Банкнуудын эдийн засагч, их, дээд сургуулийн багш, судалгааны болон үнэт цаасны компаниудын нийт 19 шинжээчийн дунд явуулсан макро эдийн засгийн төсөөллийн судалгааны үр дүнг Монголбанкнаас танилцууллаа. Үүнд ирэх оны I улиралд бодлогын хүү бага зэрэг буурч 11.7, инфляц 9.2, зээлийн хүү өнөөгийн түвшинд буюу 17.5 хувьд хадгалагдах төлөвтэй гэж тэд үзжээ. Энэ удаагийн инфляцын төсөөллийг өмнөхтэй харьцуулахад нэлээд өссөн ч цаашид буурах хандлагатай гэнэ. Ирэх онд инфляц 9.8 хувь болох магадлалтай хэмээн тус шинжээчид үзэж буй юм. Харин манай улсын эдийн засгийн өсөлт 2027 оны I улиралд ялимгүй саарч 6.3 хувь болох төлөвтэй аж. Ташрамд, эл улирал тутмын түүвэр судалгааны тайлангийн агуулга нь зөвхөн банкнууд, хувь шинжээч, судлаачдын төсөөллийн нэгдсэн дүнг илэрхийлэх бөгөөд Монголбанкны албан ёсны байр суурь биш юм.
Уг тайлангийн үр дүнгийн талаар эдийн засагчаас тодруулахад “Үнийн өсөлт өндөр байхад бодлогын хүүг ийнхүү бууруулбал инфляцыг хязгаарлахаас илүүтэй эдийн засгийн өсөх явцыг улам муутгахаар харагдаж байна. Уул уурхайн орлогоор тэлсэн өсөлт саарч, үнэ болон зээлийн хүүгийн дарамт хослох магадлалтай. Ингэснээр иргэд бүсээ улам чангалах хэрэгтэй болно гэсэн үг” хэмээлээ.
Д.Хэрлэн