Тавантолгойн нүүрсний давхаргын метан хийн төсөл (TTCBM Project)-ийн нөөцийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл баталгаажуулж, ашигт малтмалын нөөцийн улсын нэгдсэн санд бүртгэжээ. Ингэснээр тус төслийг хэрэгжүүлж буй компани урт хугацааны ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэх боломжтой болов. Түүнчлэн энэ нь байгалийн хийн нөөцийг албан ёсоор бүртгэсэн анхны тохиолдол болсон аж. Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Jade gas holdings limited” компанийн хэрэгжүүлж буй уг төслийн баталгаат нөөц одоогоор тодорхойгүй ч 3P ангиллын дагуу 793 сая шоо метр хэмээн тооцоолсон байна. Компанийн ТУЗ-ийн хараат бус гишүүн Иан Ванг “Бид цаашид арилжааны олборлолт руу шилжих зорилготой ажиллана” гэдгээ тодотгосон.
Ташрамд дурдахад, өнгөрсөн дөрөвдүгээр сард “Jade gas holdings” TTCBM төслийнхөө үнэлгээний хөтөлбөрөө баталж, Ашигт малтмал, газрын тосны газраас холбогдох зөвшөөрлөө авснаа мэдээлсэн даруйд хувьцааны ханш нь 73 хувиар өсөж байв. Түүнчлэн 2025 оны гуравдугаар сард эл төслийнхөө талбайд хөндлөн өрөмдлөг хийх явцдаа их хэмжээний хийн нөөц илрүүлснээ зарлаж байсан юм.