1945 оны тавдугаар сарын 8-ны орой нацист Герман бууж өгсний баярыг тэмдэглэхээр Лондон хотын гудамжинд цугласан олны дунд Букингемийн ордноос гарсан 18 настай охин ороод явчихжээ. 1985 онд Английн хатан хаан II Элизабет ВВС агентлагийн цэргийн сурвалжлагч Годфри Талботод ярьж буй нь энэ. Тэр орой дүү охин Маргареттайгаа хамт гарсан байна. Европт дайн дууссаныг дуулаад уй гуниг, аймшиг дотор зургаан жил байсан хүмүүс эрх чөлөөтэй болсны баяр бахадлыг үзэж, эдэлж байлаа. Энэ баярыг охид нь хүмүүстэй хуваалцахаас эцэг VI Георг хаан татгалзсангүй, тэднийг гадагшаа гарахыг зөвшөөрсөн аж. Георг хаан тэр өдөр “Хөөрхий тэд нар маань зохих ёсоор ер баярлаж цэнгэж байгаагүй юм” хэмээн тэмдэглэлдээ бичсэн байна. Дөчин жилийн дараа II Элизабет дурсахдаа “Энэ бол миний амьдралд тохиосон хамгийн дурсамжтай шөнийн нэг байсан” гэжээ. Хатан хаан бусдад анзаарагдалгүйгээр олон түмэнтэй нэгдэж, тэдэнд танигдалгүйгээр өнгөрсөн бидний мэдэх дөрвөн тохиолдлын нэг нь энэ байлаа.
1939 онд Дэлхийн II дайн эхлэхэд Элизабет гүнж 13 настай байв. Дайны зургаан жилийн ихэнхийг тэрбээр Виндзорын цамхагт өнгөрөөжээ. 1940 оны аравдугаар сард Лондон болон бусад хотыг нь Германы нисэх хүчин ид бөмбөгдөж байхад гүнж ВВС-гийн радиогоор үг хэлэв. Нацистын агаарын цохилтоос аврахын тулд Умард Америк руу явуулсан хүүхдүүдэд тэрбээр юуны урьд хандсан ч энэ үг илүү өргөн хүрээний сонсогчдод, түүний дотор улсыг нь дайнд татан оруулахын эсрэг байсан америкчуудад зориулсан илгээлт байв. “Гэртээ байгаа хүүхдүүд бид урьдынхаараа гутаж, гунихгүй, эр зоригтой байна. Зоригт усан цэргүүд, байлдагчид, нисгэгчиддээ туслахын тулд бид боломжтой бүхнийг хийхийг чармайна. Аюул, дайны хүнд хүчрийг үүрэхэд бэлэн байна” гэж тэр хэлжээ.
Хааны гэр бүл тэр цагт шийдвэр төгс байхын үлгэрийг үзүүлсэн бөгөөд хоёрын хоёр гүнжээ Англид үлдээснээр британичуудын санаа сэтгэлд дэмжлэг болсон байна. Виндзорын цамхаг Букингемийн ордноос барагцаалбал 35 километр зайд байсан болохоор эгч, дүү хоёр Лондонд ихээхэн ойр, нацистын агаарын дайралтын үед хотын дээр гал утаа суунаглахыг хардаг байв. Тэднийг хоргодох байранд байхад нэгэнтээ цамхгийн дэргэд бөмбөг унажээ. Хожим нь Маргарета гүнж “Дэлбэрэлтийн чимээ сонсогдохоор бидний царай улсхийдэг байж билээ” гэж дурсаж байжээ.
Дайн дуусахаас нэг жилийн өмнө Элизабет 18 нас хүрч, Эмэгтэйчүүдийн корпуст орж, цэргийн дүрэмт хувцас өмсөв. Ирээдүйн хатан хаан армийн мэргэжлийн жолооч, механик болохоор гурван долоо хоног сургалтад хамрагдлаа. 1945 оны тавдугаар сарын 7-нд нацист Герман бууж өгөх баримт бичигт гарын үсэг зурав. Зургаан жил үргэлжилсэн дайн ийн дууслаа. Британи уг дайнд 450 мянган хүнээ алдсаны 67 мянга нь энгийн иргэн байсан аж.
Тавдугаар сарын 8-ныг Европ даяар ялалтын баярын өдөр болгов. Вестминистрийн хийгээд Букингемийн ордноос холгүй Уайтхолл гудамжинд 09.00 цагт Британийн оршин суугчид хэдийн цуглачихсан байв гэж ВВС тэр өдөр мэдээлж байжээ. Британи даяар сүмүүдийн хонх жингэнэж, гудамжнуудад баярлаж хөөрсөн хүмүүсийн дуу хуур цалгиж байв.
Европт дайн нэгэнт дууссаныг Ерөнхий сайд Уинстон Черчелль 15.00 цагт албан ёсоор сонсголоо. “Бид богино хугацаанд ч гэлээ баярлаж хөөрөхийг зөвшөөрч болох ч өмнө минь бэрхшээл, чармайлт хүлээж буйг мартаж болохгүй” гэж тэрбээр хэлсэн байна. Хаан VI Георг ч үг хэлж, Британийн ард түмэнд талархлаа илэрхийлснийг бөмбөгөнд эвдэрч гэмтсэн Букингемийн ордноос дамжуулжээ.
Японыг холбоотнууд ялаагүй байгааг тэд хоёул сануулсан аж. Энэ түүхэн өдрийг хаан болон хатагтайтай хамт тэмдэглэхээр олон мянган хүн цугларсныг ВВС-гийн сурвалжлагч Говард Маршал хэлж байжээ. Тэрбээр ордны ойролцоох байдлыг дүрслэхдээ “Улаан, цагаан, саарал өнгө голлосон хурц өнгийн хувцастай хүмүүсийн цуваа нэгэн цул болж нэгджээ” гэсэн байв. Виктория хатанд зориулж босгосон хөшөөг хүмүүс хүрээлж, хааны гэр бүлийг сайн харах гэж зарим нь хөшөө өөд авирч байлаа. Хааны гэр бүл ордныхоо сэхээвч дээр байн байн гарч ирж, тэгтэл Черчилль ч тэдний хамт байгаа нь харагдав. II Элизабет цугларсан хүмүүсийг сэхээвч дээрээс харж байхдаа тэр дор буй хүмүүстэй сэтгэлээрээ нэгдэж байлаа. Тэрбээр 1985 онд ВВС-гийн сурвалжлагчид “Бид сэхээвчин дээр цаг тутамд зургаан ч удаа гарсан, дараа нь гэрэл чийдэн асаачихсан чинь цугласан хүмүүс яаж баярлаж, хөөрч буйг дүү бид хоёр харж чадахаа байсан. Энэ баярыг нүдээрээ харъя гэж бид эцэг, эхээсээ хүссэн юм. Биднийг хүмүүс таньчих вий хэмээн би айгаад малгайнхаа саравчаар нүүрээ далдлахыг оролдсон. Гэтэл бидэнтэй хамт явсан нэг офицер олон түмний дотор цэргийн дүрэмт хувцсаа зохисгүй өмсөхийг зөвшөөрөөгүй тул малгайгаа зассан” гэж ярьсан байна. Дүү Маргарета нь тэгэхэд 14 настай байж. Зургаан жилийн турш шөнө харанхуй байсны эцэст хүчтэй гэрэлтүүлэгч асахыг харах нь түүний сонирхлыг гойд татаж байв.
1995 онд ВВС-гийн сурвалжлагчид тэрбээр “Бүх юм харанхуй бүрхэг байтал гэнэт хүчтэй гэрэл асаж, бөмбөгөнд эвдэрч хэмхэрсэн ордныг харуулсан. Ээжийн минь цагаан даашинз гялалзаж харагдсан” гэсэн байна. Охид улам цааш явжээ.
“Бие биеэ үл таних хүмүүс гар гараасаа барилцан Уайтолл руу явахад бид хязгааргүй баяр жаргалтай байж билээ” хэмээн талийгаач хатан хаан ярьжээ.
Маргарета Роус “Бид арайхийж урагш ахиж, хүмүүс инээлдэж, уйлалдаж, хашхирч гуугчин огт танихгүй ч тэврэлдэж байв. Бас Латин Америкаас оруулж ирсэн “конга” хэмээх шинэ бүжиг хийж байлаа” гэж намтартаа бичсэн байна. II Элизабетын өөр нэг найз Жин Вудрофф “Бид хүмүүст танигдалгүй явсаар Лондоны хамгийн тансаг зочид буудлуудын нэг рүү яваад орчихов. Биднийг хэн ч анзаараагүй нь хамгийн гайхалтай байж билээ” хэмээн 2006 онд сэтгүүлчид ярьжээ. “Охид зугаацаж яваад буцахдаа Грин-Паркийг өнгөрч ордон руу дөхөж очоод “Хааныг хармаар байна” гэж байдгаараа хашхираад эцэг, эх хоёроо сэхээвчин дээр гарч ирэхийг харсан байна. Хатан хаан болсон хойноо ч II Элизабет хааяа хүмүүс дунд орж, танигдахгүй байж чаддаг байжээ. Вест-Энд театрт нууцаар орж жүжиг үзчихдэг ч байв. Залуудаа тэрбээр дайн дууссаны баярыг тэмдэглэх далимаар гурван ч удаа хүмүүсийн урсгалд орон зугаалж явсан аж.
“Дахиад хүмүүсийн дунд, Трафальгарын талбайд очлоо. 12.30 цагт эцэг, эхээ сэхээвч дээр гарч ирэхийг харлаа. 03.00 цагт унтахаар хэвтэв” гэж 1945 оны тавдугаар сарын 9-нд Элизабет тэмдэглэлдээ бичжээ. Наймдугаар сард хоёр ч удаа нууцаар гадаа гарсан нь Японыг ялсан өдөр байв. Элизабет “Бороо орсноос хүмүүс цөөн байлаа. 02.00 цаг хүртэл дуулалдаад, 03.00 цагт хэвтэв” гэж бичиж байжээ.
77 жилийн дараа II Элизабет хатан хаан 94 настайдаа дайнд ялсан өдрийг тохиолдуулан телевизээр сэтгэлийн утас хөндсөн үг хэлсэн байх юм. 2020 он гарч, Британи “Ковид-19” цар тахалтай учирсан нь Дэлхийн II дайнаас хойших хамгийн бүрхэг, бараан цаг үе байлаа. “Энэ онцгой баярыг хүссэнээрээ тэмдэглэж чадахгүй байгаа нь өнөөдөр төвөгтэй байж болно. Бүгдээрээ гэртээ суугаад сайхан байснаа дурсан санацгаасан нь дээр”. Тэрбээр 1945 онд дайны ялалтын баярыг тэмдэглэсэн тухай ярьжээ. “Орон даяар хуран цугласан хүмүүстэй хамт өнгөрүүлсэн тэр мэдрэмж асар сайхан байсан” гэж II Элизабет хатан хаан хэлсэн байна. 1945 оны тэр нэг мартагдашгүй шөнө хүмүүст танигдахгүй гэхдээ нүүрээ дарж өмсөж байсан бор ногоон өнгөтэй саравчтай малгай талийгаач эцгийнх нь зурагтай хамт ширээн дээр нь байж байв.
Р.Жаргалант