Монголын байгаль орчны иргэний зөвлөлөөс “Алт3” хөтөлбөртэй холбогдуулан өчигдөр мэдээлэл өглөө. Манай улс Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн үр дүнд Монгол Улс газар нутгийнхаа 21 хувийг тусгай хамгаалалтад авсан байдаг. Харин 2030 он гэхэд 30 хувьд хүргэх зорилтыг “Алсын хараа-2050” бодлогын баримт бичигт тусгасан. Гэвч өдгөө хэрэгжүүлэх гэж буй “Алт3” хөтөлбөрийн хүрээнд тусгай хамгаалалтын бүсийг хумьж, хилийн цэсийг өөрчлөх санаачилга гаргасныг Монголын байгаль орчны иргэний зөвлөлийнхөн болон эрдэмтэн, судлаачид эсэргүүцэж байна.
Тус зөвлөлийнхөн тусгай хамгаалалттай газрын хилийн цэсийг хумьж, уул уурхайн зорилгоор өөрчлөх аль ч заалтыг хууль тогтоох түвшинд оруулахгүй байхыг шаардав. Тэд “Олон улсад тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг тэлэх бодлого баримталж байна. Гэтэл манай улсад хязгаарлах тухай ярих боллоо. “Алт-3” хөтөлбөрийн хүрээнд нэмэгдэж буй хилийн цэс өөрчлөх заалт нь ирээдүйд алт, уул уурхайтай холбоотой аливаа газар нутгийг ямар ч хэлбэрээр ашиглах замыг нээж байгаа юм. Энэ нь Богд уулыг суурьшлын бүс болгох, Тост, тосон бумбын газрыг малын бэлчээр, дэд бүтэц байгуулах зориулалтаар ашиглах аюулыг бий болгоно. Ийм атал хадгалж, хамгаалахын оронд ухах гэж улайрах нь арга ядсан бодлого” гэлээ.