Нийслэл Улаанбаатар хотын өнгө төрхийг засаж, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх нэрээр жил бүрийн төсөвт олон тэрбум төгрөг тусгаж, элдэв төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг. Үүний нэг нь “New Ulaanbaatar west terminal” төслийн хүрээнд байгуулсан автобусны 67 дулаан зогсоол юм. Анх ашиглалтад оруулахдаа ухаалаг дэлгэц, үнэгүй интернэт, гар утас цэнэглэгчтэй, орчин үеийн жишиг үйлчилгээ хэмээн сүр дуулиантай сурталчилсан эдгээр зогсоол харамсалтай нь өнөөдөр ТҮЦ (Түргэн үйлчилгээний цэг) болон хувирав. Тухайлбал, олны хэлж заншсанаар “120 мянгат”, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутагт байрлах “Таван шар”-ын автобусны буудлын дулаан зогсоол хэдийн худалдааны цэг болжээ. Өөрөөр хэлбэл, татвар төлөгчдийн мөнгөөр, автобусаар зорчигчдод зориулж барьсан нийтийн эзэмшлийн талбайг худалдаа эрхлэгчдэд түрээслүүлж, ундаа, тамхи, амттан заруулсаар буй гэсэн үг.
Өвөлдөө хасах 38-40 хэмийн хүйтэнд, авто замын түгжрэлээс шалтгаалан иргэд нийтийн тээвэр хүлээж, автобусны буудалд 30-40 минут, заримдаа цаг гаруйн хугацаанд зогсох нь энгийн үзэгдэл болсон. Яг ийм жавар тачигнах үед иргэдэд хамгийн их үгүйлэгдсэн зүйл бол өнөөх дулаан зогсоолууд байлаа. Гэвч бодит байдалд төсвийн мөнгөөр босгосон “шилэн хорго”-нууд өвлийн турш цоожтой байсан тухай “Өнөөдөр” сонин өмнө нь ч хөндөж бичсэн билээ.
Үндсэндээ, өвлийн турш цоожтой байсан зогсоолууд урин дулаан цагтай уралдан худалдааны цэг болсонд иргэд ихээхэн бухимдаж буй. Мөн хувийн хөрөнгөөрөө ТҮЦ ажиллуулах гэсэн иргэнийг хотын үзэмж гутаалаа гээд албадан нүүлгэдэг хэрнээ төсвийн мөнгөөр барьсан объектыг хэнд, ямар шалгуураар, хэдэн төгрөгөөр түрээслүүлсэн, түрээсийн төлбөр нь хаашаа ордог талаарх мэдээлэл хаалттай хэвээр байна. Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрынхаас тодруулах гэсэн боловч харамсалтай нь тайлбар өгөх эрх бүхий албан тушаалтан олдсонгүй. Харин ТҮЦ эрхлэгчид зөвшөөрлөө дүүргээсээ авсан хэмээх хариултаар ам таглах бол хариуцсан дүүргүүдийн эрх мэдэлтнүүд нь “Бид мэдэхгүй, нийслэлээс асуу” гэх аж.
Тендерийн мэдээллээс үзвэл автобусны нэг дулаан зогсоолыг байгуулахад нийслэлийн төсвөөс дунджаар 100 орчим сая төгрөг зарцуулсан гэх албан бус тоо бий. Хэрэв энэ үнэн бол нийт 67 зогсоол барихад татвар төлөгчдийн халааснаас 6.7 тэрбум гаруй төгрөгийг зөвхөн энэ төсөлд урсгасан гэсэн үг. Эдийн засгийн үр ашгийн үүднээс харвал 6.7 тэрбум төгрөгөөр хэдэн арван шинэ автобус худалдан авах, эсвэл гэр хорооллын сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдал, тохижилтыг иж бүрэн шийдвэрлэхэд хүрэлцэхүйц хөрөнгө. Гэвч хотын удирдлагууд энэ их мөнгийг үр ашиггүй шилэн “хайрцаг” барихад зарцуулчхаад, өнөөдөр “Менежмент хийж, арчилж чадахгүй байна” хэмээн хариуцлагаасаа ухарч суух нь шударга бус.
Нитийн тээврээр зорчигчдын тав тухыг хангах зориулалттай энэхүү зогсоолыг өдгөө худалдааны цэг болгон ашиглаж байгаа нь хотын бодлого хоорондоо хэрхэн зөрчилдөж буйн тод жишээ юм. Нэг талаас хотын өнгө үзэмжид халтай хэмээн хувийн эзэмшлийн ТҮЦ-үүдийг албадан буулгасан атлаа татвар төлөгчдийн мөнгөөр барьсан нийтийн өмчийг хувийн худалдаа эрхлэгчдэд ашиглуулж буйн цаана ямар нэгэ ашиг сонирхлын зөрчил бий юү гэж хардах хүн олон.
Үүнээс гадна цахим орчинд өрнөж буй иргэдийн шүүмжлэл дундаас хамгийн их бухимдал дагуулж байгаа нь эдгээр ТҮЦ-ийн худалдагч нарын харилцаа, хандлага юм. Иргэдийг автобус хүлээх зуураа дотор нь орж утсаа цэнэглэх гэхээр худалдагч нар нь уурлаж, “Бараа хаалаа, энд утас цэнэглэж болохгүй, гар” хэмээн хөөж туудаг аж. Тухайн ТҮЦ-ээс ямар нэгэн зүйл худалдаж авахгүй л бол дотогш нэвтрэх хориотой гэсэн “хууль” тэнд үйлчилж эхэлжээ.
НИЙТИЙН ӨМЧ ХУВИЙН ЭЗЭМШЛИЙНХ БОЛСОН НЬ
Эргэн сануулбал, нийслэлийн хэмжээнд нийт 1287 автобусны буудал байдгаас “New Ulaanbaatar west terminal” төслийн хүрээнд 67-г нь дулаан зогсоол болгон тохижуулсан. Гэвч Баянзүрх дүүрэг дэх 12 зогсоолын тав нь ажиллахгүй, доторх тоног төхөөрөмж нь хулгайд алдагдсан бол, Сонгинохайрхан дүүргийн 24 зогсоолын тав нь Улсын комисс хүлээж аваагүй гэх шалтгаанаар өвөлжин цоожтой байсан юм. Улмаар иргэд цахим орчинд үүнийг шүүмжилж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дулаан зогсоолуудын үнэн төрхийг илчилж эхэлмэгц нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрынхан гэнэт “хөдөлж”, зогсоолуудыг засаж, нээж буй дүр эсгэсэн юм. Хаврын урь орж, иргэдийн бухимдал туйлдаа хүрэх үед л холбогдох албаныхан “Яаралтай засуулж, нээх үүрэг өглөө” хэмээн ам уралдан мэдэгдэцгээснийг уншигчид санаж буй биз ээ.
Хахир өвлөөр цоожтой байсан зогсоолуудаа хаврын адаг сар гарч, урин дулаан цаг ирэхэд “иргэдийг дулаацуулах гэж байна” хэмээн нээсэн нь тухайн үедээ олны элэг доог болж, ихээхэн шүүмжлүүлсэн. Гэтэл хамгийн хачирхалтай бөгөөд харамсалтай үйл явдал хавар, зуны улиралд өрнөв. Олон нийтийн эсэргүүцлийг дарахын тулд ажиллуулах аядсан өнөөх “шилэн хорго”-нууд ердөө ганцхан сарын дараагаас ТҮЦ болон хувирсан. Уг нь хотын захиргаанаас өнгөрсөн намар хуучин ТҮЦ-үүдийг явган хүний зам хааж, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж байна гэсэн үндэслэлээр албадан буулгасан. Гэтэл тэд эргэн ирэхдээ “дүрээ хувиргаж”, дулаан зогсоол дотор байрлах болсон нь энэ юм. Товчхондоо, ТҮЦ алга болоогүй, зөвхөн өнгө төрхөө л өөрчилсөн хэрэг.
ХАРИУЦЛАГААС ЗУГТАГСАД
Ерөөс татвар төлөгчдийн хөрөнгөөр бүтсэн нийтийн эзэмшлийн газарт иргэн эрхээ эдэлж, үйлчилгээ авах гэснийхээ төлөө хувийн бизнесийнхэнд загнуулж, хөөгдөнө гэдэг байж боломгүй доромжлол. Хөгжил рүү тэмүүлсэн Улаанбаатар хот эргээд 1990-ээд оны ТҮЦ-ийн сэтгэлгээ рүүгээ ухарч буй хэрэг биш үү.
Хотын удирдлагууд болон холбогдох албаныхан үүнийг тайлбарлахдаа “Шөнөөр орон гэргүй иргэд орж хоноглодог, архи уудаг, доторх эд хөрөнгийг нь эвдэж сүйтгэдэг, шилийг нь хагалдаг” гэх мэтээр бүх бурууг иргэд рүү чихэж, нийгмийн байдлаар нь ялгаварласан өнгө аястай тайлбар хийсээр ирсэн. Хэрэв орон гэргүй хүмүүс хонодог, эд зүйл эвддэг байсан бол хяналтын камер, цагийн хуваарьтай нэвтрэх систем, алсын удирдлагатай цахилгаан түгжээ зэрэг шийдлийг анхнаасаа төлөвлөх ёстой байсан. Гэтэл зүгээр л цоожлоод асуудлыг шийдчихэж болно гэсэн ядмаг сэтгэлгээгээр хандсан нь манай төрийн байгууллагынхан иргэдээ хэрхэн үл тоож, хайхардаггүйн наад захын жишээ юм.
Тухайлбал, дэлхийн хамгийн хүйтэн хотуудын нэг Канадын Виннипегт автобусны дулаан зогсоолууд нь 24 цагийн камерын хяналттай, автомат нэвтрэх системтэй байдаг. Иргэд зөвшөөрөгдсөн цагт нийтийн тээврийн цахим картаа уншуулж дотогш нэвтэрдэг бөгөөд яаралтай тусламжийн дуудлагын товчлуурыг ч давхар шийдсэн байдаг. Өөрөөр хэлбэл, манайх шиг орон гэргүй хүмүүс орчихно гээд нийтийн өмчийг цоожлоод суудаг, эсвэл ТҮЦ болгож ашиг олдог хот хаана ч алга. Гагцхүү манайх л цоожлох, эсвэл бусдад даатгах гэсэн өнгөрсөн зууны арга барилаасаа салж чадахгүй байна.
Нийслэлийн болон дүүргүүдийн ЗДТГ-ынхан “Бид арчилж чадахгүй учраас хувийн хэвшилд хариуцуулчихсан” гэх тайлбар өгч, хариуцлагаас зугтдаг нь үнэн. Нийтийн тээврийн дэд бүтцийг хамгаалах, цэвэрлэх, хяналтын камер тавьж, хэв журам сахиулах нь цагдаа болон хот тохижилтын л үндсэн үүрэг байх ёстой. Гэтэл үүргээ биелүүлж чадахгүйн улмаас зогсоолоо дэлгүүр болгосон нь хот удирдаж буй дарга нарын менежментийн чадамж ямар түвшинд байгааг бэлхнээ харуулах шиг. Жил бүр авто замын хашлага сольж, элдэв хурал цуглаанд олон тэрбумаар нь хөрөнгө цацдаг нийслэлийнхэнд ердөө 70 орчим дулаан зогсоолыг арчилж тордох сэтгэл, менежмент дутжээ гэмээр.
Э.Сүйлэн