Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир яамны холбогдох албан тушаалтнуудын хамт Азийн хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Шаннон Ковлин болон холбогдох төлөөллийн хүмүүстэй өнөөдөр /2025.08.08/ уулзлаа.
Монгол Улсын Засгийн газар болон Азийн Хөгжлийн Банк (АХБ) сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд үр дүнтэй хамтран ажиллаж, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт бодит үр дүнтэй төслүүдийг хэрэгжүүлж, хувь нэмэр оруулсаар ирсэн билээ. Азийн хөгжлийн банк болон ГБХНХЯ хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй хэд хэдэн төсөл, хөтөлбөрийн талаар харилцан мэдээлэл солилцож дүгнэн ярилцлаа.
Тухайлбал, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл” болон “Ахмад настанд үзүүлэх урт хугацааны тусламж үйлчилгээг хөгжүүлэх нь” төслүүдийн хүрээнд нийгмийн эмзэг бүлгийн иргэдийн хүртээмжтэй үйлчилгээнд анхаарч ажиллаж, үр дүнгээ өгч байгааг тодотгов.
Мөн АХБ-ны санхүүжилтээр хэрэгжсэн “Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл 2”-ын хүрээнд хэрэгжүүлсэн “Төгсөлтийн аргачлал” хөтөлбөр тодорхой амжилт гаргаж, бодит үр дүн үзүүлсэнд талархал илэрхийллээ.
ГБХНХ-ын сайд Т.Аубакир дараах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх саналтай байгаагаа хэллээ. Үүнд:
• Хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй байгаа мэргэжлээр залуучуудад богино хугацааны сургалт, дадлага олгох;
• Хөгжлийн бэрхшээлтэй, ажилгүй, бага орлоготой иргэдэд зориулсан гарааны бизнесийн дэмжлэг, сургалтыг өргөжүүлэх;
• Хөдөө орон нутгийн залуусыг ажлын байраар хангах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх;
• Эмэгтэйчүүдийг хөдөлмөрийн зах зээлд оролцуулах боломжийг сайжруулах зэрэг саналыг дэвшүүлэв.
АХБ-ны суурин төлөөлөгч Шаннон Ковлин үр дүнтэй төслүүдийг дэмжин хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.