Ардчилсан намын “4-11” мэдээллийн цагаар үнийн өсөлт, Засгийн газрын алдаатай бодлогын талаар байр сууриа илэрхийллээ. Монголбанкнаас энэ оны төсвийн алдагдал 2.4 их наяд төгрөг болсныг зарласан. Төсвийг анхнаас нь алдагдалтай баталсан, үүн дээр шатахууны хомсдолтой холбоотой үнийн болон, инфляцын өсөлт нөлөөлсөн гэж тэд үзэж байна. Ийм байхад оруулж ирсэн тодотголд нь данхар бүтцээ цомхотгох талаар хөндөөгүй, үрэлгэн зардлаа хангалттай танаагүй гэв. Иргэдийн амьдрал хүнд, хичээлийн шинэ жилийн бэлтгэл эхэлсэн, нэг хүүхдэд багадаа 500 мянган төгрөг зарцуулж байна. Гар дээрээ мөнгөгүй иргэд зээл аван аргалж байгаа аж. Тиймээс тэд уг хэвлэлийн хурлаа хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдааны дэргэд хийсэн юм. Махны үнэ өссөн тул 100-200 граммаар л авдаг болсон тухай тус намын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж ярив.
АН-ын дэд дарга Н.Ганибал “Засгийн газраас наадмаар 10 хоног амраах шийдвэр гаргасан. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахуун хангалттай, амарч зугаал гэж уриалсан. 500 км-ээс дээш аялсан нэг айл ердийн үеийн 14, 1000 км-ээс илүү всан нь сарын хэрэгцээнийхээ шатахууныг амралтын үеэр зарцуулсан. Манай улс шатахууны 45 хоногийн л нөөцтэй байдаг. Үүнийг бодлоготой, зөв зарцуулсан бол өнөөдрийн хомсдол үүсэхгүй. Бүх бензинээ тарааж дуусчхаад нийлүүлэлтэд асуудал гарлаа гэсэн. Эцэст нь шатахууны үнэ нэмэгдсэн учраас ийм зорилгоор хомсдол үүсгэв үү гэж хардаж байна. Долоодугаар сарын байдлаар инфляц 13 хувь гарсан. Наймдугаар сарын дүн үүнээс өсөх нь. Зарим шатахуун импортлогч компани төрийн дээр гарчээ. Одоо Засгийн газар ард түмэнд нөхцөл байдлыг үнэнээр нь хэлэх ёстой. Алдаатай бодлогын уршгаар байдал ийм болсон учраас манай УИХ дахь бүлгээс Засгийн газрыг огцруулах саналаа өргөн барина” гэлээ.
С.Уул