Аялал зугаалгын цагаар хүмүүс гэрийн тэжээвэр амьтнаа хаана аюулгүй үлдээж, хэнээр харуулахаа бодож, тархиа “гашилгах” нь элбэг. Энэ асуудлыг шийдэх зорилготой амьтны өдөр өнжүүлэх төв манай улсад цөөнгүй “мэндэлжээ”. Улирлаа дагаад ийм үйлчилгээний эрэлт эрчимтэй нэмэгдэж буй аж.
Тухайлбал, “Propet house”, “SOS small animal clinic and pet salon service”, “Аида”, “Limo the little monster” зэрэг газрыг дурдаж болно. Эдгээр нь өдөр өнжүүлэх төвөөс гадна гэ¬рийн тэжээвэр амьтдын эдлэл, хэрэгслийн дэлгүүр ажиллуулж, салоны үйлчилгээ ч үзүүлдэг байна. Хэрэв та муур, нохойгоо өдөр өнжүүлэх төвд өгч, түр болон удаан хугацаанд харуулахыг хүсвэл хайртай амьтнаа дархлаажуулалт, туулгалтад хамруулсан гэрчилгээ, иддэг хоол, шаардлагатай хэрэгслийнх нь хамт авчрах хэрэгтэй гэнэ. Ингэснээр бусад амьтанд халдварт өвчин тараахаас сэргийлээд зогсохгүй шинэ орчинд дасан зохицоход тустай хэмээлээ.
Өдөр өнжүүлэхэд ирсэн амьтан өдөрт гурван удаа нэг цагаар агаарлах ба бусад үед нь унтаж, нөхөдтэйгөө тоглож өнгөрөөдөг гэнэ. Та тэжээвэр амьтнаа хэдэн ч өдөр харуулах боломжтой. Үнийн хувьд 20 000-60 000 төгрөгийн хооронд хэлбэлздэг аж. Барууны орнуудад гэрийн тэжээвэр амьтан худалдан авах, албан ёсоор гэр бүлийн гишүүнээ болгох нь сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж буй.
Өдөр өнжүүлэх төвөө сонгохдоо үйлчилгээний туршлага, иргэдийн сэтгэгдлийг сайтар шалгаж, эрүүл мэндийн байдал, хооллолтынх нь тухай дэлгэрэнгүй тайлбарлан, яаралтай үед холбоо барих дугаараа үлдээх нь чухал гэнэ. Гэрийн тэжээвэр амьтад эзэдтэйгээ ойр дотно байдаг тул тэднээс хол байгаа үед гутрал, түгшүүр мэдэрдэг байна. Тиймээс шинэ орчинд дасгах, тухайн газарт хэр тав тухтай байгааг нь урьдчилан шалгах хэрэгтэй гэнэ. Харин гэрт нь өөр хэн нэгэн ирж асрах бол амьтдын мэддэг, танил хүн байх нь тохиромжтой гэв.
Д.Хэрлэн