
Монгол, англи хэл болон монгол бичгээр уншиж судалж болох “Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны цахим толь” бүтээлийг өчигдрөөс олны хүртээл болгов. Уг цахим толийг бүтээхэд ШУА-ийн харьяа бүх хүрээлэн, салбар төвийн 100 гаруй эрдэмтэн, судлаач оролцжээ. Эрдэмтэд гурван жил гаруй хугацаанд шинжлэх ухааны зургаан салбарын 12 551 нэр томьёог нэгбүрчлэн судалж, тайлбар бичжээ. “Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны цахим толь”-ийг эмхэтгэхэд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Хэрэглээний хэл шинжлэлийн салбарынхан манлайлсан байна. Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, дэд профессор О.Шинэбаяр “1924 онд Улсын нэр томьёоны комисс хэмээх тусгай байгууллага үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 1931 онд нэр томьёоны анхны толийг гаргасан. Энэ нь ургамлын нэр томьёоны тайлбар толь байсан. 1960, 1970, 1980-аад онд эрдэмтдийн хамтран бүтээсэн, 120 000 үгтэй толийг орос, монгол хэлээр гаргаж байв. 1990 оноос хойш гуравдагч оронтой харилцах хэмжээнд англи, монгол хэлээр гаргасан түүхтэй. Өдий хүртэл салбар салбарын нэр томьёоны толийг номоор гаргадаг байсан юм. Харин өдгөө энэ бүхнийг нэгтгээд цахим хэлбэрт оруулан, ШУА-ийн 100 жилийн ойн босгон дээр уншигч, судлаачдын хүртээл болголоо. Шинжлэх ухааны нэр томьёоны ойлголтыг уншигчдад нэг мөр хүргэх, бүтээлч ажил нь энэ юм. Энэ цахим толийг бүтээхдээ дэлхийн нийтийн жишигт нийцүүлж, салбар шинжлэх ухааны нэр томьёог ангилж, тайлбарлан, оруулсан. “Шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны цахим толь” анхных учраас засаж сайжруулах зүйл бий” хэмээн ярилаа.

Уг толь бичигт байгалийн ухааны нэр томьёо 5620, анагаахын үг хэллэг 1807, эрүүл мэндийнх 1817, хөдөө аж ахуйн салбарынх 1612, нийгмийн ухааных 1287-г багтаажээ. Мөн хүмүүнлэгийн холбогдолтой 2081, инженерүүдийн голчлон ашигладаг 154 үг оржээ. Шинжлэх ухааны нэр томьёог жигдлэн, нэгбүрчлэн тайлбарлаж оруулсан цахим толь руу http://dict.ac.mn холбоосоор нэвтэрч, зочлоорой.
Бэлтгэсэн Д.Тэлмэн