Үндэсний их баяр наадам зохион байгуулах комиссын дарга, шадар сайд Н.Номтойбаяр энэ жилийн наадмын зохион байгуулалтын асуудлаар өнөөдөр мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Энэ жилийн баяр наадмыг зохион байгуулахад хэд хэдэн онцлогтой болно. Тухайлбал, Өнгөрсөн жилүүдэд бөхчүүдийн допингтой холбоотой асуудлууд гарч, наадамчин олны сэтгэлийг гонсойлгож байсан. Энэ удаад урьдчилсан байдлаар допингийн явцын шинжилгээг авсан. Одоогийн байдлаар допингийн шинж тэмдэг илэрсэн нэг ч бөх байхгүй байна. Дараа жилээс 17 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барууны итгэмжлэгдсэн лабораторийн иж бүрдэл тоног төхөөрөмжийг манай улс худалдан авч, бүх бөхөөс допингийн шинжилгээ авдаг болох зохицуулалтыг хийж байна.
Хурдан морьдын сэрвээний өндөр намтай холбоотой хэл дагуулсан асуудал гардаг. Энэ удаад дулаан мэдрэгчээр тусгайлан тоноглогдсон төхөөрөмжөөр уяачид морио хөтөлж орж шалгуулдаг байх байдлаар зохион байгуулагдаж байгаа. Хоёр хоногийн өмнө Хүй долоон худагт газар дээр суурилагдаж, туршилтууд хийгдсэн. Цаашдаа Монгол морины удмын санг бүрдүүлж, хэл маргаан бага байхаар зохион байгуулна.
Бүх тасалбар болон урилгыг комиссоос тогтоосон үнийн дагуу зарж байгаа. Ямар нэгэн байдлаар чөлөөлөгдөх хүн байхгүй. Монголчууд бидний соёл уламжлал байдгийн дагуу гадаадын зочидтой үнэ төлбөргүй урилга тараана.
Мөн үндэсний үйлдвэрлэгч компаниудыг урьж, өөрсдийнхөө үндэсний бүтээгдэхүүнийг зарж, борлуулах үйл ажиллагааг явуулна. Маргаашийн Засгийн газрын хуралдаан дээр Үндэсний их баяр наадам зохион байгуулах комисс танилцуулга хийж, ирэх долоо хоногт Засгийн газрын тогтоолын төсөл гарна. Монголыг зорьж ирдэг жуулчдад зориулсан бодлогын шинж чанартай бүтээн байгуулалтын ажлыг танилцуулах болно. Ер нь бид Үндэсний их баяр наадмын онцлогийг харуулсан арай өөр байдлаар зохион байгуулахаар бид танилцуулга хийнэ. Энэ жил 1,024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр бөхийн 1, 2-ын даваа үнэ төлбөргүй зохион байгуулагдана. Өөрөөр хэлбэл, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн үүд хаалга нээлттэй байна, үнэ төлбөргүй үзүүлнэ гэсэн үг. Долоодугаар сарын 13-нд дэлхийн адууны өдрийн баяр Хүй долоон худагт болно" гэв.