Хотын дарга асан Х.Нямбаатар “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийг 2024 онд нурааж, суурин дээр нь 44 тэрбум төгрөгөөр долоохон ширхэг модтой, цементэн талбай бүхий “цэцэрлэгт хүрээлэн” байгуулж, нийслэлчүүдийг доромжилсон. Энэ хавар хэдэн мод нэмж суулган, зүлэгжүүлсэн болоод бүтээн байгуулалт нь дуусав бололтой, одоогоор хийж, тохижуулж буй ажил алга. Дээрээ нар хаах сүүдрэвчгүй, зуны халуунд алхах, салхилаад суух боломжгүй, хаймран буюу резинэн замтайн дээр орчноо чийгшүүлэх усан оргилуур ч байхгүй. Хувцас хатаагч шиг тохоод тавьсан төмөрнүүд нь бороожуулагч гэх боловч ажилладаггүй. Үүнийг ямар юмных нь цэцэрлэгт хүрээлэн гэх вэ дээ.
Харин ч хотын удирдлагууд ашиг бодож, “Урт цагаан”-ы суурин дор далд зогсоол байгуулан, иргэдээс мөнгө хураагаад сууж буй. Хамгийн хоржоонтой нь, өнөөх далд зогсоол нь өнгөрсөн сард орсон ганцхан бороонд тараа таниулж, усанд автсаныг бид мэдээлсэн билээ. Үүнийг зориуд тэмдэглэх болсон нь “Урт цагаан”-ы бүтээн байгуулалт бол Улаанбаатар хотыг цэцэрлэгт хүрээлэнтэй болгох улс төрчдийн олон жилийн худлаа амлалт, “попрол”, мөнгө “идэж уух” гэж зохиосон “үлгэр” болохыг цаг хугацаа бидэнд хангалттай харуулсаар байгаа юм. Өөрөөр хэлбэл, иргэдийн цэцэрлэгт хү рээлэнтэй, усан оргилууртай, амралт зугаалгын бүстэй, нарлаж салхилах цэгтэй болох чин хүсэлд дөрөөлсөн үе үеийн хотын дарга нарын бизнес, үнэтэй байршил дахь газруудыг нь хулхидаж авдаг овжин арга нь болж хувирсныг олон жишээ гэрчилсээр байна.
“Цэцэрлэгт хүрээлэн байгуулна” гэх эрх баригчдын хоосон амлалт сонгуулийн мөч лөг бүрийн салшгүй хэсэг болсоор удав. Тэр дундаа хотын удирдлагууд солигдох бүрд шинэ парктай болно, ногоон байгууламж нэмэгдүүлнэ, иргэдийн амрах орчныг сайжруулна гэж мэдэгддэг ч хэдэн жилийн дараа энэ бүхнийг нь эргээд харахад тэдгээр нь ихэвчлэн зурагт үлдсэн төсөл, цахимд зарлагдсан тендер, хэвлэлийн мэдээ, нэр төдий байгууламж болон үлдсэн байх нь олонтоо. Анх иргэдээс санал авч, хотын төвд амрах, алхах, салхилах орон зай бий болгоно гэж “Урт цагаан”-ыг нураачхаад төсөл хэрэгжүү лэх явцдаа “зүс”-ийг нь хэд хувилгаж, эдүгээ цэцэрлэгт хүрээлэнгийн хэлтэрхий ч үгүй бетонон талбай болон хоцорсон нь дээрхийг гэрчлэх хангалттай нотолгоо.
Үүнтэй адил нийслэлийн дүүрэг, хороо бүрд, цаашлаад гэр хорооллын бүсүүдэд том, бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах төсөл, хөтөлбөр олныг хэрэгжүүлсэн ч бодит байдалд бялдаржуулах хэдэн төмөр төхөөрөмж, хүүхдийн тоглоомын талбай нэртэй ганц гулсуур, саравч, сандлаас хэтрээгүй юм даг. Үүнийгээ хотын удирдлагууд “Цэцэрлэгт хүрээлэн байгуулсан” хэмээн хэвлэлээр сурталчлуулж, тайландаа хавсаргадаг гэхээр даанч хөөрхийлөлтэй.
Ерөөс цэцэрлэгт хүрээлэн гэх нэр томь ёоноосоо авхуулаад л анхнаасаа будилаантай байж. Энэ нь хотод үнэхээр цэцэрлэгт хүрээлэнгүүд байгуулсан хэрэг биш, цементэн талбай тохижуулчхаад түүнийгээ тэгж нэрлэж заншсан явдал юм. Нийслэлийн ЗДТГ-ын буюу Улаанбаатар хотын албан ёсны цахим хуудсанд ийм тийм байршилд том, жижиг цэцэрлэгт хүрээлэн байгууллаа гэсэн мэдээ өч төчнөөн бий. Гэвч тэдгээр нь цэцэрлэгт хүрээлэнгийн наад захын шаардлага хангаагүй, жижигхэн талбайд суулгасан ганц хоёрхон мод, сүүдрэвч, сандлыг нь бичил парк гэж хэлэхэд ч гомдмоор.
ГУРВАН ДҮҮРЭГ ДАМНАСАН БҮХ АРД ТҮМНИЙ ПАРК БАЙГУУЛАХ “ҮЛГЭР”
Товчхондоо цэцэрлэгт хүрээлэнтэй болох “хотын үлгэр” ингэж үргэлжилдэг аж. Парк байгуулах тухай эрх баригчдын “попрол” Засгийн газрын тогтоолтойгоо тэртээ 2001 онд эхэлсэн түүхтэй. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн өмнөх талбайд байгаль орчны цэцэрлэгт хүрээлэн байгуулах шийдвэрийг 215 дугаар тогтоолоор баталж байж шүү. Тухайн үед уг төслийг төр засгийн хэмжээнд дэмжиж, төсөв хөрөнгийг нь хүртэл баталсан байдаг. Харин өнөөдөр тэр цэцэрлэгт хүрээлэн хаана байгааг мэдэх хүн нэг ч алга. Үүнээс хойш Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг олон нийтийн тус дэмээр ойжуулж тордсоноос өөр ажил хийгээгүй. 2019 онд хотын таван байршилд цэцэрлэгт хүрээлэн, спорт цогцолбор байгуулах шийдвэр гаргаж байжээ.
Гэвч өнгөрсөн хугацаанд “Дүүрэг болгонд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил үе шаттайгаар үргэлжилж байна” хэмээн иргэдэд итгүүлж, бүр 51 байршлыг сонгон, бичил парктай болгохоор эхний 34-ийнх нь архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүртэл баталж байсан нь хэвлэлийн хуудсанд он, сар, өдөртэйгөө шарлан үлджээ. Эдгээрээс томоохон бүтээн байгуулалтуудыг нь дурдвал, Сүхбаатар дүүргийн Ногоон нуур орчмын 5.5 га газарт хиймэл нуур бүхий амралт, зугаалгын бүс, цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг эхлүүлсэн ч одоо болтол орон сууцын хороолол, газар чөлөөлөлтөөс үүдэлтэй маргаан тасрааргүй, хиймэл нуур манатай л байна.

Сингапур улсын “Gardens by the Bay” олон улсад хамгийн их үнэлэгддэг эко паркийн жишиг юм. Байгалийн болон хүний гараар бүтсэн технологийн хослол, хүлэмжийн цогцолбор болон борооны ус цуглуулах дэвшилтэт системээрээ алдартай.
Мөн Баянгол дүүрэгт буюу Гандантэг чэнлин хийдээс зүүн тийш газар чөлөөлж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна гэсэн шийдвэрийг одоо ч хэрэгжүүлээгүй, ярьсаар л байна. Саяхан нийслэлийн ИТХ-аас уг хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох тогтоол баталсны дагуу газар чөлөөлөх ажлыг эхлүүлсэн. Гандан орчмын 55 га газраас 700-800 нэгж талбарыг нь чөлөөлж, нийслэлд хамгийн томд тооцогдох жишиг цэцэрлэгт хүрээлэн байгуулах юм гэсэн. Харин олон нийт үүнийг хүчтэй эсэргүүцэж, хотын А зэрэглэлийн буюу хамгийн үнэтэй суурьшлын бүсийн газрыг иргэдэд цаасан малгай өмсгөж байгаад аваад “Урт цагаан”ых шиг бүтээн байгуулалт хийчих вий хэмээн эмээж буй. Цаашлаад Баянзүрхийн 23, 28 дугаар хороонд 300 га талбай бүхий үндэсний хэмжээний, олон улсын эко парк байгуулах ажлыг ч эхлүүлж байжээ. Бусад дүүрэгт, тухайлбал иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор Багахангай, Багануур, Чингэлтэй, Сонгинохайрханыг би чил цэцэрлэгт хүрээлэнгүүдтэй болгох шийдвэрүүдийг ар араас нь гаргасан байна.
Улмаар хотын дарга асан Д.Сумъябазарын үед Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүргийг дамнасан 600 гаруй га талбай бүхий бараг бүх ард түмний цэцэрлэгт хүрээлэнтэй болохоор сүр дуулиантай мэдэгдэж байжээ. Гэтэл дараа жилээс нь өнөөх цэцэрлэгт хүрээлэнгүүдийн сураг алдарч, гэр хороололд хэдэн бичил цэцэрлэг байгуулсан болоод дууссан аж.
НОГООН БАЙГУУЛАМЖ ҮНДСЭН ЗОРИЛГО НЬ БИШ
Хотод хэрэгжүүлэхээр эхлүүлсэн цэцэрлэгт хүрээлэнгийн төсөл, хөтөлбөрүүдийн дийлэнх нь эцэстээ ногоон байгууламж үндсэн зорилго бус, дагалдах элемент төдий зүйл болсон нь дээрх жишээнүүдээс ил харагдана. Нэг ёсондоо нийслэлчүүд бид сүүлийн жилүүдэд хотын удирдлагуудаас парк нэртэй ямар ч мод, зүлэггүй, сүүдрэвч, ус, хөрсгүй, цементэн талбай л “хүлээн авдаг” болжээ.
Уг нь хот төлөвлөлтийн шинжлэх ухаанд цэцэрлэгт хүрээлэн нь экологийн дэд бүтэц гэж явдаг. Өөрөөр хэлбэл, паркийн үндсэн зорилго нь хотын ногоон байгууламжийн тэнцвэрийг хадгалах, агаар цэвэршүүлэх, дуу чимээний ачааллыг бууруулах, борооны усыг хөрсөнд шингээх, иргэдийг байгальтай харилцах орчноор хангах билээ.
Хотын ногоон байгууламжийг зөвхөн амралт, зугаалгын хэрэгсэл төдий биш, нийтийн эрүүл мэндийн чухал бүрэлдэхүүн гэж ДЭМБ үздэг. Хотын ногоон бүсүүд агаар дахь тоосонцрыг шүүж, хүчилтөрөгч ялгаруулан, хэт халахаас сэргийлж, стресс тайлах, хөдөлгөөний идэвхийг нэмэгдүүлэхэд чухал нөлөөтэй. Тиймдээ ч улс орнууд паркийг хүн амын эрүүл мэндийн дэд бүтцийн нэг хэсэг гэж үздэг болжээ. Адаглаад л цэцэрлэгт хү рээлэн нь амрах чимээгүй бүстэй, биологийн төрөл зүйлүүдтэй, сүүдэртэй орчин, модлог ургамал зонхилсон байх шаардлагатай.
Олон улсад паркийн ногоон бүрхэц, модлог ургамлын эзлэх хувь, хүртээмж, экологийн үйлчилгээний хэмжээгээр нь үнэлдэг юм байна. Тухайлбал, нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ нь хотын хөгжлийн чухал үзүүлэлтэд тооцогддог. ДЭМБ нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг 50 ам метр байхыг хамгийн тохиромжтой түвшин гэж үздэг бол манай нийслэлд эл үзүүлэлт 10-д ч хүрдэггүй. Албаныхан Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, бусад баримт бичгийг батлахдаа нэг хүнд ногдох ногоон байгууламжийг багадаа 15-30 ам метр хүртэл нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж иржээ. Гэсэн ч нийслэлийн зарим хэсэгт уг хэмжээ 0.12-5 ам метрийн хооронд хэлбэлзэж байгаа нь олон улсын зөвлөмжөөс хэд дахин бага үзүүлэлт юм. Түүнчлэн ногоон байгууламжийн ихэнх нь хотын төв хэсэгт төвлөрсөн байдаг тул хүртээмж хангалтгүй.
Том хэмжээний парк байгуулах газаргүй болсон, өндөр нягтралтай дэлхийн хотууд би чил цэцэрлэгт хүрээлэн байгуулах бодлого баримталж байна. Дээр дурдсанчлан энэ нэр томьёог бид ч өргөн ашиглах болсон. Даанч утгаар нь хэрэгжүүлж чадахгүй л байгаа болохоос. Ийм паркийг олон улсад ихэвчлэн 10 000 ам метр хүртэлх хэмжээтэй, оршин суугчид 5-10 минут алхаж хүрэх боломжтой, ногоон байгууламж давамгайлсан орон зай гэж тодорхойлдог юм билээ. Хамгийн чухал нь бичил паркийн үнэ цэн ойр орчмын иргэдэд өдөр тутам байгальтай харилцах боломж олгодогт оршдог бол манайд ногоон байгууламжаас илүү бетонон талбай давамгайлж, модноос илүү төмөр төхөөрөмж, хөрснөөс илүү резинэн хучилт нь их.
Үнэн хэрэгтээ хүүхдийн тоглоомын болон спорт талбай, ахмад настнуудын суух сүүдрэвч, бялдаржуулах төхөөрөмж зэрэг нь бидэнд ус, агаар мэт хэрэгтэй. Гэхдээ тэдгээрийг парктай андуурч нэрлэж болохгүй. Тиймээс л цэцэрлэгт хүрээлэнг жинхэнэ утгаар нь байгуулж, парк нэртэй бетонон талбай нэмэхээс сэргийлэх хэрэгтэй юм.