Сонирхогчийн боксын 19, 22 насныхны Азийн АШТ Тайландын Бангкок хотод найм дахь өдрөө үргэлжилж байна. Энэ сарын 12-нд өндөрлөх тус тэмцээнд Монголын тамирчид Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Т.Ганзориг, А.Бат-Очир, Б.Оюунболд, Д.Баасандорж нарын удирдлагад оролцож буй билээ. Эрэгтэйчүүдээс 22 насныхны ангилалд 55 кг-ын жинд Х.Дөлгөөнсайхан шигшээ наймд Энэтхэгийн тамирчныг буулган авч, 65 кг-д Д.Пүрэвдоржтой тулалдах Саудын Арабын тамирчин жингээр хасагдсан тул ялалтыг нь авав. Хагас шигшээд Х.Дөлгөөнсайхантай Филиппиний боксчин тоглохоор учраа таарсан ч эмчийн магадлагаагаар хасагдсанаар аваргын төлөө тоглохоор шалгарлаа. Ташрамд дуулгахад, дээрх тэмцээний үеэр зохион байгуулсан Азийн боксын холбооны их хуралд Монголын боксын холбооны ерөнхийлөгч М.Баянмөнх оролцож, Удирдах зөвлөлийн гишүүнээр нь сонгогджээ. Тэрбээр 27 гишүүн орноос 20-ийнх нь саналыг авсан юм.