Монгол Улсын Засгийн газар 2026 онд зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажлын хүрээнд НҮБ-ын Суурин зохицуулагчийн газартай хамтран “Цөлжилттэй тэмцэхэд залуусын оролцоо” сэдэвт үндэсний форумыг Дундговь аймагт зохион байгууллаа. Энэхүү форум 2025 оны 6 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.
Монгол Улсын газар нутгийн 76.9 хувь нь ямар нэг хэмжээгээр цөлжилтөд өртөөд байгаа энэ үед газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээх зорилготой олон улсын болон үндэсний түвшний хөтөлбөр, арга хэмжээнүүдийг шат дараатай хэрэгжүүлж байна.
“Цөлжилттэй тэмцэхэд залуусын оролцоо” үндэсний форум нь залуу малчид, шинжлэх ухааны салбарын төлөөлөл, байгаль орчны манлайлагчдыг нэгтгэн, газрын доройтлыг бууруулах, бэлчээр хамгааллын зохистой шийдэл, арга туршлагаа солилцох, харилцан суралцах боломжийг бүрдүүлэв. Форумын үеэр Монголын уламжлалт нүүдлийн мал аж ахуйн суурь болсон бэлчээрийн доройтолд тулгарч буй сорилтуудыг хөндөн хэлэлцсэн нь онцлог байлаа.
Форумын нээлтэд оролцсон Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун газар нутгийн цөлжилт, газрын доройтлын сөрөг нөлөөг онцлон тэмдэглэж, говийн бүсийн онцлогт тохирсон шийдэл, хамтын ажиллагааны ач холбогдлыг дурдав. Харин COP17 бага хурлын бэлтгэл ажлын албаны дарга, Тусгай үүрэгт элчин сайд Н. Чимгүүндарь ирэх жил болох том арга хэмжээнд монгол залуусын оролцоог нэн чухал болохыг онцлон тэмдэглэв.
Форумд НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиерден, холбогдох яамд, олон улсын байгууллагууд, эрдэм шинжилгээний байгууллага, орон нутгийн 120 орчим төлөөлөгч оролцлоо. Яап ван Хиерден хэлсэн үгэндээ, “Монголчууд газар нутаг, бэлчээр усаа хамгаалах олон зууны арвин их туршлагатай Монголчуудын нүүдлийн мал аж ахуйн уламжлалт мэдлэгийг тээж ирсэн. Ирэх жил болох COP17 бага хурал нь Монгол Улс энэхүү арвин туршлага, улалмжлалдаа түшиглэн газраа нөхөн сэргээх, байгалиа хамгаалах сайн туршлага, ухаанаа дэлхийн дахинд танилцуулах таатай боломжийг нээж байгаа юм” гэж тэмдэглэв.
Мөн форумд оролцогч малчин залуусаа төлөөлж, Дундговь аймгийн Дэрэн сумын залуу малчин Г. Сангидорж уламжлалт мал аж ахуйн шинжлэх ухаан, дэвшилтэт ололтыг нэвтрүүлж, чанарыг дээшлүүлэхийн зэрэгцээ бэлчээр сэргээж, эх дэлхийгээ хайрлахад үе тэнгийнхнээ уриалан дуудлаа.
Форумын хоёр өдрийн турш оролцогчид сэлгэн бэлчээрлэх, газрын менежмент, мал аж ахуйг тогтвортой хөгжүүлэх сайн туршлага, хөрсний чанарыг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох шинэлэг санаачилгуудыг хэлэлцсэн юм. Мөн форумын хүрээнд зохион байгуулсан “Идейтон” тэмцээнд шалгарсан залуус газрын доройтлыг бууруулах шинэлэг, өргөжүүлэн хэрэгжүүлэх боломжтой шийдлүүдээ танилцуулсан нь онцлох үйл явдал боллоо.
Форумын төгсгөлд оролцогч залуус “Бидний амлалт” тунхагыг боловсруулан баталж, COP17 Бэлтгэл ажлын албанд уламжилснаар ногоон, тогтвортой ирээдүйн төлөөх залуусын дуу хоолойг нэгтгэлээ. Түүнчлэн Цөлжилт, гантай тэмцэх олон улсын өдрийг тохиолдуулан Мандалговь хотын цэцэрлэгт хүрээлэнд мод тарьж, газрын доройтлыг бууруулах, говийн бүсийг ногооруулж, хамтын амлалтаа илэрхийлэв.