Сүүлийн үед цахим хэрэглээ нэмэгдэж байгаа нь дэлхий ертөнцтэй хөл нийлүүлэх, өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, бусадтай хуваалцах зэрэг сайн талтай ч нөгөө талаар үүнийг дагах сөрөг үр дагаварууд ихсэж байна.
Өнгөрсөн хоёрдугаар сард АНУ-ын Ор сураггүй алга болсон, мөлжлөгт өртсөн хүүхдийн төлөө төвийн захирал “Интернэт орчинд үйлдэгдэх гэмт хэрэг нэмэгдэж байгаа бөгөөд Азийн бүс нутагт илүүтэй нэмэгдэж байгаа нь анхаарал татаж буй. Интернэт хөгжсөнтэй холбоотойгоор хүүхэд оролцуусан садар самууны хэрэг, сурталчилгаа материал ихсэж байгаа” хэмээжээ.
Ер нь хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргийг жагсаахад цахим орчны гэмт хэрэг нь гуравдугаарт эрэмбэлэгддэг байна.
Насны хязгааргүй найзладаг фэйсбүүк найзынхаа тухай та юу мэдэх вэ? Холыг ойртуулж хоёрыг уулзуулдаг хүндтэй гавьяатай мэт ойлгодог хүмүүс их бий.
Интернэт ашиглан хэрэг үйлдэгч нь нэр усгүй, хуурамч хаяг нээж болдог тул та “10 хүнтэй тогтмол харьцдаг байх уу, заавал 2000 найзтай байх шаардлагатай юу” гэдгээ бодож үзэх хэрэгтэй юм. Тэд эмзэг, өсвөр насны хүүхдийг ангуучилж, интернэтээр хэсүүчилж байдаг. Нэгэнт тавьсан таны зураг, сэтгэгдэл эргээд таных болох ямар ч боломжгүйгээр хил хязгааргүй тархдаг. Устгасан ч интернэтэд мөнх үлддэг гэдгийг бодох хэрэгтэй болов уу.
Харин цаана нь ямар эрсдэл байдаг талаар Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс фэйсбүүктэй холбоотой гарсан 59-н гэмт хэргийг шалгаж байна.
Охид, бүсгүйчүүдтэй фэйсбүүк хуудсаар танилцан харилцаж, улмаар тэдний итгэлийг олж аван, хувийн мэдээлэл, 1075 зургийг хууль бусаар цуглуулж нийтэд дэлгэнэ гэж бэлгийн болон санхүүгийн дарамт үзүүлдэг 16 настай "залуу" цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа юм.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 123 /садар самууныг сурталчилах/, 149 /бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлэх/ дүгээр зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.
Манай улсын 7000 гаруй фэйсбүүк хэрэглэгчийн олонх нь өсвөр насны хүүхдүүд, залуучууд байдаг тухай судалгаа бий.
Өсвөр насны охидыг модель болгоно, клипэнд тоглуулна гэж хууран хувийн мэдээллийг авч, бэлгийн дарамтад оруулсан хэрэг ч бүртгэгджээ. Гэмт хэргийн хохирогчдын дунд охид, эмэгтэйчүүдээс гадна хөвгүүд хүртэл байгаа аж.
Фэйсбүүк ашиглан гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн хоёр нь Монгол Улсын иргэн байгаа бол бусад нь гадаад улсын иргэн байгаа гэнэ. Иймд фэйсбүүкийн хэрэглэгчид үл таних этгээд, ялангуяа гадаад иргэний найзын хүсэлтийг хүлээн авч, танилцан хувийн мэдээллээ солилцохгүй байх хэрэгтэй юм. Цахим гэмт хэрэг үйлдэгчид өөрийн нэр, зургийг худал мэдээлдэг. Тэгэхээр танихгүй эзэнтэй фэйсбүүкийн цаана ямар зорилготой, хэн байгааг мэдэх боломжгүй юм. Иймээс фэйсбүүк найзаасаа сэрэмжлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
М.Болорцэцэг