аж. Барилгын компани анх Улсын комисст байраа хүлээлгэж өгөхдөө тоглоомын талбайтай хэмээн зураг төсөл харуулж, зөвшөөрөл авсан ч дараа нь тэрхүү талбайгаа автомашины зогсоол болгон өөр чилжээ.
Гэр хороололд бол нөхцөл байдал бүр ч долоон дор. Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороо гэхэд 15 мянга гаруй хүн амтай, 4600 орчим хүүхэдтэй. Гэвч энэ олон хүүхдийн дунд 11 тоглоомын талбай л бий. Үүнээс гэр хорооллын хэсэгт ердөө гурав нь л ногдож буй. Өөрөөр хэлбэл, тэндхийн хүүхдүүдийн хувьд тоглоомын талбай гэдэг бараг л “мөрөөдөл”. Хэдэн гудамжны дунд ганц сагсны шийд байвал их юм аж. Тус дүүргийн 33 дугаар хороо буюу олны нэрлэж заншсанаар Модны хоёр орчмын тоглоомын талбайнууд ч мөн адил 200-300 айлын дунд алга дарам газарт нэр төдий хэдхэн хуванцар гулсууртай. Үндсэндээ манай хотод стандарт, шаардлагад нийцсэн, хүүхдэд ээлтэй тоглоомын талбай хайснаас чанаргүй, эрсдэлтэйг нь олох илүү амархан бололтой.
ЖИЛД ДУНДЖААР 2500 ХҮҮХЭД ГЭМТЭЖ, БЭРТДЭГ
Хүүхдийн тоглоомын талбайн асуудал үүгээр дуусахгүй. ГССҮТ-ийн мэдээллээс харахад сүүлийн жилүүдэд тоглоомын талбайтай холбоотой осол гэмтлийн тоо тогтмол өссөн байна. 2017 онд ийм шалтгаанаар эмнэлэгт хандсан хүүхдийн тоо 600 гаруй байсан бол хэдхэн жилийн дотор энэ тоо хэд дахин нэмэгдэж, 2020 онд 2400 давжээ. 2024-2025 онд л гэхэд жилд дунджаар 2500 хүүхэд тоглоомын талбайн орчинд гэмтэж, яаралтай тусламж авсан гэнэ. Нэг хэсэг нь савлуураас унаж, гараа хугална. Зарим нь төмөр гулсуурны ирмэгт хөл, гараа зүсэх бол нөгөө хэсэг нь резинэн дэвсгэргүй талбайд унаж, толгойгоо гэмтээнэ. Энэ болгоны цаана өвдөг, тохой, толгойгоо гэмтээсэн бяцхан үрс, тэднийг харан сэтгэлээ чилээн нойргүй хоносон эцэг, эхчүүд бий гэж бодохоос халаглам. Хөгжингүй орнуудын иргэдээс “Танай улсад жилд 2500 хүүхэд тоглоомын талбайд тоглож байхдаа бэртдэг үү” гэж асуувал хэн ч итгэхгүй, бүр төсөөлөх ч үгүй биз. Гэтэл монгол хүүхдүүдийн хувьд энэ нь дөрвөн хананы дундаас гарч, цэвэр агаарт тоглосныхоо төлөөсийг эрүүл мэндээрээ төлж буй хэрэг. Бид энэ мэт урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой ослоос ч үр хүүхдээ хамгаалж чадахгүй, бага чуудад хамгийн ээлгүй хот бий болгожээ.
ОЛОН УЛСАД ХҮРТЭЭМЖТЭЙ ТОГЛООМЫН СТАНДАРТ МӨРДДӨГ
Олон улсын туршлагаас харахад хүүхдийн тоглоомын талбайг зөвхөн хэдэн төмөр төхөөрөмж зоосон орон зай гэж үздэггүй. Харин тэдний тархины хөгжил, нийгэмшихүйн хамгийн чухал талбар гэж тодорхойлдог байна.
Тухайлбал, Японд тоглоомын талбайн аюулгүй байдлыг хот төлөвлөлтийн тусгай хуулиар хамгаалдаг бөгөөд гурван түвшний хяналтын систем үйлчилдэг. СӨХ, эсвэл орон нутгийн захиргаа өдөр тутамд хог хаягдлыг цэвэрлэх үүрэгтэй бол сар бүр мэргэжлийн инженерүүд тоглоомын боолт, бэхэлгээ бүрийг тусгай багажаар шалгадаг байна. Жил бүр хөндлөнгийн хараат бус аудитын байгууллага аюулгүй байдлын гэрчилгээг нь сунгаж байж тухайн талбайг үргэлжлүүлэн ажиллуулах зөвшөөрөл олгодог. Хэрэв стандартыг зөрчвөл тухайн талбайг хааж, хариуцагч этгээдийг өндөр торгоно. Манайд ч эл аргыг нутагшуулж, СӨХ-ны ажлыг бодитоор үнэлж, дүгнэдэг болох шаардлагатай.
Мөн Норвеги, Шведэд хүүхдийн тоглоомын орчинд төмөр, пластик материалаас татгалзаж, байгалийн эко материал буюу мод, элс, чулууг түлхүү ашиглахыг шаарддаг. Төмөр тоглоомууд өвөл хөлдөж хүүхдийн арьсыг хайрах, зун хэт халж, түлэх эрсдэлтэй. Түүнчлэн хуучирч, зэвэрсэн тоглоом хүүхдийн биед сөргөөр нөлөөлдөг байна. Тиймээс Монгол шиг эрс тэс уур амьсгалтай улсад пластик, төмрөөс татгалзаж, модоор хийсэн байгалийн тоглоомын талбайн жишгийг нэвтрүүлбэл хүүхдэд ээлтэйгээс гадна эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй шийдэл аж.
Скандинавын орнуудад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг бусадтай тэгш тоглох боломжоор хангахын тулд хүртээмжтэй байх стандартыг заавал мөрдүүлдэг. Тэргэнцэртэй хүүхэд шууд гулсах боломжтой налуу замтай гулсуур, харааны бэрхшээлтэй багачуудад зориулсан барзгар гадаргуутай тэмдэглэгээ, тусгай хамгаалалтын бүстэй савлуур зэрэг нь хот төлөвлөлтийнх нь суурь нөхцөл бол АНУын зарим мужад тоглоомын талбайн эвдрэл, аюултай байдлыг иргэдийн оролцоотойгоор шууд хянадаг, ухаалаг систем нэвтрүүлжээ. Оршин суугчид гаднах талбайд нь ямар нэгэн эвдрэл гарсан бол гар утсаараа зургийг авч, хотын захиргааны нэгдсэн аппликэйш руу байршилтай нь илгээдэг. Хуулийн дагуу дүүргийн тохижилтын баг уг мэдээллийг хүлээн авснаас хойш 24-46 цагийн дотор засаж, аюулгүй болгох үүрэг хүлээдэг. Хэрэв хугацаа хэтэрвэл иргэд шүүхэд гомдол гаргах эрхтэй. Энэ мэтчилэн дэлхийн хотууд хүүхдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх орон зайг бизнесийн ашиг орлогоос дээгүүр тавьж, хууль эрх зүй, санхүүжилт, иргэдийн хяналтыг нэг дор зангидаж чадсанаар тэднийг осол гэмтлээс хамгаалдаг байна.
Харин манайд “Аюулгүй Монгол хүүхэд” төслийн хүрээнд хяналт шалгалт хийж, сайжруулна гэж ярьж буй ч бодит байдалд өөрч лөгдсөн зүйл алга. Эвдэрч хэмхэрсэн тоглоомуудаа засаж, сайжруулж, стандартад нийцүүлэхийн оронд угааж, цэвэрлэхээс хэтэрсэнгүй. Дүүрэг нь хороо, хороо нь СӨХ, СӨХ нь эцэг, эхчүүд рүү бүх бурууг чихсээр Улаанбаатарын хүүхдүүдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх үргэлж зөрчигдсөөр байна. Өвлийн улиралд утаанаас болоод гэртээ хоригддог хүүхдүүд зуны амралтаа ч хаалттай хаалга, хэмхэрхий тоглоомын дунд өнгөрүүлж буй нь харамсалтай. Зуны амралт дуусаж, намар болтол Улаанбаатарын хүүхдүүд хагархай шил, хадаасны хажууд, хэзээ мөдгүй салж унах дөхсөн хуванцар тоглоомон дунд, автомашины дугуйны “нөхөөс” болчих нь холгүй бор өдөр шар нарыг арай ядан өнгөрүүлсээр л байх бололтой.
Э.Сүйлэн