Монголд эдүгээ баян, хоосны ялгаа, тэгш бус байдал хамгийн их гаарсан салбар бол боловсрол. Тэр дундаа ерөнхий боловсролын сургуулиудад тэгш бус байдал бий болоод олон он элээв. Боловсролын хүртээмжгүй байдал яагаад ингэтлээ газар авав гэдгийг нийтээр мэддэг хэрнээ үүнтэй эвлэрсэн нь харамсалтай. Энэ бүхэн боловсрол төлбөртэй болж, хэн дуртай нь үнэ тогтоодог болсонтой шууд холбоотой шүү дээ. Төрийн унхиагүй, харалган бодлого, шийдвэрийн нөгөө талд хувийн хэвшлийнхэн боловсролыг хэдийн бизнес болгож, зөвхөн мөнгөтэй айлын хүүхдүүд л чанартай боловсрол эзэмшдэг харгис нийгмийг бүтээчихсэн.
Өөрөөр хэлбэл, төр, хувийн сургуулиудын ялгаа зааг газар, тэнгэр шиг холдчихлоо. Нөхцөл байдал ийн тартагтаа тулчхаад байхад төр бодлогоор үүнийг хязгаарлаж, өмчийн сургуулиудаа тордохын оронд тэднийг бүр “муужруулах”-аар улайрч байгаа нь гайхмаар. Үүний наад захын жишээ бол Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар (ААНОАТ)-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл юм.УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гаргийн хуралдаанд Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын хамт өргөн мэдүүлсэн төслүүд дотор ААНОАТ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл багтсан. Үүнийг нэр бүхий гишүүд, иргэд, олон нийт эсэргүүцсээр байгаа нь тус хуулийн төсөлд хувийн хэвшлүүд өөрийн хөрөнгөөр сургууль, цэцэрлэг баривал ААНОАТ-ын хөнгөлөлт эдлэхээр тусгасан явдал юм. Мэдээж сургууль, цэцэрлэгийн хүртээмж муу, төр мөнгөгүй нөхцөлд хувийн хэвшилтэй хамтарч ажиллах нь зүйн хэрэг. Гэхдээ тухайн сургууль, цэцэрлэгийг барьж дуусгасны дараа энэ бүхэн төрд ямар ч хамааралгүй болж, хувийнхан бизнесийн зарчмаараа цааш ажиллана гэдгийг манайхан л мэдэхгүй байв гэж. Тиймээс л эл хуулийн төсөл цаанаа ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилтэй, ерөнхий боловсролыг бизнесийн талбар болгочихсон хэсэг бүлэг хүний явуулга гэдгийг ч УИХ-ын зарим гишүүн хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр дурдаж байсан юм.
Үндсэн хуулийн 16.7-д “Монгол Улсын иргэн бүр сурч боловсрох эрхтэй... Төрөөс ерөнхий боловсролыг үнэгүй олгоно” гэсэн эцэг хуулиа хүртэл эрх баригчид ийн зөрчсөөр ирсэн гэсэн үг. Тэгш бус байдлыг өөрсдөө гааруулж, хувийнханд боловсролын салбарыг даатган, арилжчихаад үүндээ ханахгүй, одоо бүр барилга, байгууламжийнх нь зардлыг хүртэл төсвөөс гаргаж, татвараас хөнгөлөх талаар ярьж эхэлсэн нь хүүхдийн эсрэг хийж буй гэмт хэрэг гэж хэлэхэд ч багадахаар байна. Жилийн найман саяас өгсүүлээд 30, 40, 50 сая төгрөгийн төлбөртэй хувийн сургуулиудад улс өнгөрсөн хугацаанд хүүхэд бүрийн тоогоор хувьсах зардал олгож ирсэн. Цаашид ч эл дэмжлэгийг үргэлжлүүлнэ. Бусад татвараас ч үргэлж ангид байдаг хувийн сургууль, цэцэрлэгүүдийг ААНОАТ-аас хүртэл хөнгөлнө гэвэл тэдэнд мөргөж сөгдөн үйлчилсэн хэрэг болох бус уу.
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал “МАН-д социал демократ үзэл баримтлалтай улс төрийн хүчний хувьд хэрэгжүүлэх ёстой чухал бодлогууд гэж бий. Нэн түрүүнд боловсрол бүх нийтэд үнэ төлбөргүй байх ёстой гэдэг бодлогыг эрхэмлэж, дэмжих ёстой. Тэр дундаа сургалтын тэгш, хүртээмжтэй бодлогыг улс, хувийн сургуулиудад адил баримтлах нь бидний үүрэг. Гэтэл намуудын бодлого, үзэл баримтлал ч сүүлийн үед ялгарахаа больж. Хувийн сургуулиудыг энэ мэт бодлогоор дэмжээд л байвал улсынх нь чанар улам унана. Бүгд л сайн багшид хүүхдээ өгнө гэж ярьцгаадаг. Гэтэл тэр чадвартай, сайн багш нарыг чинь хувийн сургуулиуд “түүгээд” дуусаж байгаа шүү дээ. Энэ шударга явдал уу. Улсын сургуулиудын чанар, хүний нөөцийн дутагдал, сургалтын орчин, хүүхдийн тоо зэргээс шалтгаалж иргэд аргагүйн эрхэнд л хүүхдээ хувийн сургуульд оруулж байна. Улсын сургууль чанаргүй, хүч чадалгүй болох механизмыг бид алсуураа ингэж л хийж ирсэн. Тиймээс татвараас хөнгөлөх асуудалд ул суурьтай хандах хэрэгтэй. Хувийн сургуулиуд тэртээ тэргүй аж ахуйн нэгжийн албан татвар, НӨАТ-аас чөлөөлөгдөж буй. Ийм байхад нэмээд ААНОАТ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталбал тэд дахиад л татварын хөнгөлөлт эдэлнэ. Барьсан сургууль, цэцэрлэг нь ч хэзээ ч нийтийн өмч болохгүй” гэсэн юм.
Төсвийн тодотгол дагуулж оруулж ирсэн дээрх хуулийн төсөлд “Өмчийн төрөл үл харгалзан сургууль, цэцэрлэгийн байгууламж барьсан хуулийн этгээдэд татварын хөнгөлөлт эдлүүлнэ” гэсэн заалт тусгасан юм байна. Энэ бол хувийн хэвшлийнхний хулгай, хуудууг нуух гэсэн өнгөлөн далдлалт гэдэгтэй санал нийлэх хүн ч олон байгаа юм. Учир нь улс сургууль, цэцэрлэг бариад татварын хөнгөлөлт эдлэхгүй нь ойлгомжтой. Тэгэхээр энэ бүхэн эцэстээ хувийн сургуулийнханд л зориулсан, тэднийг дэмжих далд бодлого аж. Уг “эсэргүү” бодлого нь зөвхөн барилга, байгууламж шинээр барихаар хязгаарлагдахгүй, тэдгээрийг өргөтгөх, засварлах ажил, дотуур байр, лаборатори, спорт заал, цахим танхим байгуулах, сургалтын хэрэглэгдэхүүн, тавилга, тоног төхөөрөмжөөр хангах, багш, ажилтны сургалт, орон сууц, урамшуулал олгоход хүртэл дэмжлэг үзүүлэх зэрэгт нь татварын хөнгөлөлт эдлэхээр тусгагджээ.
ААНОАТ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эсэргүүцэж, дуугарсан өөр нэг гишүүн бол О.Номинчимэг юм. Тэрбээр “Салбарын яамнаас 2025 оныг боловсролыг дэмжих жил болгон зарласан. Гэвч үүний хүрээнд дорвитой өөрчлөлт, шинэчлэл огт хийхгүй байна. Ерөнхий боловсролын төрийн болон хувийн өмчийн сургуулийн тэгш бус байдлаас үүдсэн сургалтын чанарын асуудал байнга яригдсаар ирсэн. Ийм байтал хувийнханд юм л болбол татварын хөнгөлөлт үзүүлнэ гэх. Энэ бол байж болшгүй зүйл. Үүнийхээ оронд хүүхдүүд 40, 50-иараа шахцалдаад сууж байгаа улсын сургуулиудынхаа анги танхимыг, барилга, байгууламжийг томруул, гурван ээлжийг хал. Яагаад хувийн сургууль, цэцэрлэг рүү хөрөнгө оруулахыг дэмжээд байгаа юм бэ. Нийгмийн тэгш байдлаа хангая гэвэл боловсролын салбараас эхлэх ёстой. Гишүүд төсөв дагуулж янз бүрийн хууль оруулж ирэхээ больё” хэмээсэн.
Тэгвэл Сангийн сайд Б.Жавхлан “ААНОАТ-ын тухай хуулийг өнгөрсөн жилийн есдүгээр сараас хойш хэрэгжүүлж байгаа. Спорт, соёл, бусад нийгмийн салбарт ч гэсэн дандаа л хувийн хэвшлүүд бий. Сургууль, цэцэрлэгийн урсгал зардал төсөвт хэдэн арав дахин ачаалал үүсгэдэг. Хувийн сектор өөрсдөө хөрөнгө оруулаад, урсгал зардлаа хариуцаад явна гэвэл болж байгаа юм биш үү. Сургууль, цэцэрлэг барьчхаад улсад түүнийгээ “шахаад” байвал төр урсгал зардлыг нь цааш нь хариуцаад явахад хүндрэлтэй, бидэнд ямар ч нэмэр болохгүй. Бизнесийн зарчмаа л баримтлах хэрэгтэй” гэсэн байрь суурь илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, Б.Жавхлан хувийн сургуулиудын эрхлэгч нарыг цэцэрлэг барихад нь тусална, барилга, байгууламжаа томсгож, зах зээлээ тэлэхэд нь хоёр гараа өргөөд хөхиүлэн дэмжинэ гээд шууд хэлчихлээ. Улс сургууль, цэцэрлэг барьж хүчрэхгүй, хувийн хэвшлээс худалдаж аваад ч урсгал зардлыг нь дийлэхгүй гэвэл түүн шиг худал зүйл үгүй сэн.
Эрх баригчид ямар шалтгаан, ашиг сонирхлоор төрийн өмчийн сургуулиудыг хэтдээ “залгих”, тэгш бус байдлыг улам “өрдөх” ААНОАТ-ын тухай хуулийн төслийг зүтгүүлээд байгааг ойлгохгүй юм. Цалин хангамж, үнэлгээ, орчин сайтай газар ур чадвартай, туршлагатай хүний нөөц бүрдэх нь ойлгомжтой. Тиймдээ ч өндөр цалин амласан сургуулиуд руу багш нар хэдийн дайжиж, зарим улсын сургуулиудад одоо ч оюутнууд хичээл зааж байгаа нь үнэн шүү дээ. Өнгөрсөн хичээлийн жилд гэхэд 8000 багш дутагдалтай байсан. Өнөө жил энэ тоо хэд болж нэмэгдэхийг таашгүй.
Улсын хэмжээнд жил бүр багш мэргэжлийг 2500 орчим хүн эзэмшдэг. Гэтэл жилд дунджаар 4000 гаруй багш ирэн, яван дутагдсаар л байгаа. Бакалавр зэрэгтэй, мэргэжлийн багш нарыг хүлээсээр байтал эрэлт, нийлүүлэлтийн зөрүү улам л нэмэгдэх төлөвтэй. Хувийн сургуулиудыг улс дэмжсээр байвал эгэл ардын хүүхдүүдэд эцэстээ хичээл заах багш ч олдохоо болино.
Тэгвэл Япон, БНСУ зэрэг өндөр хөгжилтэй орнууд эргээд хувийн сургуулиудаасаа татгалзаж, тэднийг далдуур “хавчих” бодлого баримталж эхэлсэн. Финланд дэлхийн хамгийн аз жаргалтай улсаар найман жил дараалан нэрлэгдсэн гол шалтгаан нь боловсролын системтэй нь холбоотой. Тус улсад хувийн дунд, их сургууль гэж байдаггүй. Боловсрол нь төлбөргүй учраас тэгш бус байдал үүсдэггүй, бүгд ижил гараанаас суралцдаг. Бид ийм л энгийн нийгмийг эрх баригчдаас хүсдэг, харин тэд эсрэгээрээ зүтгэсээр л.