Орхоны хөндийд Шинэ Хархорум хотыг сэргээн байгуулах шийдвэртэй холбогдуулан Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Хэлтгий цагаан нуурыг сэргээх ажлыг Усны газраас гурван жилийн өмнө эхлүүлсэн билээ. Тэгвэл энэ ажлын үр дүнд өдгөө тус нуурын долоон га-д буюу 100 айлын газартай дүйцэхүйц талбайд усан толио үүсээд буйг төсөлд оролцсон инженерүүд мэдээллээ.
Хэлтгий цагаан нуур нь нэгэн цагт манай орны усны сүлжээний гол цэгт тооцогддог байсан ч байгаль, цаг уурын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагааны улмаас ширгээд 20 гаруй жил болжээ. Харин усны мэргэжилтнүүд 2023 оноос тус нуурын гол цутгал болсон Орхон голын усыг нэмэгдүүлэх, урсцын шугам татах ажлуудыг хийснээр одоогийн үр дүнд хүрчээ. Хэлтгий цагаан нуурын талбайд анх энэ сарын 2-нд багахан хэмжээний ус тогтсон бол одоогийн байдлаар дээрх хэмжээний толио үүсээд байна.
Н.Дүүлэн