
2035 он гэхэд Ислам шашин дэлхий дээрх хамгийн олон шүшигтэнтэй шашин болно гэж АНУ-ын судалгааны Pew Research Center төвийн тайланд дурджээ.
Associated Press агентлагийн мэдээлснээр, тайланд 2020-2070 онуудад дэлхийн шашны томоохон бүлгүүдийн хэмжээ хэрхэн өөрчлөгдөхийг тооцоолсон байна.
Өөрчлөлтийн гол шалтгаан нь төрөлтийн түвшин юм. 2020-2025 онуудад мусульман эмэгтэй дунджаар 3.1 хүүхэд, Христийн итгэгч эмэгтэйчүүд 2.5, бусад шашин шүтлэгтэй эмэгтэйчүүд 1.6 хүүхэдтэй байжээ. Энгийн нөхөн үржихүйн түвшин нь 2.1 байдаг аж.
2010 онд дэлхий даяар ойролцоогоор 2.2 тэрбум Христэд итгэгч (хүн амын 31%), 1.6 тэрбум Ислам шашинтан (23%) байжээ. 2020 онд дэлхий дээр 2.27 тэрбум Христэд итгэгч, 2.02 тэрбум Ислам шашинтан амьдарч байв. Харин Буддын шашинтнууд 2026 оны байдлаар ердөө 540 сая хүн гэж гарчээ.
Pew Research Center-ийн тооцоолсноор 2035 он гэхэд Ислам шашинтнууд 2.57 тэрбум, Христэд итгэгчид 2.52 тэрбум болох бол 2070 он гэхэд мусульманчууд 3.6 тэрбумаас давж, Христэд итгэгчид 3 тэрбумаас арай бага байх юм байна. Эдгээр хагас зууны хугацаанд дэлхийн хүн ам 29%-иар өсөж, мусульманчууд 80%-иар, Христэд итгэгчид 30%-иар өсөх аж.
Одоогоор АНУ-ын хүн амын 62%-ийг Христэд итгэгчид эзэлж байгаа бөгөөд 2065 он гэхэд дийлэнх байхаа болир бол Канадад 2030 он гэхэд мөн дийлэнх байхаа болино гэж тооцоолжээ. Хоёр улсад энэ нь голчлон өөрсдийгөө шашингүй гэж тодорхойлдог хүмүүсийн тоо нэмэгдэж байгаатай холбоотой юм.
Европт Христэд итгэгчид 2070 он гэхэд одоогийн 505 саяас 324 сая болж гуравны нэгээр буурах бол Исламын шашинтнуудын эзлэх хувь 6%-иас 13% хүртэл нэмэгдэх аж.