Нийслэлийн төсөв, хөрөнгийн бусад эх үүсвэрээр хэрэгжүүлж буй төслүүдийн санхүүжилтийн зарцуулалтыг шалгах, худалдан авах ажиллагаа, сонгон шалгаруулалтыг хуулийн дагуу явуулсан, эсэх, авлигын гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа, үгүйг тогтоохоор тагнуул, цагдаа, АТГ-ын хамтарсан ажлын хэсгийн мөрдөгчид ажиллаж буй билээ. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын I орлогч асан Т.Даваадалайгийн төрсөн дүү, “Улаанбаатар метро” төслийн захирал Т.Мөнхдалайг ажлын хэсгийнхэн хойшлуулшгүйгээр 48 цагийн хугацаатай баривчилжээ. Улмаар сэжигтнийг баривчлах саналаа Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд хүргүүлж, шийдвэрлүүлсэн байна. Дугаар шилжих мөчид авсан мэдээллээр Т.Мөнхдалайг үргэлжлүүлэн нэг сар цагдан хорих саналыг дээрх шүүхэд хүргүүлсэн гэнэ.
Бидний авсан мэдээллээр Т.Мөнхдалайг ахынхаа албан тушаалаа урвуулсан, мөнгө угаасан үйлдэлд хамжигчаар хамтран оролцсон хэмээн буруутгаж, хойшлуулшгүйгээр баривчилсан аж. Нийслэлийн Засаг даргын I орлогч асан Т.Даваадалайг “Улаанбаатар метро” болон “Туулын хурдны”, “Нэгдүгээр тойрог зам” зэрэг төслийн хөрөнгөөс хамаарал бүхий хүмүүсийн үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжүүдээр дамжуулан, туслан гүйцэтгэгч нэрийн дор 6.6 тэрбум төгрөг завшиж угаасан хэмээн буруутгаж, нэг сарын хугацаагаар цагдан хориод буй билээ.