Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир Монголын морин спорт, уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Ганбаяр нар өчигдөр хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг санамж бичигт хурдан морины уралдаан болон сунгаа бэлтгэлийн үед уралдаанч хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал, сурч боловсрох эрхийг нэн тэргүүнд тавьж, сайн сайхан байдлыг хангах, хууль тогтоомжийг мөрдөн, захиргааны хэмхэмжээний акт, хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлж, ажиллахыг тусгажээ.
Уралдаанч хүүхдүүдийн аюулгүй байдлыг уяачид хангаж ажиллах ёстойг Т.Аубакир сайд сануулж, тэдний эрүүл мэнд, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, өв соёлоо дээдлэн сайхан наадахыг уриалсан юм. Мөн тус яамнаас бүх хороо, сумд ажиллаж буй хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтнаар дамжуулан улсын болон аймаг, сумдын наадмын салбар хороод, комисст шаардлага хүргүүлж, уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд анхаарч ажиллах гэнэ.
Ч.Цэлмэг