“Нимбэг ер нь их өвөрмөц жимс. Гаднаа гэмгүй, зөөлөн харагдана. Харин доторх нь гав гашуун, зэвүүн хүчтэй шүүс. Бас шар өнгө их хурц, зоримог мөртлөө зөөлөн, хөгжилтэй шүү дээ. “The lemons”-ын дуунууд яг иймэрхүү” хэмээн зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгс тэдний талаар тодорхойлсныг ер мартдаггүй. Анх хамтлагаа “Мишээл” гэж нэрлэх шахсан гэж байгаа. Гэхдээ аль нь ч байсан онцын ялгаагүй биз ээ. Жижиг уушны газраас “Playtime”-ийн тайз хүртэл инди рок, пост панк урсгалаар бүтээлээ туурвисаар буй исгэлэн “Нимбэгүүд”-тэй уншигчдаа уулзуулж байна.
“Надад хайргүй чинь үнэн үү
Намайг бодсондоо хуурсан тийм үү
Найдаж хүлээх хэрэггүй гэл үү
Найз нь ойлгохгүй явж тийм үү”... хэмээх “Хайртай”-гаас авхуулаад
“Чамдаа өгсөн хайр минь
Дандаа үнсэх уруулыг хүлээнэ” гэх “Хүсэл” хүртэл тэдний дуу бүр хэн нэгний хүрч үл чадах дурсамжтай нэгэнт холбоотой. Тун удахгүй хамтлаг байгуулагдсаны 22 жилийн ойн тоглолт буюу “Лемонуудын баяр” болох гэж байна. Энд эгшиглэх эхний 10 дууг оркестрын бүрэлдэхүүнтэй хамтран тоглох юм билээ. Ингээд дуучин Ц.Одбаяр (Одноо), гитарчин А.Энхтулга (Тулгаа), Н.Чинчулуун, басс гитарчин Д.Анар, бөмбөрчин М.Өнөрбаяр (Өөжгий) нартай ярилцсанаа хүргэе.
-Хамтлагийн анхны цомогт инди рок илүү давамгайлсан бол удаах нь электроник рок тал руугаа байсан. Өөрөөр хэлбэл, та бүхэн цомог бүрдээ өөр өөр урсгал шингээдэг шиг санагддаг. Хэдхэн хоногийн өмнө “17:59” дуугаа цацсан. Энэ нь шинэ цомгийн интро болж, ерөнхий өнгө төрхийг илэрхийлж буй болов уу гэж таамаглаж байна.
Одноо: Бид өнөө “Stargazer” гэх шинэ цомгийнхоо ажилд орчихсон явж байгаа. Энэ жилдээ багтаад сонсогчдод хүргэчих байх. “Бага тойрог”-ийн Б.Болдбаатар клипний ажилд их тусалсан.
Тулгаа: БНМАУ-ын баатар Ж.Гүррагчаагийн сансарт ниссэн цагаар дуугаа нэрлэсэн. Манай шинэ цомог нийт долоон дуутай. “Shoegaze”, “Dream pop” жанрын холимог дуугаралттай гэж ойлгож болно. Бид өмнө нь дан аянаас бүрдэх бүтээл гаргаж байгаагүй. “17:59” уг нь дуу хэлбэртэй байсан юм. Хэзээ дуулах бол гэж хүлээж байтал дуусчихсан нь хүмүүст сонин санагдсан байж магадгүй. “Stargazer” гэх үгийг орчуулбал од руу ширтэгч гэсэн утгатай. Бидний цомгууд их удаж байж гардаг нь үгнээс болдог л доо.
-Амьд хөгжмийн хамтлагуудын нэг онцлог нь өөрсдөө үгээ бичиж, аяа зохиодогт бий шүү дээ.
Одноо: Тулгаа бид хоёр үгэн дээрээ хамтарч ажилладаг. Өмнө нь “Нисванис”-ын Амгаа (Л.Энх-Амгалан) ах, зохиолч Л.Өлзийтөгс эгч, Quiza (Б.Батцэнгэл), яруу найрагч Нарангэрэлийн шүлгээр дуу хийж байсан.
Тулгаа: Шинэ цомгийн дуунуудаас дөрөв нь болчихсон. Үлдсэнд нь үг биччихвэл тэгээд л бэлэн. Одноо: Энэ жилдээ багтаад хангалттай гарчихна аа. Дууг янз бүрийн аргаар зохиож болно. Эхлээд хөгжим, аяа зохиочхоод түүндээ нийцүүлж үг бичдэг нь манай хамтлагийн онцлог. Эсрэгээрээ байх нь ч бий л дээ.
-Нэгэн жаранд дуулагдах дуу хийх зорилго та бүхэнд бий юү. Ер нь уран бүтээлийн үнэ цэн олон жил эгшиглэхдээ байдаг уу?
Одноо: Цөөхөн ч гэсэн чанартай, чин сэтгэлээсээ сонсдог хэдэн хүндээ хүрэх нь л чухал. Бид нар дуу зохиохдоо олон жил дуулагдаасай, эсвэл заавал хит болгоно гэж огтхон ч төлөвлөдөггүй.
-Үнэхээр тийм гэж үү?
Одноо: Тийм. Ихэнх хамтлаг асар олон дуу гаргаж байгаад түүнээсээ шилж цомогтоо оруулдаг бол бид нар эсрэгээрээ. Тулгаа: Өөрөөр хэлбэл, бид цомог хийдэг. “Энэ хэд өнгөрсөн хугацаанд юу ч бүтээгээгүй байж 22 жилийн ойн тоглолтоо хийх гэж байна” гэж шүүмжилсэн байна лээ. Гэхдээ рок хамтлагууд жил болгон дуу, цомог гаргаад байдаггүй юм шүү.
-Тэгэх боломж нь ч хомс байх. Бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа биш дээ.
Тулгаа: Бид одоогийн байдлаар дөрвөн цомог сонсогчдод хүргэжээ. Үүнээс үзвэл таван жилд нэг альбом гаргасан гэсэн үг. Энэ бол дэлхийн рок хамтлагуудын дундажтай адилхан үзүүлэлт. Заримынх нь 1-2 цомог өнөөг хүртэл хит хэвээр байхад удалгүй тарсан нь ч бий. Алдарт “Нирвана” гэхэд л гуравхан цомогтой шүү дээ.
-Та бүхэнтэй зэрэгцэн “мэндэлсэн” олон хамтлаг “Баяртай” гэчихлээ. “The lemons”-ынхон яах бол? Одноо: Бид нар харин ч “Сайн байна уу” гээд тоглолтоо хийх гэж байна (инээв). Хамтлагийн анхны бүрэлдэхүүн одоо ч хэвээрээ. Сүүлд гэвэл манай гитарчин Чинчулуун нэмэгдээд 10-аад жил болчихлоо.
Тулгаа: Намайг Америкт байх хойгуур Чинчулуун маань албан ёсны гишүүн болсон. Одноо: Тэгэхээр одооноос тавуулаа тайзнаа гарна гэсэн үг.
-Ханана гэдэг нь нөгөөтээгүүр залхана гэсэн үг байх. Энэ асуултыг сониучирхаж асууж байгаа юм шүү. “Сүүлийн уянга”-аа дуулахаас одоо залхахгүй байна уу?
Одноо: Сонсогчид дуртай хүлээж авч байхад залхах нь ч хаашаа юм. Жишээ нь, “Хайртай”-г тоглоод бараг 20 жил болсон байна шүү.
-Хамтлагийг ийм олон жилийн турш “амьд”, идэвхтэй авч явах нууц нь юу вэ?
Одноо: Сонирхол нэгтэй байхад цаашаа явчихна. Гишүүдийн бодол, сонирхол ондоо байвал тараад л алга болно. Тулгаа: Тарж байгаа монгол хамтлагуудыг харахаар ихэнхдээ л өөр мэдрэмжтэй хүмүүс нийлчихсэн шиг анзаарагддаг. Чинчулуун: Хоорондоо найзууд байх нь бас их чухал.
-“The lemons”-ын дууг гоё, “исгэлэн” болгодог зүйл нь хөгжмийн найруулга байдаг. Энэ дунд басс гитарчны оролцоог дурдахгүй байхын аргагүй.
Одноо: Гишүүн тус бүрийн үүрэг гэж байна шүү дээ. Миний хувьд дууныхаа ая, шүлгийг зохиоход голлон анхаардаг.
-Уран бүтээл агуулгатай байна гэдгийг юу гэж ойлгодог вэ?
Тулгаа: Уран бүтээлчид нь өөрсдөө амьдрал дээрээ тухайн бүтээл шигээ чин үнэн байх тухай байх. Дүр эсгэдэг хүмүүс байдаг. Өөрсдөө тийм биш хэр нь гадаад төрх, ааш аягаараа рок, хип хоп болж жүжиглэдэг ч юм уу. Харин өөрийнхөөрөө байвал уран бүтээл агуулгатай болно. Хүмүүс ч цаг хугацааны явцад мэдэрдэг.
-Одноо, таны хамгийн дуртай дуу “Шөнө дунд цас орж байна” хэвээрээ юү?
Одноо: Одоо харин өөр дуунд дуртай болчхоод байгаа. Шинэ цомогт орж байгаа нэг дуу бий. Хараахан дуусгаагүй. Бид нар хэдэн хоногийн өмнө зуслан дээр байхдаа яг энэ талаар ярилцсан.
Тулгаа: “Шөнө дунд цас орж байна” бол “Лемонс”-ын анхны дуунуудын нэг. Би гитарын эхний хоёр барилтыг нь тоглочхоод “Гоё дуу болох юм байна даа” гэж бодож явсаар Одноотойгоо танилцсан. Гэрийнхээ ойролцоо гудамжинд замын боржур дээр суунгаа яг үүнд тааруулж дуу хиймээр байна гэдгээ хэлж билээ. Одноо хэд хоногийн дараа Л.Өлзийтөгсийн шүлгийг санал болгосон. Одноо: Би гэрийнхээ гал тогооны өрөөнд сууж байсан юм. Гадаа бороо ороод л. “Ганцаардлын дасгал”-ыг уншиж байтал Тулгаагийн тоглосон хөгжим бодогдоод, ая нь шууд аккордон дээр ороод ирсэн.
-Шүлэг нь өөрөө хөгжмөө аялсан байх нь. Энэ дууг уул нь “Хайртай”-г зохиосны дараахан бичсэн, зохиогчоос нь ашиглах зөвшөөрөл авах гэж нэлээд хөөцөлдсөн гэдэг.
Тулгаа: “Хайртай”-г Одноо бүр өмнө нь зохиочихсон байсан. Тухайн үед дуугаа чанартайхан шиг бичүүлж чадаагүй. Тэгсэн мөртлөө Улаанбаатар радио 102.5-ын хит болчихсон л яваад байв. Би Одноог өөртөө “урвуулж”, ондоо хамтлаг байгуулах сонирхолтой байсан. Бидний анхны “Midnight” хамтлагийнхан энэ дууг өөрсдийнх нь мэт гадуур дуулаад байхаар нь буцааж авч байлаа. “Midnight”-тай холбоотой нэг ийм түүх бий.
-Харин орчин үед тогтоохооргүй олон шинэ хамтлаг үүссэн байна.
Тулгаа: Манайх тоглолт бүрдээ шинэ хамтлагуудыг дэмжиж, өмнөө гаргаж тоглуулдаг уламжлалтай. Энэ удаад 10 хамтлагийг сонгосон. Тэд бидний бүтээлүүдээс өөрсдийнхөө жанрт нийцүүлэн дуулна. Үүнээс нэг хамтлаг ирэх тоглолтод бидэнтэй цуг оролцох юм.
-Та бүхэнтэй нэгэн үед зэрэгцэн гарч ирж байсан хамтлагуудаас одоогийн залуус ялгаатай байна уу?
Тулгаа: Залуучууд хөгжмийн төрөл бүрийг хүлээн зөвшөөрч, ойлгодог болсон байна. Жишээ нь, би энэ талаар их хатуу итгэл үнэмшилтэй байсан. Одноо: Бидний үед амьд хөгжмийн хамтлагууд нэгэндээ дургүй, үзэж чаддаггүй байсан (инээв).
Чинчулуун: Дуугаралтандаа их анхаардаг болсон байх аа.
-Та бүхнийг яруу найргийн таашаал өндөртэй, өвөрмөц ертөнцтэй гэж тодорхойлсныг уншсан. Ойрд ямар бүтээлийг уншиж байна даа?
Одноо: Би ч сүртэй, сайн уншдаггүй дээ. Манай Тулгаа шүлэг бичдэг шүү. Би ихэвчлэн орчуулгын ном сонирхдог. Харин шүлэг уншихдаа дуу болчихоор юу байна гэж хайдаг.
Тулгаа: Миний бичнэ гэж юу байх вэ. Д.Төрмөнх, Д.Галсансүхийн шүлгүүдэд дуртай. Одноо: Уран бүтээлчдэд төсөөлөл их чухал байх. Харин шүлэг зохиоход гарчиг байхад л болчихдог.
-Бэлэн шүлэг өгөнгүүтээ “Энд тааруулаад дуу зохиогоод өг” гэж хүссэн удаа бий юү?
Одноо: Тийм зүйл байж л байсан. Гэхдээ бид тэгэхгүй. Тийм дураараа хандлага гаргавал хэрүүл болно шүү дээ. Манайхан чинь ер нь их ёдор л доо (инээв).