Нийслэлийн хүн ам жил ирэх тусам нэмэгдэхийн хэрээр орон сууцад амьдрах өрхийн тоо ч өсөж байна. Энэ хэрэгцээнээс үүдэн сүүлийн жилүүдэд барилга, орон сууцыг нүд ирмэхийн зуурт л сүндэрлүүлдэг болжээ. Тэдгээр орон сууцад иргэдийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн, тав тухтай орчин бүрдүүлэх үүргийг сууц өмчлөгчдийн холбоо (СӨХ)-ныхон гүйцэтгэдэг аж. Угтаа бол СӨХ нь нийтийн зориулалттай орон сууцын дундын өмч, эд хөрөнгийг хариуцах зорилгоор иргэд өөрсдөө эвлэлдэн нэгдэж байгуулдаг ашгийн төлөө бус, олон нийтийн байгууллага юм. Гэтэл СӨХ-ныхон ажлаа хийдэггүй учраас орон сууцын хорооллын тохижилт, үйлчилгээ муу, хаана, хэдэн төгрөг зарцуулсан нь тодорхойгүй байдаг зэрэг шүүмжлэл үргэлж дагуулдаг. Ийм учраас СӨХ-ны үйл ажиллагаа, иргэдийн оролцоог сайжруулах зорилгоор Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцын байрны дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг холбогдох байгууллагынхан нь өнгөрсөн онд боловсруулан, хэлэлцүүлж эхэлсэн юм. Гэвч өнгөрсөн УИХ-ын болон орон нутгийн сонгууль дууссанаас хойш эл хуулийн төслийн сураг алдарсан. Үүний талаар албаныхнаас лавлаж, иргэд ямар байр суурьтай байгааг тодрууллаа.
Нэг дор олон айл хөршлөн амьдрахад хариуцлага, бас сэтгэл шаардах нь ойлгомжтой. Үүнийг зохицуулж, тухайн орон сууцын өнгө төрх, гадна орчны тав тух, үзэмжийг нь засаж сайжруулах үүргийг СӨХ хүлээдэг. Хариуд нь иргэд аюулгүй, тав тухтай орчинд амьдрахын тулд сар бүр тодорхой хэмжээний төлбөр төлдөг. Харамсалтай нь, өнөөдөр Монголд сар бүрийн төлбөрөө тогтсон хугацаандаа төлдөг өрх, хураасан мөнгөөрөө юу хийснээ нэгд нэгэнгүй тайлбарлаж, тайлан тавьдаг шилэн СӨХ ховор болжээ. СӨХ-ныхон авсан хураамжаараа юу хийдэг нь тодорхойгүй атлаа үргэлж мөнгө нэхдэг хэмээн унтууцах иргэн ч цөөнгүй. Нөгөө талаас үйлчилгээ авахыг хүссэн бол ядаж мөнгөө төл гэх СӨХ-ныхон дарамт шахалт ч бий гэнэ. Энэ мэт хариуцлагагүй оршин суугч, ажилгүй СӨХ-ныхноос болоод төлбөрөө цагт нь төлсөн атлаа аюулгүй орчинд амьдарч чадахгүй байгаа олон өрх бий аж. Сарын хураамжаа тогтмол төлсөн ч түүндээ таарсан үйлчилгээгээ тэр бүр авч чаддаггүй. Будаг нь халцарсан орц, домофон нь ажилладаггүй хаалгатай, байнга ирж хонодог, орон гэргүй хүмүүстэй үзэж тарах нь энгийн үзэгдэл болжээ. Уг нь цэвэр цэмцгэр, эрүүл аюулгүй, тав тухтай орчинд амьдрахыг хэн хүнгүй л хүснэ. Гэвч өнөө цагт анхдагч хэрэгцээ, Үндсэн хуулиар олгосон эрхээ эдлэх нь амаргүй аж. Ийм хангалтгүй үйлчилгээ үзүүлдэг хэрнээ СӨХ-ныхон “Танайхаас бусад нь мөнгөө өгчихсөн. Та нар л үлдлээ” гэж зандачдаг, дургүй нь хүрсэн үедээ ус, цахилгааныг нь тасалчихдаг жишиг хэдийн тогтжээ. Энэ сүрдүүлгээс нь болоод хуруу, хумсаа хугалах нь холгүй олсон хэдэн төгрөгөөсөө тодорхой хувийг нь СӨХ-ны төлбөрт өгнө. Гэвч эрх зүйн орчин хангалттай бүрдээгүй гэдэг шалтгаанаар арчаагүй СӨХ, хариуцлагагүй иргэдийг өөгшүүлсний улмаас мөнгөө төлсөн нь хохирдог, шаардлагатай үйлчилгээгээ авч чаддаггүй жишээ олон.
“Ус, цахилгаан хязгаарлах саналыг хассан”
СӨХ-той холбоотой гомдлыг Иргэний хуулиар шийддэг юм байна. Гэвч ирсэн гомдлыг хэлэлцэх хугацаа маш урт, багадаа нэг жил орчим болдог аж. Тиймээс гомдол гаргах, түүнийгээ шийдвэрлүүлэх нь цаг үрсэн ажил болдог гэнэ. Иймд Хууль зүй, дотоод хэргийн яамныхан Нийтийн зориулалттай орон сууцын дундын өмчлөлийн болон эд хөрөнгийн тухай хуулийг шинэчлэхээр судалгаа авч, хэд хэдэн хэлэлцүүлэг зохион байгуулсан билээ. Ерөнхийдөө эрх зүйн орчныг сайжруулж, өөрчлөх, хариуцлагыг нь нэмэгдүүлэх чиглэлээр эл хуулийн төслийг боловсруулжээ. Ингэхдээ оршин суугчид болон СӨХ-ны эрх ашиг, хариуцлагыг зохицуулах заалтууд оруулснаараа онцлогтой. Тухайлбал, СӨХ-ны төлбөрөө зургаан сараас дээш хугацаагаар төлөөгүй бол Монголбанкны зээлийн мэдээллийн санд ангилал бууруулахаар заасан. “Хар жагсаалт”-д орсноос хойш 14 хоногийн дотор төлбөрөө төлбөл хасах зохицуулалтыг тусгахаар төлөвлөсөн юм. Мөн СӨХ-ны санхүүжилттэй холбогдуулан их засвар, арчлалт хийхийн тулд тусгай сан байгуулах, орчны ногоон байгууламж, тоглоомын талбайн газрыг аж ахуйн нэгжид зарахгүй байх зэрэг олон чухал зохицуулалт тусгаж байв. Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлийн гүйцэтгэх захирал М.Галбаатараас тус хуулийг шинэчлэх ажил өдгөө ямар түвшинд байгааг тодрууллаа. Тэрбээр “Улсын хэмжээнд одоогоор 1696 СӨХ байгаагаас 1562 нь нийслэлд, 134 нь орон нутагт үйл ажиллагаа явуулдаг. УИХ-ын гишүүн О.Номинчимэгээр ахлуулсан ажлын хэсгийнхэн уг хуулийн төслийг өнгөрсөн онд боловсруулсан. Өдгөө санал авах түвшинд явж буй. Хүндэтгэх шалтгаангүйгээр СӨХ-ны төлбөрөө зургаагаас дээш сар төлөөгүй тохиолдолд Монголбанкны мэдээллийн санд бүртгэж, зээлийн зэрэглэлийг нь бууруулахаар хуулийн төсөлд тусгасан юм. Тухайлбал, эрүүл мэндийн шалтгаан, өвчтөн асарч буй тохиолдолд, хуульд заасан эрх бүхий этгээдээс нийтийг хамарсан дайчилгаанд хамрагдсан, эсвэл аюулт өвчний хорио цээр тогтоосон үед хүндэтгэх шалгаан гэж үзнэ. Харин ус, цахилгаан хязгаарлах саналыг хассан. Учир нь энэ бол хүний суурь, анхдагч хэрэгцээ. Тиймээс СӨХ-нд энэ хэрэгцээг хязгаарлах эрх байхгүй” хэмээлээ.
Хороо, дүүрэгт танил талтай бол тийм ч амар суудал сэлгэхгүй
СӨХ-ны даргын сонгон шалгаруулалт ч будилаантай байдгийг иргэд хөнддөг. Дүүрэг, хороонд танил талтай нь л энэ албыг хашдаг гэмээр. Ингээд суудалдаа нэг заларчихвал мөддөө буухгүй гээд л үзэж тарна. Тиймдээ ч “СӨХ үргэлж мөнгө “иддэг”, хийж гийгүүлсэн юм алга” гэж иргэд шүүмжилдэг. Уг нь иргэдийн хүсэж буй зүйл нь маш энгийн. Бид зүгээр л аюулгүй, цэвэр, тухтай, гэрэлтүүлэгтэй орчинд амьдрахыг л хүссэн шүү дээ. Угтаа бол СӨХ-ныхон үүнээс ч илүүг хийх үүрэгтэй. Тэдэнд шаардлага тавьж, тайлан нэхэх нь ч иргэдийн эрх. Гэтэл тайлангаа тавихыг шаардсан иргэд тэдний хувьд нүдэнд нь орсон өргөс болдог аж.
Сонгинохайрхан дүүргийн “Их мандал” СӨХ-ныхонтой холбоотой гомдол ер тасардаггүй. Тус СӨХ болон хорооных нь фэйсбүүк группт оршин суугчид үйлчилгээ хангалтгүй буйг үргэлж бичдэг юм байна. Харамсалтай нь, гомдлын шинжтэй зүйлсийг цахим группээсээ нэн даруй устгачхаад, хаа нэг хог ачлаа гэх пост оруулах аж. Эл СӨХ-гоор үйлчлүүлэгчдийн олонх нь “Ажлаа хийж чадахгүй СӨХ-г татан буулгая” гэх. Одоогоос хоёр жилийн өмнө СӨХ-гоо огцруулахаар оршин суугчид гарын үсэг цуглуулсан ч удаатай. Гэвч суудлаасаа буусангүй. Энгийн нэгэн жишээ дурдахад, иргэн С СӨХ-ны төлбөрөө сүүлийн таван жил төлжээ. Энэ хугацаанд дорвитой засвар огт хийгээгүй учраас тэрбээр СӨХ тайлангаа тавихгүй бол төлбөр өгөхгүй гэж шийджээ. Гэтэл гурван сар гаруйн дараа СӨХ-ныхон түүнийг шүүхэд өгнө гэх зэргээр сүрдүүлсэн аж. Тэрбээр “Сүүлийн таван жил манай орц домофонтой болсон. Үүнээс өөр юу ч хийгээгүй. Заримдаа мөнгөө төлөөгүй гээд цахилгаан шат зогсоочихдог. Үүнээс үүдэн өглөө, орой, сургууль, цэцэрлэг орох, тарах үеэр ганцхан цахилгаан шаттай учраас ачаалал нэмэгдэг. Хааяа бүр гацчихна. Энэ мэт цөөнгүй асуудал бий. СӨХ-нд хэлээд ч нэмэргүй, төлбөр авдаг хэрнээ тайлан тооцоогоо мэдээлдэггүй. Хаана, юунд, хэдэн төгрөг зарцуулсан нь үргэлж тодорхойгүй байсаар ирсэн. Домофоны мөнгийг оршин суугчид тусад нь төлсөн. Жил бүр ашигласны төлбөрөө ч өгдөг. Харин СӨХ-ныхон баяр наадам, эсвэл сонгууль дөхөхөөр л “хөлд орцгоодог”. Тиймээс танайх тайлангаа тавихгүй бол би төлбөр төлөхгүй гэсэн юм. Ингээд би сүүлийн гурван сар төлөөгүй. Гэтэл СӨХ-ны айхавтар хэл амтай эгч орилж хашхичиж, хамаг стрессээ цацчихаад л явдаг болсон. “Чи мөнгөө төлөөгүй болохоор юу ч хийж чадахгүй байна. Ганцхан танайх л үлдлээ. Мөнгөө өгөхгүй бол шүүхэд өгнө” гэж сүрдүүлсэн. Өнгөрсөн долоо хоногт дөрвөн настай охиноо гэртээ цоожилчхоод ажилдаа явлаа. Гэтэл орой ирэхэд охин маань харанхуйд уйлчихсан сууж байв. Юу болсон тухай асуухад “СӨХ-ны эгч ирээд цахилгаан тасалчихсан. Том хүн байхгүй гэж уг нь хэлсэн” гэв. Ер нь ингэж ус, цахилгаан таслах нь цөөнгүй тохиолддог. Жаахан хүүхэд учраа хэлээд гуйж байхад тоогоогүй нь үнэхээр харгис юм. Ингэж цахилгаанаа таслуулаад хохирсон өрх ч цөөнгүй юм билээ. Хамгийн гол нь мэргэжлийн хүнээр бус, байрны жижүүрээр таслуулдаг” гэв. Эл асуудлаар “Их мандал” СӨХ-ныхноос тодруулахад “Оршин суугчид үүргээ биелүүлэх ёстой. Бид огт цахилгаан тасалдаггүй. Төлбөрөө төлөхгүй бол ус, цахилгаан хязгаарлана гэж сүрдүүлэх тохиолдол бий. Бид хоёр жилд нэг удаа тайлан тавьдаг. Өнөө жилийн тайлангаа ирэх сард тавихаар төлөвлөж буй. СӨХ-ны төлбөрийг тухайн орон сууцын талбайн хэмжээнээс шалтгаалаад харилцан адилгүй авдаг. Нэг ам метр талбайг 160 төгрөгөөр тооцно. Мөн орцны жижүүрийн төлбөрт 6000 төгрөг нэмж авдаг” гэсэн юм.
Харин нөгөө талд төлбөрөө цаг тухайд нь төлдөггүй иргэдээс болоод үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэхэд хүндрэлтэй байдгийг СӨХ-ныхон хэлж байна. Үүнээс болж төлбөрөө төлсөн хүмүүс давхар шийтгүүлж, хохирсоор. Ер нь сайнаасаа саар нь олон аж. Өөр нэг жишээ дурдахад, нэгэн иргэн автомашины гарааш ашигласан төлбөрөө сар бүрийн 25-нд төлдөг юм байна. Гэтэл гэнэт л нэг өдөр гарааш цэвэрлэсний төлбөр болох сарын 25 мянган төгрөгийг СӨХ-нд тушаах ёстой болж. Анх гэрээ хийхдээ гараашны төлбөрийг л хэлснээс биш, цэвэрлэгээний мөнгийг огт дурдаагүй аж. Тэгсэн хэрнээ гэнэт л олон жил хуримтлуулсан цэвэрлэгээний мөнгө нэхэж, өгөхгүй бол ус, цахилгаан хязгаарлана хэмээн суурь хэрэгцээгээр нь боомилсон гэнэ. Энэ мэтээр айл өрх, СӨХ хоорондын төлбөрийн маргаан тасардаггүй. Төлбөрөө төлөөгүй нь бус, цаг тухайд нь мөнгөө төлсөн нь хохирдог, үйлчилгээгээ авч чаддаггүй систем манайд тогтжээ. СӨХ шаардлага тавихад хүлээн авдаггүй аж. Мөн сүүлийн үед орон сууцын урд автомашинаа урт хугацаанд орхих зэрэг асуудал цөөнгүй гарах болсныг ч СӨХ-ныхон хэлсэн юм. Уг нь хууль, эрх зүйн орчныг нь хангалттай бүрдүүлж, иргэд төлбөрөө төлөөгүй бол, эсвэл СӨХ ажлаа хийж чадахгүй тохиолдолд ямар арга хэмжээ авахыг нь тодорхой заачихвал ийм асуудал үүсэхгүй шүү дээ.
У.Сүрэн