Монгол Улсын Засгийн газар, Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)тай хамтран “Ази, Номхон далайн бүсийн агаарын тээврийг хялбаршуулах форум” буюу FALF-2025 арга хэмжээг энэ сарын 7-8-нд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Уг форум нь Чикагогийн конвенцын есдүгээр хавсралт батлагдсаны 75, Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлогтой. Форумд оролцохоор бүс нутгийн 20 орны хил хамгаалах, гааль, иргэний бүртгэл, агаарын тээврийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага, аж ахуйн нэгж зэргийг төлөөлсөн 100 гаруй мэргэжилтэн ирээд байгаа юм.
Уг уулзалт нь бүс нутгийн хэмжээнд агаарын тээврийн үйл ажиллагааг аюулгүй, үр ашигтай, хялбар болгоход чиглэсэн стратегийн харилцаа, хамтын ажиллагааны талбар болно гэж зохион байгуулагчид онцолж буй юм. Зорчигчийн мэдээлэлтэй холбоотой API, PNR систем, ICAO-ийн “Public key directory” (PKD) буюу хуурамч пасспортын шалгалт, НҮБ-ын “CT travel programme”-ийн хэрэгжилтийн талаар голлон хэлэлцэх гэнэ.
Мөн хиймэл оюун ухаан, автоматжуулалт, хилийн хяналтын ухаалаг шийдлүүдийг агаарын тээвэрт хэрхэн нэвтрүүлэх асуудлаар санал солилцох юм. Форумын хүрээнд бүс нутгийн хэмжээнд тулгамдаж буй сорилтуудыг хөндөхийн зэрэгцээ харилцан туршлага солилцох, дэвшилтэт технологи, хяналт шалгалтын уялдаа холбоог сайжруулах, олон улсын хамтын ажиллагааг шинэ шатанд хүргэхэд анхаарч буйг зохион байгуулагчид нь хэлж байна. Оролцогч талууд ирээдүйн агаарын тээвэр илүү ухаалаг, хүртээмжтэй, найдвартай байх ёстой гэсэн үзэл санаанд санал нэгджээ.
С.Энхжаргал