“Чингисийн хүрээ” цогцолборт зохион байгуулсан үндэсний сур харвааны багийн аварга шалгаруулах тэмцээнд 83 багийн нийт 1010 харваач өрсөлдлөө. Салхитай, бороотой, хүйтэнд гурван өдөр цэц сорьсон харвааны эрэгтэйчүүдийн ангилалд Баян-Өлгийн “Өлгийн мэргэчүүд” багийнхан түрүүлж, улсын аварга болсон юм. Тэдэнтэй түрүү байрын төлөө өрсөлдсөн Говь-Алтайн “Хантайшир зурхай”-н харваачид мөнгө, Орхон аймгийн “Хангарди” спорт хорооныхон хүрэл медальтай нутаг буцав. Тэгвэл эмэгтэйчүүдийн харваанд Хэнтийн “Сэцэн хааны мэргэд” холбоо, Өвөрхангайн шигшээ баг, ГовьАлтайн “Засагт хан” клубийнхэн эхний гурван байрт шалгарчээ. Үүний дараа “Алдар” спорт хорооны 80 жилийн ойн хүрээнд Монгол Улсын даян мэргэн Д.Норжмаагийн нэрэмжит үндэсний сурын тэмцээнийг энэ сарын 6-нд зохион байгуулах аж. Үндэсний сурын талбайд болох тус тэмцээн 08.00 цагт мэргэ үеийн харваагаар эхэлнэ.