Эрчим хүчний яам (ЭХЯ)-нд өнгөрсөн пүрэв гарагт ЭЦА-наас нэгжлэг хийж, Дулааны хэлтсийн дарга С.Цэрэнжамцыг албан тушаалаа урвуулсан, хээл хахууль авсан хэрэгт шалгаж эхэллээ. Түүнийг цахилгаан станцын барилга байгууламжийг хүлээн авах Улсын комисст ажиллахдаа бусдад давуу байдал олгож, их хэмжээний хахууль авсан байж болзошгүй хэрэгт буруутгаж байгаа гэнэ.
Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт “Энергосервис монтаж” ХХК 26.9 тэрбум төгрөгийн өртгөөр Дулааны цахилгаан станц барих тендерт шалгарч, улмаар ажлаа бүрэн гүйцэд хийгээгүй ч Улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллуулсан юм байна. Энэ үедээ тус компанийнхан ЭХЯ-ны дээрх хэлтсийн дарга С.Цэрэнжамц, “ДЦС-3” ТӨХК-ийн инженер, “ДЦС-4” ТӨХК-ийн хяналтын инженер В.Ганзориг, Өмнөговь аймгийн Ханбогд сумын ИТХ-ын төлөөлөгч, МАН-ын гишүүн Ц.Сайхандэлгэр зэрэг албан тушаалтанд хахууль өгсөн хэрэгт холбогджээ. ЭЦА-ныхан энэ хэргийг шалгах ажлын хүрээнд С.Цэрэнжамц, Ц.Сайхандэлгэр, В.Ганзориг нарын гэр, албан тасалгаа зэрэгт прокурорын хяналт дор нэгжлэг хийж, эд мөрийн баримтууд хураан авсан гэнэ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар хэрэгт холбогдогчдын нэг нь “Энергосервис монтаж” ХХК-ийнхнаас авсан хахуулийн мөнгөөрөө “Лексус-600” загварын автомашин авсныг битүүмжлээд буй аж.
Эл хэрэгтэй холбоотойгоор “Энергосервис монтаж” ХХК-ийг үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Ц.Тогтохбаатар, гүйцэтгэх захирал Т.Пүрэвдорж нарын гэр, албан өрөөнд нь нэгжлэг хийсэн байна. Улмаар АТГ-т шалгуулахаар хэргийг холбогдогчдын хамт шилжүүлсэн гэнэ. Дээрх хүмүүсийг цагдан хориогүй, хувийн баталгаа авах, хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.