УИХ дахь АН-ын бүлэг даваа гаргийн ээлжит хуралдаанаараа хэвлэлийн эрх чөлөө, байгаль орчны доройтол, Төвбанктай холбоотой асуудлуудыг хэлэлцэж, хуралдаанд оролцогчдын 91.6 хувийн саналаар УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Ш.Бямбасүрэн, Р.Сэддорж, Г.Хосбаяр нарыг бүлгийн дэд даргаар ажиллуулахаар болсноо мэдэгдэв. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиар төрийн байгууллага дэргэдээ хэвлэл мэдээллийн байгууллагатай байхыг хориглодог. Энэ заалт хэрэгждэггүйгээс төрийн бүх шатны байгууллага хэвлэлийн албатай болж, дөрөв дэх засаглалын зах зээлийг хумьж, өрсөлдөөнийг хязгаарлаж байгааг АН-ын бүлгийн дарга Б.Түвшин хэллээ. Мөн үүнээс үүдэн Засгийн газар болон төрийн яам, агентлагууд нэг талыг барьсан, тэнцвэргүй мэдээлэл түгээж байгааг тэрбээр хөндсөн юм. Цаашид АН хэвлэл мэдээллийн салбарын хараат бус байдлыг хамгаалах, баталгаажуулах чиглэлд онцгой анхаарч, ажлын хэсэг байгуулахаар болсныг дурдав. УИХ-ын гишүүн Ж.Баярмаа “1998 онд баталсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн агуулга, хэрэгжилт жилээс жилд бүдгэрч байна. Төрийн байгууллагууд жижиг, том гэлтгүй бүгд хэвлэлийн албатай боллоо. Нийслэл гэхэд 20-иод хүнтэй тусгай бүтэц байгуулсан. Төрийн хэвлэлийн албад эрх баригчдыг магтан дуулагч, алдааг нь хаацайлагч болж хувирснаар хэвлэл мэдээллийн салбарын үнэ цэн бүдгэрч байна. Төр татвар төлөгчдийн мөнгөөр өөрсдийгөө магтан дуулуулж болохгүй” гэв.
Н.Мишээл