АНУ-ын Небраска мужийн Омаха хотод өнгөрөгч тавдугаар сард болсон “Berkshire Hathaway” компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын үеэр нэгэн залуу Монголд хэрхэн хөрөнгө оруулагчдыг татаж, эдийн засгийн урсгалаа тэлэх талаар тэрбумтан Уоррен Баффетаас асуусан байдаг. Алдарт хөрөнгө оруулагч Монголын Засгийн газарт хандан нэн түрүүнд валютын ханшаа тогтворжуулахыг, хоёрдугаарт, хөрөнгө оруулагчдад ээлтэй орчин бүрдүүлэхийг мянга мянган хүн цугласан танхимын тайзнаас зөвлөсөн. Өчигдөр эхэлсэн “Монголын эдийн засгийн форум-2025”-ын тайзнаа гарсан хүмүүс ч хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, ил тод, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх, бизнесийн орчныг ээлтэй, хууль, эрх зүйг тогтвортой болгох асуудлыг тэргүүнд эрэмбэлж, дэлхийн тэрбумтны зөвлөгөөг дахин сануулав. 15 дахь удаагийн форумын үндсэн сэдэв, агуулга, уриалга ч бизнесийн орчинд итгэлцлийн бат бөх гүүр бий болгож, хөрөнгө оруулагчдыг айдас, болгоомжлолгүй “алхуулахад” чиглэж байв.
Нэгэн баримт дурдахад, манай улсад 2018-2023 онд гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой 69 маргаан гарчээ. Үүний ердөө 15-ийг нь л шийдсэн бол үлдсэн нь хууль, эрх зүйн, бодлогын ойлгомжгүй, тогтворгүй байдлаас үүдэлтэйгээр “царцчихаж”. Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулагчдын холбогдсон хэрэг, маргааныг шийдвэрлэх үйл явц 2-15 жилээр сунжирч, удааширч байгаа зэрэг нь манай улсад бизнесийн орчин хэр зэрэг эрсдэлтэйг илтгэж буйг судлаачид дурдав. Тэгэхээр бид хөрөнгө оруулагчдад ээлтэй экосистем бий болгох талаар хөндөж ярихаас, хэлэлцэн зөвшилцөхөөс аргагүй юм. Гол нь ярьснаа хэрэгжүүлдэг, зорьсноо ажил хэрэг болгодог байх нь л чухал.
“Монголын эдийн засгийн форум” уламжлал ёсоор салбар хуралдаануудаар өнөөдөр үргэлжилнэ. Өчигдрийн хуралдаан “Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх чиглэл”, “Хөрөнгө оруулагчдын итгэлийг даах нь” сэдвээр эхэлсэн бол уриалга нь “Итгэлцлийг дахин сэргээх нь” байлаа.
Ерөнхий сайд Г.Занданшатар форумыг нээхдээ “Бид хөрөнгө оруулагчдыг урьчхаад урдаггүй, залчхаад заамддаггүй улс орон байх ёстой. “Монгол Улс хөрөнгө оруулагчдад ээлтэй” гэж бид биш, гадаадын иргэд хэлдэг болсон цагт бизнесийн эрүүл орчин биежин бүрдэнэ” гэж хэлэв. Шинэ засаг дан ганц уул уурхайд төвлөрч бус, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлалыг хөгжүүлж, тэргүүлэх чиглэлээ болгохыг зорьж буйг тэрбээр тэмдэглэв.
“Монголын эдийн засгийн форум-2025”-д хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч, бодлого боловсруулагчид болон олон улсын байгууллагын төлөөлөл гадаад, дотоодын нийт 3000 гаруй хүн оролцож байгааг зохион байгуулагчид нь онцлов. Өнгөрсөн жилийн форумын нэгдсэн хуралдааны хөтлөгч, зохицуулагчаар CNN агентлагийн олон улсын бизнесийн сэтгүүлч Ричард Квест ажилласан бол энэ удаа түүний халааг “Эмми”-гийн найман удаагийн шагналт сэтгүүлч Маик Валерио авчээ.
Н.Мишээл