Энэ удаагийн хөл бөмбөгийн ДАШТ-ийг уйтгартай болж байна хэмээн шүүмжилж байсан хүмүүсийн амыг тагласан тоглолтууд өчигдөр боллоо. Тодруулбал, хасагдах шатны ээлжит тулаануудын үр дүнд ДАШТ-ий зүлэг ногоон дэвжээнд дээгүүр хүч үзнэ гэж тооцогдож байсан Нидерланд, Германы шигшээ баг өвдөг шороодлоо.
“АТЛАСЫН АРСЛАНГУУД” ГАЙХАМШГААР АМЬД ҮЛДЭЖ, УЛБАР ШАРУУД ГЭРТЭЭ ХАРИВ
“Estadio BBVA” цэнгэлдэх хүрээлэнд Нидерланд, Мароккогийн баг дараагийн шатанд гарах эрхийн төлөө 120 минут тэмцлээ. Эхний хагаст хоёр баг аюултай довтолгоо бараг үүсгэсэнгүй. Тэр тусмаа Р.Куманы залуус хаалга руу нэг ч удаа цохиогүй боловч сонирхолтой нь эхний гоолыг оруулав. К.Самервилл унаж байхдаа К.Гакпод оновчтой дамжуулалт өгснийг “Ливерпуль”-ийн довтлогч алдсангүй.
Мароккочуудад тэмцээнээс хасагдахад ердөө зургаан минут үлдээд байсан ч И.Диопын цохилт тоог тэнцүүлснээр тулаан нэмэлт цагт шилжив. Нэмэлт цагт хоёр баг ердөө ганцхан аюултай цохилт хийснээр ялагчийн хувь заяа 11 метрийн торгуулийн цохилтоор шийдэгдэх боллоо. Энэ удаад шийдвэрлэх мөч дахин К.Самервиллд ногдов. Гэхдээ хаалгач Я.Буну түүнийг ид шидээрээ ховсдсоноор цохилтыг нь бараг үсрэхгүйгээр барьж авлаа. Харин эсрэгээрээ И.Сайбари хүйтэн сэтгэлтэй гэдгээ харуулж, шийдвэрлэх цохилтоо оруулснаар Нидерландыг “гэрт нь хариуллаа”.
Ийнхүү “Атласын арслангууд” шөвгийн наймд Канадтай тоглох эрхээ өвөртлөв. Харин “Улбар шарууд” нэгэн хар цувралаа үргэлжлүүллээ. Тэд гурван дэлхийн аваргад 11 метрийн торгуулийн цохилтоор (2014, 2022 онд Аргентинд хожигдсон) ялагдаад байна.
БУНДЕСТИМ ПАРАГВАЙН ӨМНӨ БӨХИЙЛӨӨ
Парагвай эхний тоглолтдоо АНУ-д бут ниргүүлсэн (1:4). Тэд 0:3 харьцаатай хожигдож байхдаа гоолын баяраа сэтгэл дүүрэн тэмдэглэж байсныг нь шоолох хүн олон байсан ч энэхүү баяр хөөрөө тэд хадгалсаар хасагдах шатны эхний даваагаа итгэл төгс давлаа.
Энэ тулааны фаворит нь мэдээж Герман байв. Ялангуяа эхний хагаст Ю.Нагельсманы залуус тоглолтыг бараг бүхэлд нь хяналтдаа байлгаж, бөмбөгийг 80 хувьтай эзэмшиж, өрсөлдөгчийн хаалга орчимд байнга дарамт үзүүлсэн ч гоол оруулж чадаагүй. Харин Парагвайн цөөн довтолгооны нэг нь Х.Энсисогийн оновчтой мөргөлтөөр төгсөж, тоо 1:0 болов.
Хоёр дахь хагасын эхэнд Бундестим тоог тэнцүүлсэн. Ф.Вирцийн дамжуулалтыг К.Хаверц чулуу болгосон агаад үүнээс хойш тоглолтын дүр зураг өөрчлөгдсөнгүй. Өөрөөр хэлбэл, германчууд дарамталсаар, парагвайчууд хамгаалсаар. Нэмэлт цагт байдал тодорхой болж, Парагвай довтолгоогоо бүрмөсөн мартаад зөвхөн торгуулийн цохилтыг хүлээж эхэллээ. 102 дахь минутад Ж.Тагийн гоол тэдний төлөвлөгөөг бусниулах шахсан ч ВАР гоолыг хүчингүйд тооцов. Чухам энэхүү шийдвэр болон үндсэн цагт нэмж гоол оруулж чадаагүй нь Германы багийн гунигт хувь тавилангийн эхлэл болсон билээ.
Ингээд аз эз, нерв, сэтгэл хөдлөлөөр шийдэгддэг пеналтийн тулаанд К.Хаверц, Н.Вольтемаде, Ж.Та багаа хөөдсөнөөр Бундестим гэртээ харьж, Парагвай дараагийн шатанд Франц-Шведийн ялагчтай тулахаар болсон юм.
БРАЗИЛИЙН ХОЖУУ ГООЛ ЯПОНЧУУДЫН ЗҮРХИЙГ ШАРХЛУУЛАВ
Хоёр багийн тулаан ногоон талбайд бус сошиал орчинд ч хурц өрнөв. Тоглолтын өмнө хоёр талын шүтэн бишрэгчид арьс өнгөөр доромжилсон үгс онлайнаар солилцож амжсан. Эхний хагаст Японы багийн фэнүүд баярлахад илүү ойрхон байсан агаад үнэхээр ч К.Сано 29 дэх минутад тоглолтын эхний гоолыг оруулав. Гэвч хагас цагийн дараа Касемиро тоог тэнцүүлж, харин 90+5 дахь минутад Г.Мартинелли оновчтой цохилтоор пентакампеонуудад ялалт авчирлаа.
Энэхүү үр дүн япончуудад асар хүнд цохилтоос гадна “хар” дурсамжийг бэлэглэв. Учир нь тэд гурван ДАШТ дараалан хасагдах шатныхожижявсантоглолтдоо ялагдажбайна. Японы шигшээ 2018 онд Орост болсон ДАШТ-д Бельгид (2:3), 2022 онд Катарын ДАШТ-ий үеэр Хорватад (1:1, 11 метрийн цохилтоор 1:3) ялагдсан түүхтэй. Дараагийн ДАШТ хүртэлх дөрвөн жилд “цэнхэр самурайнуудад” бодох зүйл их байгаа нь гарцаагүй.
Э.Манлайбаатар