Зэсийн экспортын орлого нүүрснийхтэй дүйцэж буй. Тодруулбал, 2025 оны эхний хагас жилд манай улс 2.6 тэрбум ам.долларын 37.8 сая тонн нүүрс экспортолжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс хоёр дахин буурсан үзүүлэлт юм. Түүнчлэн нүүрсний дундаж үнэ 70 ам.доллар болж он гарснаас хойших хамгийн доод түвшиндээ хүрээд байна. Харин ГЕГ-ын статистикт дурдсанчлан зэсийн баяжмалаас 500 сая ам.долларын орлого олсон нь өнгөрсөн сарын хамгийн өндөр дүнтэй экспорт болсон аж. Ийнхүү чулуун нүүрс болон зэсийн хүдэр, баяжмалын эхний хагас жилийн орлогын үзүүлэлт эн тэнцүү болоод буй юм. Зэсийн үнэ энэ онд 10 600 ам.доллар болтлоо өссөн нь түүхэн дээд цэг. 2024 онд “Оюутолгой” компани 1.1 сая тонн, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 690 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон байна.
Энэ долоо хоногийн Засгийн газрын ээлжит бус хуралдааны шийдвэрийгтанилцуулах үеэр “Төсвийн орлого 3.3 их наяд төгрөгөөр тасарсан. Нүүрсний экспортын орлого цаашид 13-30 хувиар буурахаар байна. Үүнээс шалтгаалан ирэх жил эдийн засгийн өсөлт саарах төлөвтэй” хэмээсэн. Энэ бууралтыг нөхөхийн тулд алт, зэсийн экспортод найдахаа шинэ Засгийн газар илэрхийлээд буй ч бүрхэг гэж эдийн засагчид дурдав. Төсвийн орлогын гол бүрэлдэхүүн болох нүүрсний экспортын хэмжээ 2019-2022 оны хооронд төлөвлөсөндөө хүрээгүй юм. Монголын коксжих нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ сүүлийн жилүүдэд дотоодын олборлолтоо эрчимжүүлж, импортоо бууруулах бодлого баримталж эхэлсний зэрэгцээ Гашуунсухайт-Ганцмод боомтын тээвэр, дэд бүтцийн асуудал шийдэгдээгүй хэвээр байгаа нь экспортын хязгаарлалт үүсгэж буй. Мөн дэлхий нийт уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хүрээнд нүүрсний хэрэглээг бууруулж, сэргээгдэх эрчим хүчний бодлогыг баримталж байгаа нь манай улсын нүүрсний экспорт урт хугацаандаа хумигдах нөхцөл болж болзошгүй нь.
Харин зэсийн экспортод цахилгаан автомашин, сэргээгдэх эрчим хүчний дэд бүтэц, батарей үйлдвэрлэлийн тогтвортой өсөлтийн дүн нөлөөлж байгаа ба олон улсын хөрөнгө оруулагчид үүнийг “ногоон шилжилтийн тулгуур түүхий эд” хэмээж буй нь тус бүтээгдэхүүний эдийн засгийн үнэ цэнийг өсгөж байгааг санхүүгийн шинжээчид онцоллоо.
Д.Хүслэн