Дэлхийн дахинд 100 мянган хүн тутмын 17 нь зам, тээврийн ослоор нас бардаг бол Монгол Улсад 21 хүн амиа алдаж байгаа нь өндөр үзүүлэлт болохыг мэргэжилтнүүд анхааруулах болсон. Сүүлийн таван жилд зам, тээврийн ослоор 2738 хүн эндсэний 312 нь хүүхэд гэсэн албан мэдээлэл бий. Тэгвэл эдгээр ослын дийлэнх нь архи, согтууруулах ундаанаас үүдэлтэй аж. Зөвхөн зам, тээврийн осол гэлтгүй бүхий л төрлийн зөрчил, гэмт хэргийн “буруутан” нь архи гэхэд хилсдэхгүй. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газар (ЦЕГ)-ын Урьдчилан сэргийлэх албаны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Уранцацралтай ярилцлаа.
-Сүүлийн үед архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас зөрчил гаргах, гэмт хэрэг үйлдэх тохиолдол нэмэгдсэн гэж дууллаа. Он гарснаас хойш цагдаагийн байгууллагад ийм төрлийн хэчнээн дуудлага бүртгэгдэв?
-Согтуугаар үйлдсэн гэмт хэрэг өнгөрсөн оны долоодугаар сарын байдлаар 3904 бүртгэгдсэн байна. Харин энэ оны эхний долоон сард 4408 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх жилийн мөн үеийнхээс 504-өөр буюу 12.9 хувиар өссөн үзүүлэлттэй гарлаа. Баяр наадмын өдрүүдэд (долоодугаар сарын 10-16) гэхэд зам, тээврийн ослын шинжтэй дуудлага, мэдээлэл 1326 бүртгэгдэж, үүний улмаас дөрвөн хүн нас барж, 42 иргэн гэмтэж бэртсэн. Орон нутагт дээрх хугацаанд ослын улмаас 15 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байв.
-Архины хэрэглээ ихсэх нь гэмт хэргийн тоог нэмдэг гэдэг. Үүнд нөлөөлж буй шалтгаан нөхцөлийг нь судалж үзэв үү. Хэрхэн бууруулах вэ?
-Согтууруулах ундааны зохисгүй хэрэглээ, гудамж талбай, тэр дундаа гэр хороолол болон орон сууцад ахуйн хүрээлэлд архидан согтуурах явдал буурахгүй байна. Тодруулбал, дээрх газруудад согтуугаар үйлдэж буй гэмт хэргийн 81 хувь нь гарчээ. Тиймээс иргэдийн эрсдэлт зан үйлд чиглэсэн урьдчилан сэргийлэх, нөлөөллийн ажил, арга хэмжээний үр дүнг сайжруулж, хяналт, шалгалт, эргүүлийн үйл ажиллагааг эр чимжүүлэх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, энэ бүх тоо, баримт зөрчлийг эхэн үед нь таслан зогсоох шаардлагатайг харуулж байна.
-Аль насныхан архи, согтууруулах ундаа хэрэглэх нь түгээмэл байна вэ. Залуу чуудын дунд архины хэрэглээ эрс буурсан гэж ярих болсон. Тоо баримт үүнийг “нотолж” байна уу?
-Согтууруулах ундааны хэрэглээ болон согтуугаар үйлдэж буй гэмт хэрэгт холбогдогчдын сүүлийн таван жилийн судалгаанаас үзэхэд 18-44 насны иргэд 42.6 хувийг эзэлж байгаа юм. Энэ нь хөдөлмөрийн идэвхтэй насныхны дунд архи, согтууруулах ундааны хэрэглээтэй холбоотой эрсдэл өндөр хэвээр байгааг харуулж буй. Мөн эл төрлийн гэмт хэргийн 49.7 хувь нь 22.00-06:00 цагийн хооронд гарчээ. Хэдийгээр залуучуудын дунд архи, согтууруулах ундаа хэрэглэх хандлага тодорхой хэмжээнд өөрчлөгдөж, спортоор хичээллэх, эрүүл амьдралын хэв маяг, зөв дадал хэвшүүлэх зэрэг эерэг хандлага нэмэгдэж байгаа ч согтуугаар үйлдсэн гэмт хэрэгт холбогдогчдын дийлэнх хувийг залуучууд эзэлсэн хэвээр. Тэгэхээр залуу үеийнхний архины хэрэглээ эрс буурсан гэж дүгнэхэд эрт.
-Ганцхан хоногт гэр бүлийн хүчирхийллийн 70-100 дуудлага бүртгэгдэх нь хэвийн үзэгдэл болжээ. Мөн л архидан согтуурснаас үүдэлтэй байдаг. Үүний хохирогч нь эмэгтэйчүүд, хүүхдүүд. Тэднийг хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахад мэргэжлийн байгууллагууд хэрхэн ажиллав?
-Статистик мэдээнээс харахад гэр бүлийн хүчирхийллийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 3.4 хувиар буурсан. Өөрөөр хэлбэл, цагдаагийн байгууллагад энэ оны эхний долоодугаар сард гэр бүлийн хүчирхийллийн 919 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Хохирогчдын 86.7 хувь нь эмэгтэй, 9.2 хувь нь хүүхэд. Гэр бүлийн хүчирхийллийг хаалттай орчинд, нүднээс далд үйлддэг учраас давтагдсан, даамжирсан байх нь түгээмэл. Иймээс хүчирхийлэл үйлдэхээс нь өмнө эрсдэлийг илрүүлж, таслан зогсоох, дахин үйлдэхээс сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлдэг. Үүний хүрээнд бид хүчирхийлэл үйлдсэн этгээдийн мэдээллийг регистрийн дугаараар нь ECS программд бүртгэлжүүлж байгаа. Өмнө нь хүчирхийлэл үйлдсэн, эсэх, давтан тохиолдлыг илрүүлэн, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээлэл бүрд аюулын зэргийн болон нөхцөл байдлыг үнэлж, холбогдох мэргэжлийн байгууллагынхантай хамтран ажилладаг.
Мөн шаардлагатай тохиолдолд хохирогчийн аюулгүй байдлыг хангах зорилгоор түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвд байрлуулж, хуульд заасан долоон төрлийн цогц үйлчилгээ авах боломжоор нь хангадаг. Ташрамд хэлэхэд, тухайн айл, гэрийн хөрш, төрөл садан, гэр бүлийнхэн нь хүчирхийллийн шинж тэмдэг, эрсдэлийг анзаарсан тохиолдолд холбогдох байгууллагад мэдээлэх нь эрт таслан зогсооход чухал ач холбогдолтой юм шүү.
-ЦЕГ-ын мэдээллээс үзэхэд цахим залилан өнгөрсөн оныхоос бага зэрэг буурсан харагдлаа. Гэвч технологийн эрэн үед цахим залилан, луйвар хамгийн аюултай хэмжээнд хүрчихлээ. Харамсалтай нь, залилагчийг олж тогтоох, хохирол барагдуулах ажиллагаа удаан юм.
-Он гарснаас хойш цагдаагийн байгууллагад нийт 31 233 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 34 хувь буюу 10 633 нь залилан. Үүнийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 4.1 хувиар буурсан. Гэхдээ нийт залилах гэмт хэргийн 76 хувийг цахим орчинд үйлдсэн нь анхаарал хандуулах асуудал. Тодруулбал, онлайнаар бараа, бүтээгдэхүүн захиалах, мөрийтэй тоглоом, сугалаа болон арилжааны банкны нэр ашигласан залилах гэмт хэрэг түгээмэл бүртгэгдэж байна.
Техник, технологи, хиймэл оюун хөгжихийн хэрээр залилагч этгээдүүдийн арга нарийсаж, иргэдийн хэрэглээ, эрэлт, хэрэгцээнд тулгуурлан үйлдлийн арга, хэлбэрээ богино хугацаанд өөр чилдөг. Тухайлбал, арилжааны банкнуудын нэр, лого, вэбсайтыг дуурайлган хийж, урамшуулалт хөтөлбөр, сэтгэл ханамжийн судалгаа гэх нэрээр иргэдийн хувийн болон банкны мэдээллийг авч, интернэт банк руу нь нэвтэрч, үлдэгдэл мөнгийг нь шилжүүлэн авдаг. Байрны урьдчилгаанд хадгалж байсан 60 гаруй сая төгрөгөө хэдхэн хоромд алдсан тохиолдол ч гарсан. Үүнээс харахад иргэд аливаа мэдээллийг нягтлахгүйгээр гэнэн итгэмтгий зан, сэтгэл хөөрлөөсөө болж хурдан шийдвэр гаргаж, бүх мэдээллээ залилан мэхлэгчид өгчхөж байгаа нь харамсалтай. Уг нь сайн нягталж хараад, албан ёсны эх сурвалжаас нь асуувал хохирогч болохгүй шүү дээ.
Ийм төрлийн гэмт хэргийн хохирогч болсон хүмүүс “Та нар бэлэн данс нь байхад шууд бариад, арга хэмжээ авч чаддаггүй юм уу” гэж цагдаагийн алба хаагчдад гомдол мэдүүлдэг. Гэтэл залилагч этгээдүүд залилсан мөнгөө бусдын дансаар дамжуулах, иргэдийн дансыг түрээслэн ашиглаж, улмаар олон улсын данс руу шилжүүлдэг нь мөрдөн шалгах ажиллагаанд хүндрэл, бэрхшээл учруулдаг юм. Иймд иргэд цахим орчинд байхдаа баталгаагүй линк дээр дарахгүй, пост, мэдээлэлд шууд итгэхгүй, сайтар нягталж, албан ёсны эх сурвалжаас мэдээллээ авах шаардлагатай. Урьдчилгаа төлбөр нэхэх, хувийн болон банкны мэдээлэл асуух тохиолдолд залилан байх эрсдэл өндөр байдгийг анхаарах хэрэгтэй.
-Цагдаагийн байгууллагынхан иргэдийн мэдэх эрхийг хангахгүй байна, хэвлэл мэдээллийнхэнд ялгавартай ханддаг гэх шүүмжлэл ихээр гарах болсон. Мөн гэмт хэргийн талаар мэдээлэхдээ тухайн хүний эмзэг, болон хувийн мэдээллийг дэлгэдэг. Тухайлбал, хохирогчийг “Гэр оронгүй, гэмт хэрэг үйлдэж байсан, амьдрал нь сайнгүй” гэх зэргээр хүний эрхийн мэдрэмжгүй хандах юм. Энэ тухайд хариуцсан мэргэжилтний хувьд юу хэлэх бол?
-Цагдаагийн албаны тухай хуульд “Цагдаагийн алба, алба хаагч нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хуульд зааснаас гадна хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, ил тод, нээлттэй, нууцыг чанд хадгалах, олон нийтийн итгэл хүлээж, дэмжлэг авах, үйл ажиллагаа нь тасралтгүй, улс төрөөс ангид, нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байх зарчмыг баримтална” гэж заасан. Өөрөөр хэлбэл, цагдаагийн байгууллага нь олон нийт, хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө нэг талаас ил тод, нээлттэй байх, нөгөө талаас мөрдөн шалгах ажиллагааны болон, иргэний хувийн нууц, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах шаардлагыг зэрэг хангах үүрэгтэй юм.
Мөн хуулийн 22.1-т “Цагдаагийн байгууллага, алба хаагч нь хуулийг чанд сахиж, үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлахгүйгээр хүний эрх, эрх чөлөөг хамгаалах үүрэгтэй гэж тодорхой заасан. Тиймээс гэмт хэргийн талаар тодруулсан сэтгүүлчдийн асуултад бид прокурорын зөвшөөрлийн дагуу зохих хэмжээнд мэдээлэл өгдөг.
-Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын бага хурал буюу COP17-тай холбоотойгоор өнгөрсөн бямба гаргаас автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчуулж эхэлсэн. Энэ хугацаанд замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн зорчих нөхцөлийг хэрхэн зохицуулахаар төлөвлөсөн бэ?
-COP17 олон улсын бага хурлыг Улаанбаатар хотод наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулж буйтай холбоотойгоор авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчуулах бөгөөд 07.00-21.00 цагийн хооронд хязгаарлана. Эл зохицуулалтыг ирэх сарын 12 хүртэл үргэлжлүүлэх юм. Энэ удаагийн улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт нь бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд үйлчлэхээрээ онцлогтой. Харин дараах тээврийн хэрэгслүүд үүнд хамаарахгүй. Тухайлбал, цахилгаан тэжээлийн буюу ногоон дугаартай, зөвшөөрөл, тоноглол бүхий хүнсний бүтээгдэхүүний түгээлт, татан авалтын тээврийн хэрэгсэл, оршуулгын үйл ажиллагаанд оролцож буй болон авто зам, хот тохижилт, шугам сүлжээний засвар үйлчилгээ үзүүлдэг, дипломат байгууллага, гадаадын зочин төлөөлөгчдөд үйлчлэх, нийтийн тээвэр, стандартын шаардлага хангасан такси үйлчилгээ, сургууль, цэцэрлэг, байгууллагын ажилч дын тээвэр, таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын автомашинд хамаарахгүй.